М.Энхболд Дарханы асуудлаар Ерөнхий сайдтай уулзжээ

2015/09/29 15:03 1000

МАН-ын арван гишүүн саналаа худалдаж, Засаг даргаа огцруулсан гэв.

Жил гаруйн хугацаанд хэвлэл мэдээлэл, олон нийтийн анхаарлын төвд байсан Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат болон ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн нарыг энэ сарын 15-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Аймгийн ИТХ-аас гаргасан уг шийдвэрийг Ерөнхий сайдад хүргүүлж, Дархан-Уул аймгийн Засаг даргаар А.Энхболдыг батламжилсан юм.

Гэвч экс дарга ИТХ хууль бусаар хуралдаж шийдвэр гаргасан хэмээн үзэж шүүхэд хандсан. Тэрбээр “Миний бие Дархан-Уул аймгийн Засаг даргын албыг хашдаг байсан. 3асаг даргын ажил үүргийн хувиар БНСУ-д ажиллаж байгаад ирэхэд хууль бус шийдвэр гаргасан байсан" хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Тэгвэл энэхүү асуудал Дархан-Уул аймгийн МАН-ын хорооноос хальж, намын Удирдах зөвлөлийн хэмжээнд яригдаж эхэлжээ.

Даваа гарагт тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэвлэлийн бага хурал хийн, “Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчсөн” хэмээн мэдэгдэв. Улмаар үүнээс үүдэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт МАН -ын гишүүд гарын үсэг зурж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм.

Дархан-Уул аймагт өрнөөд буй улс төрийн үйл явцын талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэгвэл МАН-ын дарга М.Энхболд даваа гарагт Ерөнхийн сайдтай уулзан, Дархан-Уул аймагт өрнөөд буй улс төрийн үйл явцын талаар байр сууриа илэрхийлжээ. Үүний өмнө тэрбээр тус аймгаас сонгогдсон Д.Хаянхярваатай уулзан, Дарханд өрнөөд буй үйл явцын талаар мэдээлэл авчээ.

Д.Хаянхярваа энэ талаар “Есдүгээр сарын 15-нд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга нь хурал зарласан. Гэвч цаг гаруй хүлээгээд тэргүүлэгчид ирээгүй учраас хойшлуулсан. Гэтэл түүнийг явсны дараа АН, МАН, МАХН-ын тус бүр гурван тэргүүлэгч бусдыгаа уриалан хурал хийж, улмаар Засаг дарга Д.Насанбат, ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн нарыг огцруулж, оронд нь А.Энхболд, П.Эрдэнэбат нарыг томилох шийдвэрийг гаргасан. Хууль бус хуралдаан учраас Тамгын газрын дарга нь тамгаа өгөөгүй.

Гэтэл түлхүүрийг нь булаан тамгыг нь авсан. Мөн хурлын тогтоол дээрээ тамга биш, тэмдэг дарсан байна. Манай намын 10 орчим төлөөлөгч саналаа худалдаж, уг хуралдаанд оролцсон байсан” хэмээн ярьсан юм.

Харин даваа гарагийн хэвлэлийн бага хурлын үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат "Дархан-Уул аймгийн ИТХ хууль бусаар хуралдаж, Засаг дарга болон ИТХ-ын даргаа огцруулсан. Нэг зүйлийг тодруулахад, энэ оны наймдугаар сарын 31 болон есдүгээр сарын 15-ны өдөр ИТХ хууль бусаар хуралдсан.

Хууль бусаар хурал хуралдуулж, аймгийн Засаг дарга болсон А.Энхболд нь МАН-ын гишүүн биш. Учир нь 2015 оны зургадугаар сарын 9-ний өдөр А.Энхболд болон Р.Эрдэнэбаяр нартай холбоотой гомдол аймгийн намын хорооны Хяналтын хороонд ирсэн. Энэ дагуу Хяналтын хороо шалгаад МАН-ын үндсэн дүрмийн зургадугаар зүйлийн 6.5.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж, тус аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хурлаас дээрх хоёр хүнийг намаас гарсанд тооцсон тогтоолыг гаргаж, холбогдох намын анхан шатны байгууллага болон өөрт нь хүргүүлсэн.

Хүч түрэмгийлсэн, хууль бус хуралдааны шийдвэр гаргасан этгээдүүдийг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байгаа. Шүүхээс наймдугаар сарын 31-ний өдрийн хууль бус 45-49 дүгээр тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн. Ингээд шүүхийн үйл ажиллагаа явагдаж байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хууль зөрчөөд есдүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргыг батламжилсан” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.