УИХ-ын дарга М.Энхболдын гаргасан зарчмын зөрүүтэй санал гишүүдийн 72.7 хувийн дэмжлэг авлаа

2019/01/23 11:20 2560

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн ахалж ажиллажээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, дүрмийн төслийн “Нийтлэг үндэслэл” гэсэн нэг дэх хэсгийн 1.5 дахь заалтын “Зөвлөл үйл ажиллагаагаа бие даан явуулах нөхцөлийг хангахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ” гэснийг, мөн 2.1 дэх дэд заалтын “төрийн албан хаагчийг хууль тогтоомжийн дагуу шагнаж урамшуулах” гэснийг тус тус хасахаар тогтов.

Дараа нь  Улсын  Их Хурлын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай”,  мөн Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. 

Эцэст нь  “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.  “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалын зэрэглэл”-ийг Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоолоор шинэчлэн баталсныг одоо мөрдөж байгаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргасан юм. “Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгтт бэлтгэх явцад байнгын хорооны ажлын хэсгээс тогтоолын төслийн хавсралтын ТӨ-IY гэсэн баганын улс төрийн албан хаагч” гэсэн хэсэгт “Монгол Улсын Шадар сайд” гэж нэмэх санал гаргасан нь дэмжигдээгүй.

Харин  УИХ-ын дарга М.Энхболд:

-Монгол Улсын Шадар сайд гэдэг албан тушаалын эрхлэх асуудлын хүрээ нь Засгийн газар бүр дээр өөр өөр байдаг. Гэхдээ хөдөлшгүй үүрэг нь Ерөнхий сайдын эзгүйд орлодог. Аливаа ажлын хэсэг байгуулахад Шадар сайд түүнийг ахалж байгуулдаг амьдралын практик бий. Би хэн нэг хүнийг бодоод энэ албан тушаалыг дээш нь татах гэсэн зүйлгүй. Хууль тогтоох байгууллагын тэргүүн, Ерөнхий сайд хоёр ТӨ-II, УИХ-ын дэд дарга, Шадар сайд хоёр ТӨ-III-т байгааг. Энэ хоёр байгууллагын дэд, орлогч дарга нар ажлаа гүйцэтгээд явахад гишүүдээс нэг шатлалаас дээгүүр байх нь зөв.  Ажлын хэсгийн саналыг дэмжихгүй, миний саналыг дэмжиж өгөөч гэж хүсч байна гэлээ.

Үндсэн хуулинд “Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ” гэсэн. Засгийн газрын хуулинд “Ерөнхий сайдын эзгүйд Шадар сайд гүйцэтгэнэ” гэсэн байдаг” гэлээ.  

Мөн тогтоолын төслийн хавсралтын ТӨ-IYА баганын төрийн тусгай алба хаагч гэсэн хэсэгт Монголбанкны ерөнхийлөгч гэж нэмэх, хавсралтын ТӨ-YI баганын захиргааны албан тушаал гэсэн хэсэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, ТӨ-YIА баганын төрийн тусгай алба хаагч гэсэн хэсэгт Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч гэж тус тус нэмэхээр боллоо.