Ерөнхийлөгчийн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоолуудад бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ

2018/11/24 12:53 470

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.11.23) үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг үргэлжлүүлэн сонсох байсан ч Сангийн сайд болон Засгийн газрын  холбогдох гишүүд хүрэлцэн ирээгүй тул уг асуудлыг дахин хойшлууллаа. 

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулиуд болон холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолуудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Хууль зүйн байнгын хороо 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. 


Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авснаар улс орны хэмжээнд ихээхэн эрсдэл үүсч болзошгүй бөгөөд цалин, тэтгэвэр, тэтгэмж, төсөвт байгууллагуудын санхүүжилт, төсвийн хөрөнгө оруулалт бүрэн зогсох, ингэснээр эдийн засаг, нийгэмд ноцтой үр дагавар үүснэ гэдгийг онцлов. 

Мөн,  холбогдох хууль, УИХ-ын тогтоолууд нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан дараахь тусгай шаардлагуудыг хангасан гэж гишүүдийн олонх үзжээ. 

Нэгдүгээрт, Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцохоор заасан бөгөөд 2019-2020 онд нэг тонн цэвэр зэсийн үнэ 5000-8000 ам.долларын хооронд хэлбэлзэнэ гэсэн олон улсын судалгааны байгууллагын тооцоолол болон эдийн засгийн бусад үзүүлэлтийг үндэслэн 2019 оны нэгдсэн төсөвт нэг тонн цэвэр зэсийн үнийг 6222 ам.доллар байхаар тооцсон байна.

Хоёрдугаарт, Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн ДНБ-ий хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байхаар хуульчилсан хэдий ч уг заалтыг 2023 оноос дагаж мөрдөх бөгөөд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.9 дэх хэсэгт 2019 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь хэмжээг 6.9 хувиас хэтрүүлэхгүй гэж заасны дагуу 1.5 хувиар бага буюу 5.4 хувь байхаар тооцсон байна.

Гуравдугаарт, Тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн хувь, тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий нийт бүтээгдэхүүний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх гэж заасан бөгөөд 2019 оны улсын нэгдсэн төсвийн өсөлтийн хувийг 20.1 хувьтай байхаар тооцсон нь 2007-2018 онд эрдэс баялгийн ДНБ-ий өсөлт болох 20.5 хувиас бага байгаа юм.

Дөрөвдүгээрт, Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухай жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй байх гэж заасан бөгөөд 2019 онд Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдлийг 54 хувь байхаар тооцсон байна. Иймд Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн 80 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд танилцуулгадаа дурдлаа.

    Төсвийн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 16, 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулав.

    Монгол Улсын Их Хурлаас 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хууль болон хамт батлагдсан холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолуудад Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд улс орны хөгжлийн бодлогод нийцээгүй, олон асуудлыг тусгаж баталсан нь хуулийг шинээр боловсруулан, Улсын Их Хурал дахин хэлэлцэж, батлах шаардлага үүсч байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 75.0. хувь нь хүлээн авах боломжгүй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулгадаа дурдлаа. 

Мөн тэрбээр, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн тул  “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан бөгөөд уг тогтоолын төсөлд “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах экспортод чиглэсэн үйлдвэрүүдийг барьж байгуулахад шаардагдах 500.0 тэрбум төгрөг хүртэлх нэн хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг Төсвийн тухай хуулийн 34.1.4-ийг үндэслэн төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.” гэсэн 2 дахь заалт нэмэх нь зүйтэй гэж Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнийг онцлов.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82,6 хувь нь дэмжсэн. 

    Түүнчлэн “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 76,1 хувь нь дэмжив. Уг тогтоолын төсөлд Улсын Их Хурал 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагаж  батлагдсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай” Монгол Улсын Их Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 79 дүгээр тогтоол, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 80 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэнийг дурджээ. Мөн Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах экспортод чиглэсэн үйлдвэрүүдийг барьж байгуулахад шаардагдах 500.0 тэрбум төгрөг хүртэлх хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг Төсвийн тухай хуулийн 34.1.4-т заасныг үндэслэн төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.