Хөвсгөл аймагт “Бид хамтдаа” аяны нээлтийг хийлээ

2015/07/09 11:00 1059

Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист Ардын нам ард түмэнтэйгээ хамтдаа байх их утгыг тээсэн “Бид хамтдаа” аяны нээлтийг Хөвсгөл аймагт амжилттай хийлээ.

Аяны нээлтийн үйл ажиллагаанд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, нарийн бичгийн дарга Х.Булгантуяа болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг өвөг дээдсийн маань мэргэн үг бий. Олон түмний маань санаа бодол, захиас даалгавар зэмлэл шүүмжлэл, МАН-ын алдаа оноог тэгшитгэж, их зөв үйлсийн төлөөх зүтгэлд нь ташуур болно гэж итгэж “Бид хамтдаа” аяныг орон даяар өрнүүлж байгаа билээ. Тиймээс МАН-ын удирдлагууд 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 152 хороогоор орж иргэдтэй уулзаж, тэдний амьдралд тулгарч байгаа бэрхшээлийг сонсч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах юм.

Энэ хүрээнд Хөвсгөлийн иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо. Нээлтийн үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бодитой мэдээллийг өгсөн юм. Тодруулбал, Ардын нам албан тушаалаар амаа үдүүлж, АН-ын хийж байгаа болж, бүтэхгүй ажлыг хамгаалж, өмгөөлж чадахгүй гэдгээ хэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд авсан Чингис, Самурай, Хөгжлийн банкны санхүүжилт иргэдийн амьдралд наалдаагүйг дурдаж, үүнтэй холбоотойгоор олон улсын зах зээлд Монголын зээлжих зэрэглэл буурсан үзүүлэлттэй байна гэсэн юм.