Б.Цогоо дарга аа, Та Үндсэн хуулийн цэцэд хандсан уу

2015/10/27 16:11 897

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан орон нутгийн өмч, сонгуулийн автоматжуулсан иж бүрдэл, Төрийн албаны тухай хуулийн талаар холбогдох албан тушаалтнуудаас асууж тодрууллаа.

МАН-ын дарга М.Энхболд:

"Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийг харахад орон нутгийн өмчийг үндсэндээ алга болгож байгаа юм байна. 1999 онд УИХ-ын 29 дүгээр тогтоол гаргаж тухайн үед ажиллаж байсан орон нутгийн удирдлагууд, намуудын төлөөллүүд санал нэгдсэний үр дүнд орон нутаг өөрийн гэсэн өмчтэй болсон.

Гэтэл 2015 онд Сайханбилэг гэдэг хүн зарим Засаг даргыг дийлэхээ болиод ирэхээрээ орон нутгийг өмчгүй болгох хуулийн төсөл санаачилж байна. Дийлэхгүй болсон Засаг дарга нартай л асуудлаа ярь л даа. Нэг, хоёрхон Засаг даргыг дийлэхгүйгээсээ болоод олон жил эдийн засгийг нааштай, ахицтай болгоход тус дэм болсон өмнөх өмнөх парламентынхаа зөв зүйтэй ажлыг устгаж болохгүй шүү дээ.

 Хоёрдугаарт, сонгуулийн автоматжуулсан системийн иж бүрдэл гэдэг нь санал хураадаг цаасаа л гадаадаас авахыг хэлээд байгаа юм байна. 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуульд хэчнээн төгрөгийн ямар цаас авах гэж байгаа юм бэ? Яагаад СЕХ, Сангийн сайд хоёр Канадаас авах цаасныхаа зардлыг ТӨХ-ноос нуугаад байгаа юм бэ. Хямралтай үед 20, 30 тэрбум төгрөгийн цаас гаднаас авч сонгууль хийж байхын оронд хуучин аргаараа бичгийн цаасан дээр хэвлэж хэсэг, хорооны дарга нар гарын үсэг зурж болохгүй юм уу.

 Гуравдугаарт, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо танд би өмнөх байнгын хорооны хуралдаан дээр Төрийн албаны хууль зөрчигдөөд байгааг сануулсан. Таны хяналт тавьдаг Төрийн албаны тухай хуулийн 38.2-т "Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй" гэж заасан. Цалин хасах Засгийн газрын санал энэ заалтыг зөрчөөд байна шүү дээ. Та Үндсэн хуулийн Цэцэд хандсан уу?" гэлээ.