УИХ-ын дарга М.Энхболд Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав агсантай салах ёс гүйцэтгэх үйл ажиллагаанд оролцож, эмгэнэл илэрхийллээ

2018/12/24 11:40 1962

Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Шаравын Сүрэнжав 2018 оны арванхоёрдугаар сарын 18-нд мөнх бусыг үзэж, гэр бүл, үр ач, ахан дүүс нь төдийгүй Монголын ард түмэн түүнийг энэ өдрүүдэд эмгэнэн дурсаж байна.

“Ерэн баатрын дууль”, “Багш”, “Би тэнгэрийн хүү”, “Миний Монгол”, “Ард Монгол”, “Гар” зэрэг иргэний утга уянгын шүлэг найраглал хийгээд “Хэрлэнгийн барьяа” роман, “Амьд явбал нэгийг үзнэ”, “Мартаж болшгүй он жилүүд”, “Долгионт жилүүдийн туужис” зэрэг эсээ дурсамж, эрийн гурван наадмын тухай өгүүлсэн “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” уран сайхны кино зэрэг бүтээлээрээ олон түмний хүндлэлийг хүлээж, хайрлуулсан Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Ш.Сүрэнжав агсантай салах ёс гүйцэтгэх үйл ажиллагааг өнөөдөр /2018.12.24/ Соёлын төв өргөөнд зохион байгуулж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд  тэргүүтэй улс төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцон, гэр бүл, үр ач, ахан дүүст нь гүн эмгэнэл илэрхийллээ.

Шаравын Сүрэнжав 1938 онд Төв аймгийн Авдарбаян суманд төрсөн, 1972 онд "Нутгийн цэнхэр уулс" номоороо МЗЭ-ийн шагнал, 1988 онд "Ерэн баатрын дууль", "Багш" найраглалаараа Төрийн шагнал хүртэн, 1999 онд Ардын уран зохиолч болж, 2001 онд Донровын Намдагийн нэрэмжит шагналын эзэн болсон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.