УИХ-ын дарга М.Энхболд Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Гомбожавын Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойд мэндчилгээ илгээлээ

2018/12/06 10:25 3060

УИХ-ын даргын Улс төрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Гомбожавын Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойн хүндэтгэл ёслолын үйл ажиллагаанд оролцож, УИХ-ын даргын мэндчилгээг уламжиллаа.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

ДАРГА М.ЭНХБОЛДЫН МЭНДЧИЛГЭЭ

 

Дэлгэр Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист  соёл урлагийг түгээн дэлгэрүүлж, улс эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх их үйлсэд соёл, урлагийн хүч нөлөө, ая зохицол, жүжиглэх эрдмийг дайчлан ажиллаж байгаа тайзны урлагийн төлөөлөл, нэрт жүжигчний үр хойч, залгамжлагч болсон Та бүхэндээ биет амьдрал үзэгдлийг уран сайхны аргаар найруулан, үйл явдлын зүй холбоог ихэд далайцтай, гүнзгий дэлгэрээр гарган, түүнийг ард түмний эгээрэл хүслэн, түүхийг үзэх үзлийн үүднээс дүрслэн хөтлөх их үйлс тань дэвжин дээшилж байхын ерөөлийг өөрийн болон УИХ-ын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.

Эрт дээр үеэс Монголчууд бөө мөргөлийн дэг, найр хуримын ёс, туульс хайлах урлагаар дамжуулан тайз дэлгэцийн  урлагийг бий болгох үр хөврөлүүдийг бий болгосоор 19-р дүгээр зууны эх гэхэд ардын театрчилсан тоглолт, нэг жүжигчний театрчилсан төрөл, шашны театрын хэлбэрээс хальж, мэргэжлийн театрын эх үндэс тавигдаж, Данзанравжаагийн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, зохиол, найруулга, жүжигчид, тайз засалчид, хөгжимчид, дохиочид зэрэг нарийн бүтэц, мэргэжлийн тодорхой түвшинд хүрсэн театртай болсон тухай түүхийн судалгаанд өгүүлжээ.

Ард түмний хайр бахархлыг хүлээсэн Гомбожавын Гомбосүрэн нь суу билэг төгс нэрт жүжигчин, энэхүү театрын урлагийн тайзнаас төрөн гарсан монгол төрийн гавьяа зүтгэлтэн юм. 1942 оноос эхлүүлсэн соёл урлагийн хичээл зүтгэл нь Г.Гомбосүрэн гуайг Монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд тод хоногшиж үлдээснийг дурдах нь илүүц бизээ.

Соёлын үйл ажиллагаагаар дамжуулан Үндсэн хуульт ёс, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, нэрт жүжигчний гавьяат үйлсийг үргэлжлүүлэн хөтлөх та бүхний хичээл зүтгэл улам өрнүүн байж, эх орондоо тааваар аз жаргалтай амьдрах иргэн бүрийн сэтгэл, зүрхэнд соёлын өвийг сорчлон хүргэнэ гэдэгт гүнээ итгэж байна.

 Нэрт жүжигчин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Гомбожавын Гомбосүрэнгийн гэр бүлийнхэнд аз жаргал хүсье.

 

УИХ-ын дарга  М. Энхболд