Улс тунхагласны 94 жилийн ойн өдөрт зориулан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2018/11/26 18:22 495

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа зарлан тунхагласны 94 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон УИХ-ын Тамгын газрын ажилтнууд өнөөдөр (2018.11.26) жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Өдгөөгөөс 94 жилийн тэртээ 1924 оны намар, өвлийн заагаар Монгол нутгийн өнцөг булан бүрээс 77 төлөөлөгч Нийслэл хүрээнд цуглаж, Улсын анхдугаар Их хурлаа хуралдуулсан түүхтэй. Тус Их хурлаар олон чухал асуудлыг хэлэлцэн баталсны дотор анхны Үндсэн хуулиа баталж, хаант засаг, хамжлагат ёсыг халан, төрийн эрх барих дээд байгууллагаа ард иргэд нь сонгуулиар бүрдүүлдэг Бүгд Найрамдах засаглалыг сонгосноо зарлан тунхагласан юм.

Энэ бол XX зууны Монголын түүхэнд тохиосон онцгой чухал түүхэн үйл явдал байсан билээ.

Шинэ Үндсэн хуульд ард олны сонгох, сонгогдох эрхийг албан ёсоор хуульчилж, Монголын газар шороо, эрдэнэс баялаг нь ард түмний өмч мөн хэмээн зарлаж, угсаа гарал, шашин шүтлэг, нас хүйс үл ялгаварлан иргэддээ адил эрхийг эдлүүлэх, эвлэлдэн нэгдэх, эрдэм боловсролд суралцах гэх мэт улс төрийн ардчилсан тогтолцооны үндэс суурийг тавьсан билээ.

УИХ-ын дарга М.Энхболд ард иргэддээ хандаж дэвшүүлсэн мэндчилгээндээ, “Төв Азид монгол угсааны нүүдэлчдийн байгуулсан төр улс, Хүннүгийн түүх 2227 жилийн тэртээгээс тоологддог. Монголчуудын хоёр мянганаар өртөөлсөн Их түүхийн хуудсанд засгийн эрхийг ард түмэнд өгч, үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлсэн энэ алхам онцгой тод бичигдэн үлдсэн юм. Энэ үйл явдал нь туурга тусгаар улсаа байгуулж, улс үндэстнээ сэргээн мандуулахын төлөөх 1911, 1921 оны үндэсний хувьсгалын ялалтын шууд тусгал байсан гэж хэлж болно. 

Өнгөрсөн 90 гаруй жилийн хугацаанд монгол түмний олсон ололт, хүрсэн амжилт, хөгжил дэвшил чухамхүү энэ түүхэн сонголтоос эхтэй билээ.

Тиймээс энэ өдрийг Монголоор овоглодог, Монголоороо омогшдог иргэн бүхэн дээдлэн хүндэлж, бахархан тэмдэглэж байх учиртай.

Анхдугаар Үндсэн хуулиар хамжлагат ёсыг халж, газрын дээрх, доорх бүх баялаг ард түмний өмч болохыг зарлаж, иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулан, эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхийг олгох зэрэг нийгмийг ардчилах нэн чухал асуудлуудыг хуульчлан тогтоосон билээ.

Түүний дотор “БНМАУ-ын дээд эрхийг Улсын Их Хуралд хадгалах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулбал зохино” хэмээн тусгаж, орчин үеийн парламентын засаглалын эхлэлийг тавьсан бөгөөд төрийн эрх барих, хууль тогтоох дээд эрх өнөөгийн байнгын ажиллагаатай парламент - Улсын Их Хуралд уламжлан хадгалагдаж байна.

Цаашид хэн нэг хүний дур зоргоор биш, олноороо хэлэлцэн зөвшилцөж, шүүн тунгааж шийдвэр гаргадаг төлөөллийн ардчиллын сонгодог хэлбэр болох парламентын засаглалаа улам боловсронгуй болгон бэхжүүлэх нь ардчилсан ололтоо хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг ямагт дээдлэх, аливаа дарангуйлал, цөөнхийн засаглалаас ангид байж, иргэний ардчилсан нийгэм байгуулах Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

Монголын төр, засаг ард түмэнтэйгээ ямагт хамт байж, өөдрөг гэгээн ирээдүй, нийгмийн хөгжил дэвшилд хүрэх хүндэт үүргээ гүнээ ухамсарлаж, өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно” хэмээн онцолсон юм.

Улс тунхагласны 94 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр13.00 цагаас “Спортын төв ордон”-д эхэллээ.

Бөхийн барилдааныг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон үг хэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн болон албаны бусад хүмүүс байлцав. Улс тунхагласны ойн барилдаан нь Улсын их баяр наадам, Цагаан сарын барилдааны дараа орохуйц өндөр чансаатай бөгөөд 1990 оноос хойш зохион байгуулж байна. Уг барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу зургаан удаа түрүүлж байсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.