МАН-ын дарга М.Энхболд мэдээлэлдээ:
-Улс төрийн намууд бие биенийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чаддаг байх ёстой. АН өнгөрсөн оны 12 дугаар сард МАН-ын бүлэгтэй хамтарч ажиллахаар 5 бүлэгтэй, 20 гаруй асуудлаар гэрээ хийсэн. Хамгийн гол нь эдийн засгийн асуудал байлаа. Эдийн засгийг сэргээх, Монгол Улсын гадаад нэр хүндийг сэргээхийг зорьсон. МАН Эдийн засгийн хүндрэлийг даван туулах 50 орчим заалттай хөтөлбөр боловсруулсан. Нийтдээ 70 орчим заалттай хөтөлбөр батлагдсан. Өмч хувьчлалын асуудлыг хэлэлцсэн. Гадаад өрийг нэмэхгүй байх бодлого баримталсан. Сангийн сайд үүргээ сайн биелүүлсэн. Өрийн босго ДНБ-ий 58.3 хувьд хүрсэн байлаа. Тиймээс энэ хэмжээнд нь Өрийн удирлагын хуулийг баталсан байгаа.
Оюутолгой, Тавантолгойн төслийг олон түмэнд ил тод, парламетын хяналтын дор одоогийн нөхцөл байдлыг муутгахгүйгээр урагш ахиулах арга хэмжээг хамтарч ажилласны үр дүнд авч хэрэгжүүлнэ гэдэг гэрээ байгуулсан. Харамсалтай нь энэ хоёр төслийн аль аль нь ахиц, өөрчлөлт гарч урагшилсангүй. Хариуцаж байгаа салбар нь ч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын хандлага ч үүнд хариуцлагагүй хандлаа.
Тавантолгойн гэрээний төслийг Засгийн газар байгуулсан. Энэ төслийг парламентаар хэлэлцүүлж, цааш нь явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Гэвч УИХ-ын дарга уг төслийг хэлэлцүүлэх биш түгжих, удаах, гацаах бодлого барьж байжээ.
Оюутолгойн гэрээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Ерөнхий сайд Дубайд очиж гарын үсэг зурсан. ҮАБЗ-ийн хурал дээр Ерөнхий сайдад хандан “МАН-ын бүлэгт Оюутолгойн гэрээний талаар танилцуулаарай гэж хэлсэн. УИХ-ын дарга ч МАН-ын даргад танилцуулах нь зүйтэй гэж байсан. Харамсалтай нь МАН-ын бүлэгт танилцуулалгүйгээр гарын үсэг зурсан. Дараагаар нь тодруулга авах гэж Ерөнхий сайдад хандсан ч хариу аваагүй. Өнөөдөр ямар зүйл дээр гарын үсэг зурсныг нарийвчлан мэдэж чадаагүй байна. Ажил урагшаа ахиагүй байгаа.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг татаж аваад, хоёр талаас ажлын хэсэг байгуулж хэлэлцэн дахин УИХ-д өргөн барина гэж байсан. Гэвч Засгийн газар энэ хуулийн төслийг хэлэлцээд өргөн барьж байна. Бид бизнесийн байгууллагуудын өмч хөрөнгөө ил болгох, үйлдвэрлэл үйлчилгээг өргөтөх асуудлыг дэмжиж байгаа. Харин ХОМ мэдүүлдэг төрийн өндөр албан тушаалтнуудын нуусан хаасан өмч хөрөнгийг ил гаргахыг эсэргүүцэж байна. Энэ хуулийг хамтарч боловсруулах байсан хэдий ч АН гэрээг зөрчсөн.
Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг өнгөрсөн долдугаар сарын нэгэн гэхэд батална гэж гэрээнд заасан боловч АН-ын гишүүн ажлын хэсгийн ахлагч нар өнөөг хүртэл УИХ-д өргөн бариагүй. Улс төрийн намын тухай хуулийн төслийг мөн өргөн баригдаагүй байгаатай холбогдуулаад Ерөнхийлөгч санаачлан боловсруулж байна.
Бид амаа үдүүлнэ гэж хамтраагүй. Зөв зүйлийг дэмжинэ, буруу зүйлийг засна гэж хамтарсан. Хамтарч ажилласан найман сарын хугацаанд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг л эсэргүүцсэн.
МАН-аас томилогдсон сайд төрийн албаны халаа сэлгээ хийсэн гэж шүүмжилж байгаа. ЗТЯ-нд 24, БХБЯ-нд 28, Хөдөлмөрийн яаманд 48 хүн л ажилд шинээр томилогджээ. АН-ын гишүүн сайдтай байгаад дараагийн АН-ын сайд томилогдсон бусад яаманд 31-35 хүн шинээр томилогджээ. Хөдөлмөрийн яам, түүний салбар харъяа байгууллага системээрээ үүрэг гүйцэтгэгч төрийн албан хаагч байсан. Энэ алдааг зассан. МАН-аас томилогдсон сайд нар хуулийн хүрээнд ажилласан. Гэрээнд үнэн бодит дүгнэлт хийх ёстой АН хариуцлагагүй ажиллалаа. Гэрээгээ үнэн бодитой дүгнэхээс зайлсхийлээ.
Цаашлаад АН-ын дарга, УИХ-ын дарга УИХ-ын гишүүний үгийг ч хэлүүлэхгүй “надад таалагдахгүй байна” гэж хэлээд микрофоныг нь хааж байна. Энэ бүх байдалд бид дүгнэлт хийж байна, ард түмэн ч бас дүгнэлт хийх байх гэлээ.
Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-УИХ-ын гишүүн Н.Батбаяр “МАН Ч.Сайханбилэгийг огцруулах гээд байгаа учир бид дотроосоо сайд нараа томилох гэж шийдсэн” гэсэн зүйл ярьсан. Сүүлийн өдрүүдэд МАН-ын УИХ-ын гишүүдийн амнаас Засгийн газраас огцруулахтай холбогдуулж ярьсан зүйл хэлсэн үг нэг ч байхгүй. Өчигдөр манай намын дүгнэлтийг бүлгийн дарга С.Бямбацогт уншиж танилцуулсан. “Бид энэ Засгийн газарт цаашдаа зөв зүйл дээр нь ташуур болж, буруу зүйл дээр нь хазаар болж ажиллана. Дараагийн томилогдох сайд нараа түргэн оруулж ир“ гэсэн. Дараагийн сайд нарыг нь бид дэмжиж, томилж өгнө. Харин сайн хүн орж ирээсэй. Ер нь УИХ-ын гишүүд нь өөрсдөө сайд болохын тулд “Бид сайд болмоор байна” гэнэ биз. Огт юм яриагүй байгаа МАН-аар шалтаг шалтгаан болгож байгаа нь уйваагүй явдал.