Өнөөдөр Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдаан нь эвтэй байхдаа үр дүнтэй агуулгын дор МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, Улаанбаатар бүс хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумьяабазар болон тэргүүлэгчид, дүүргийн намын хорооны удирдлагууд оролцсон зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Тодруулбал, улстөрд намрын халуун өдрүүд үргэлжилж, сандал суудлын төлөө хэл ам, хэрүүл тэмцлээр дүүрэн АН-ын зөрчил, тэмцэл туйлдаа хүрч улам даамжирсаар төр засаг, нийгэм, улстөр, эдийн засгийн бүх түвшинд хямран доройтчихоод буй энэ үед сөрөг хүчин болох МАН нэгдэж бүх түвшиндээ ойлголцож байна.
Өнөөдөр болсон энэхүү хуралдаанаар МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Нийслэл, дүүргийн намын хорооны дарга нар ирээдүйн улс орны хөгжил, нийслэл хотын дахин сэргэлтийн талаар шинэ, шинэ санаанууд дэвшүүлж сэтгэл ханамжтай хот, хүнлэг хот, аз жаргалтай хот, иргэдэд ээлтэй Улаанбаатар хотыг хөгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголтод хүрлээ. Дэлхийн хотуудын өндөр хөгжсөн бодлогын үйл явцын талаар ч ярилцлаа.
Монголчууд бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг шиг МАН-ынхан бүх шатандаа зөвлөлдөж цаашдын бодлого төлөвлөгөөгөө боловсруулцгааж байна. Мөн энэхүү хуралдаанаас МАН-ын дарга М.Энхболд дүүргийн намын хороод болон намын анхан шатны байгууллагын үйл ажиллагаа, улстөрийн хариуцлагыг өндөржүүлж, сонгуулийн бэлтгэлийг сайтар хангаж, нэгдсэн нэг удирдлагын дор бодлого үйл ажиллагаагаа нэгтгэн эв нэгдлийг эрхэмлэж ажиллах үүрэг, чиглэлийг нийслэл дүүргийн удирдлагуудад өглөө.
Ямартай ч намын зүгээс нийслэлийг удирдан залж буй энэ том айлд итгэл хүлээлгэсэн нь МАН-ынхан бүгдээрээ зөвлөлдөж бүх түвшинд хүчээ нэгтгэж буйг харууллаа.