Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ

2015/09/17 15:55 990

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал мэндэлсний 99 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Тэрээр тэртээх 1916 оны энэ өдөр Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуунд /өнөөгийн Увс аймгийн Давст сум/ гэр бүлд 11 хүүхэдтэй айлын тав дахь хүүхэд болж төржээ.

Энэ өдөрт зориулан МАН, МАХН-ын удирдлагууд, ард олны төлөөлөл Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд байрлах Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ.

Ю.Цэдэнбал нь амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, ерөнхий сайд, МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байсан юм.

1984 оны наймдугаар сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтгаанаар Ю.Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Батмөнхийг сонгосон. Ю.Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарч байгаад 1991 онд нас барсан. Түүний цогцсыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулсан тухай түүхэнд тэмдэглэн үлдээжээ.

Нас барсных нь дараа Улаанбаатар хотод УДЭТ-ын өмнөх талбайг Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгож байжээ. Мөн Улаанбаатар хотын “Эрэл” дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, Ю.Цэдэнбалын төрсөн нутаг Давст суманд тус тус хөшөөг нь босгож, гэгээн дүрийг нь мөнхжүүлсэн байна.