М.Энхболд дарга Төв аймгийн 27 сумын сургуульд шатрын танхим байгуулна

2015/09/02 22:41 838

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд өчигдөр Төв аймгийн Зуунмод хотын ерөнхий боловсролын “Хүмүүн” цогцолбор сургууль болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.  Хичээлийн шинэ жилээ нээж сургуулийн захирал н.Эрдэнэцэцэг үг хэлсэн юм. 

Тэрбээр хэлсэн үгэндээ тус сургууль нь БСШУЯ-аас хэрэгжүүлж байгаа “Цөм” хөтөлбөрийг хамгийн сайн хэрэгжүүлсэн сургуулиар шалгарсныг дуулгаад өнгөрсөн жил БНСУ-ын сургуулиудтай хамтын ажиллагаа эхлүүлж дөрвөн багш, долоон сурагч тус улсад очиж туршлага судлаад ирснийг хэллээ. “Хүмүүн” цогцолбор сургуульд энэ жил нэгдүгээр ангид шинээр 240 хүүхэд элсэн суралцаж байгаа бол аравдугаар ангид 220, төгсөх арванхоёрдугаар ангид 260 хүүхэд суралцаж байгаа ажээ. УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд нээлтэд оролцож хэлсэн үгэндээ “Есдүгээр сарын нэгэн гэдэг бол хамгийн сайхан баярын өдөр байдаг. 

Тэр дундаа анх нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдийн хувьд үнэхээр сайхан баяр. Энэ жил улсын хэмжээнд 60 гаруй мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд элсэн орж байгаа. Эдгээр хүүхдүүддээ бүгдэд нь та бүхний баяр дээрээс давхар баяр хүргэе. Энэ удаад би танай сургуулийн хичээлийн шинэ жилийн баярт Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувиар ирсэн. Манай Төв аймгаас төр нийгэм, урлаг, спортын олон мундаг хүмүүс төрөн гарсан байдаг. Харин тэднийг өдий зэрэгтэй болгосон хүмүүс нь багш нар маань юм. Тиймээс багш нартаа ч гэсэн баярын мэнд хүргэе. 

Та бүхэн хүмүүжилтэй, боловсролтой, зөв бие хүн бий болгох их ажилдаа улам илүү амжилт гаргаарай” гэсэн юм. М.Энхболд дарга энэ жил Төв аймгийн 27 сумын сургуульд шатрын иж бүрэн танхим нээж өгч байгаагаа энэ үеэр мөн дуулгасан. Үүний эхлэл болгож “Хүмүүн” цогцолборт шатрын кабинет байгуулж байгаа ажээ. Мэдлэгтэй, боловсролтой эх орныхоо ирээдүй болсон боловсон хүчнийг бэлдэхийн тулд боловсролын байгууллагын материаллаг чанарыг дээшлүүлэх нь маш чухал. Тиймдээ ч УИХ-ын дэд дарга тус сургуульд иж бүрэн хоёр ширхэг компьютер бэлэглэснээ баярынх нь өдөр гардуулан өглөө. Нээлтийн үйл ажиллагааны дараагаа “Хүмүүн” цогцолбор сургуулийн цэцэрлэгийн болон бага, ахлах сургуулиудаар орж, сурагч багачуудтай уулзаж баяр хүргээд бэлэг дурсгалын зүйл гардуулан өглөө. Ахлах ангийн хүүхдүүдэд биеэ зөв боловсон авч явж, ёс суртахууны өндөр чадвартай, боловсролтой хүмүүс болон улс орныхоо төлөө ихийг хийхийг хүсэв. Үүний дараагаар УИХ-ын дэд дарга Зуунмод сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нээлтэд оролцлоо. 

Тус төв нь байгуулагдаад 30 гаруй жил болж байгаа бөгөөд 60 гаруй багш, 255 суралцагчтай, нийт төгсөгчдийн дийлэнх нь ажлын байраар хангагдаж чаддаг гэдгийг багш нар хэлж байсан юм. М.Энхболд дарга нээлтэд оролцож үг хэлэхдээ багш, ажилчид, суралцагчдад баярын мэндийг хүргээд “Төр засгаас МСҮТ-д хүүхдүүдийг сургах тал дээр нэлээд чухал ажлуудыг 2008 оноос эхлэн хийж эхэлсэн. МСҮТ-д суралцагчид маань төгсөхдөө монголдоо төдийгүй дэлхийд данстай сайн мэргэжилтэн болж төгсч чадна. Үүний нэг илрэл нь саяхан болсон Ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай нэг залуу токарийн сорилго тэмцээнээс алтан медаль авсан явдал.

Би 2008-2012 оны хооронд Шадар сайдаар ажиллаж байхдаа МСҮТ-ийн чиглэлээр нэлээд ажлыг хийж хэрэгжүүлсэн. Үүний цөхөөн жишээ гэвэл МСҮТ-д суралцагсдыг цалин, урамшуулалтай болгосон. Мөн энэхүү боловсролын салбарт хувийн хэвшлийнхнийг оруулах ёстой гэж үзэж байсан. Одоо манай улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа 76 МСҮТ-ийн тал гаруй хувь нь хувийнх байна. Харин дараагийн нэг том амжилт бол МСҮТ-д суралцагсдын эрэлт, нийлүүлэлтийг нийцүүлсэн явдал” гэв.

 

Монголын мэдээ