Сонгуулийн өмнөх жил учир үлдэж байгаа цаг хугацаа үнэтэй

2015/12/25 20:13 2443

МАН-ын удирдах ажилтны улсын зөвлөгөөн Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. “Бид хамтдаа” уриан дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн зөвлөгөөнд 21 аймаг, 330 сум, Нийслэлийн есөн дүүргийн 700 гаруй намын удирдах ажилтнууд оролцож байна. Зөвлөгөөнийг нээж МАН-ын дарга М.Энхболд үг хэлсэн бөгөөд тусгайлан бэлтгэсэн илтгэлүүдээр үргэлжиллээ.

Намын бодлого шийдвэр, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонссон үр дүнтэй зөвлөгөөн болж буйг орон нутгаас ирсэн төлөөлөгчид онцолж байв. Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболдоос дараах тодруулгыг авлаа.

 

- Энэ удаагийн Удирдах ажилтнуудын зөвлөгөөнөөр ямар асуудлуудыг  онцлон хөндөж байгаа вэ?

МАН-ын орон нутагт ажиллаж байгаа анхан шатны байгууллагуудын төлөөлөл оролцсон 750 хүний бүрэлдэхүүнтэй Удирдах ажилтны зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр улс орны эдийн засаг, нийгмийн байдалд тодорхой дүгнэлт өгөх, ирэх 2016 онд болох УИХ, орон нутгийн сонгуулийн ажлыг хангах талаар болон намын дотоод  асуудлуудыг ярилцлаа.

Мөн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэрхэн бэлдэж, иргэдийн саналыг хэрхэн авах уу, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай  хэрхэн хамтарч ажиллах уу зэрэг олон чухал асуудлуудыг хөндөж байна. МАН-ын хувьд жил бүр Удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулдаг уламжлалтай. Сонгуулийн өмнөх жил учир үлдэж байгаа цаг хугацаа үнэтэй байна. Тиймээс сонгуулийн бэлтгэлийг хангахаар тодорхой ажлуудыг хэрэгжүүлж ажиллах ёстой.

- МАН 2016 оны УИХ-ын сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй оролцохоор төлөвлөж байна?

Сонгуульд оролцоход мөрийн хөтөлбөр хамгийн чухал. Өнөөдөр Монголын улстөр, эдийн засаг, нийгмийн байдалд дүгнэлт өгч ямар мөрийн хөтөлбөрийг улс орны хэмжээнд хэрэгжүүлж чадвал эдийн засаг өсч ямар боломж бүрдэж иргэдийн амьдрал хэрхэн дээшлэх үү гэх мэт асуудалд ач холбогдол өгнө. Нөгөөтэйгүүр сонгуульд нөлөөлөх гол хүчин зүйл бол нэр дэвшигчийн тухай асуудал юм. Бид өнөөдрөөс эхлээд орон нутаг болон УИХ-ын сонгуульд хэний нэрийг дэвшүүлбэл олон түмний саналыг авах боломж бүрдэх вэ гэдэгт анхаарч байна. Бүтэхгүй зүйлээр хий амлах биш тодорхой ажлыг хийж, хэрэгжүүлж байж олон түмний итгэл найдварыг эргүүлж авах ёстой гэсэн үүднээс нэр дэвшигчдийг сонгон шалгаруулахад намын бүх шатны байгууллагуудад тодорхой зөвлөгөө чиглэлүүдийг өгч байна.

УИХ-ын сонгуульд хэний нэрийг дэвшүүлбэл олон түмний саналыг авах боломж бүрдэх вэ гэдэгт анхаарч байна.

 

Mass.mn