Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр (2018.12.08) орон даяар нэгэн зэрэг эхэллээ.
Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын “HUB Инновацийн төв”-д болж буй нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, УИХ-ын Тамгын газрын референт, шатрын спортын олон улсын шүүгч Г.Алтан-Оч, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар болон албаны бусад хүмүүс, шатар сонирхогчид оролцов.
Тэмцээнийг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан олон арга хэмжээ зохион байгуулдаг. Үүний нэг нь Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү шатар сонирхогчдын тэмцээн юм. Энэ удаагийн тэмцээний хагас шигшээ тоглолт өвлийн дунд сарын шинийн нэгэн буюу балжиннямтай билэгт сайн өдөр эхэлж байгаа нь билэгшээлтэй байна. Тэмцээнийг анхан шатнаас нь буюу сум, дүүргийн аварга шалгаруулахаас эхлэн амжилттай зохион байгуулж байгаа аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын шатрын холбоонд талархал илэрхийлье. Нийслэлийн шатарчид Та бүхэн оюуны спортыг хөгжүүлж, залуу хойч үедээ уламжлан үлдээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг хэлмээр байна. Өмнөх жилүүдэд тэмцээнд түрүүлсэн аварга шатарчинд спортын дэд мастер цол олгодог байсан. Энэ жилийн тэмцээнд медаль хүртсэн эрэгтэй 3, эмэгтэй 3 шатарчинд дээрх цолыг олгохоос гадна шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгоно. Бүгдээрээ амжилттай оролцож, тэрхүү эрхийг авах тамирчин энэ танхимаас тодрох болтугай гэж ерөөе” гэлээ.
Ийнхүү нийслэлийн долоон дүүргээс шалгарсан эрэгтэй 55, эмэгтэй 25 шатарчин нийслэлийн аваргын төлөө өрсөлдөж эхэллээ. Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн хоёр өдрийн турш үргэлжилж, аваргуудаа тодруулна. Энэ жилийн тэмцээнд Багахангай, Багануур дүүргээс шатарчид оролцоогүй ажээ.
Аймаг, нийслэлийн аваргаар шалгарсан шатарчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авна. Уг тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 2100-аас дээш гараагүй сонирхогчид оролцож байгаа бөгөөд хамгийн ахмад шатарчин Чингэлтэй дүүргээс оролцож байгаа 72 настай Р.Доржмаа гуай юм.
Хагас шигшээгээс шалгарсан шатарчид 2019 оны 01 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд Төрийн ордонд болох Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдөнө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.