Ингэхдээ ажлын хэсгүүд төв, баруун, зүүн, хангайн бүсүүдэд хуваарилагдан ажиллав. Тухайлбал, МАН-ын дарга М.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Төв аймаг болон наран ургах зүгийн зүүн гурван аймагт ажилласан билээ. МАН-ын даргын хувиар тэрбээр Их хурлынхаа бодлого шийдвэрийг сайтар танилцуулахын зэрэгцээ төр, засгийн бодлого шийдвэр, намынхаа байр суурийг тодорхой танилцуулж явсан юм.
Тэрбээр МАН-ын XXVII Их хурлыг дотоод ардчилалтай, амжилттай болж өнгөрснийг онцолж, улс эх орны язгуур эрх ашгийн төлөө улстөрийн хүчнүүдийг зөвшилцөлд дуудсан үр дүнг тэмдэглэжээ. Энэ хүрээнд улстөрийн намуудтай томоохон зарим асуудлаар зөвшилцөх уулзалт зохион байгуулахад АН, ИЗНН-ын дарга нараас бусад нь хүрэлцэн ирсэн.
Гол нь тулгамдсан зарим асуудлаар намууд зөвшилцөж ажиллаж, аль ч нам улстөрийн хүчин засгийн эрхэнд гарсан өөрчлөгддөггүй бодлогын баримт бичигтэй байх хэрэгтэй гэсэн санаа нь МАН-аас уриалж буй зөвшилцлийн үр дүн болох юм. Ямар ч байсан эрх баригч намаас бусад намтай санамж бичигт гарын үсэг зураад байгаа юм.
МАН-ынхан очсон бүх газрын иргэд эрх баригчдын бодлогыг шүүмжилж, үнийн өсөлтийг хязгаарлаж, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг онцгойлон анхаарч өгөхийг хүссэн. МАН эдгээр асуудалд анхаарсаар ирсэн ч эрх баригчдын хүч түрсэн бодлого хэтэрч байгаа тухай ч шүүмжилж байна. Ирэх оны төсөв батлахад МАН-аас цалин тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувь нэмэгдүүлэхийг шаардсаны хүчинд нэмж 35 тэрбум төгрөг хуваарилсан.
Гэхдээ үүнийг хангалтгүй гэж үзэж буйгаа МАН-ынхан иргэддээ тайлбарласан. МАН-ын дарга М.Энхболд “Ирэх оны улсын төсвийн орлого 6.9 их наяд, зарлагыг 7.2 их наяд төгрөгөөр тооцсон. Өмнөх жилийнхтэй харьцуулахад орлого буурсан. Хөрөнгө оруулалтын зардалд нэг их наяд төгрөг төлөвлөжээ. 2013 онтой харьцуулбал 400 тэрбумаар багассан. Гэтэл урсгал зардал 5.1 их наяд болж, энэ оныхоос 200 сая төгрөгөөр өссөн байна.
Валютын ханшийн савлагааг тооцохгүйгээр ирэх онд 1384 төгрөгт барина гэж баталсан.
Валютын ханшийн савлагааг тооцохгүйгээр ирэх онд 1384 төгрөгт барина гэж баталсан. Бид эсэргүүцсэн ч эрх баригчид зөрүүдэлсээр баталлаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж байхад энэ онд цалин, тэтгэврийг нэг ч төгрөгөөр нэмээгүй” гэсэн мэдээллийг уулзалтад оролцсон иргэддээ өгч явав.
Мөн зарим орон нутагт аймгийн удирдлагын асуудлыг эрх баригчид, Ерөнхий сайд Н.Алтанхуяг улстөрийн шалтгаанаар гацаасан. Эдний нэг нь Дорнод аймаг. Тиймээс Дорнодчууд хаан сонголт нь баталгаажихгүй байгаад бухимдаж байгаагаа хэлж, МАН-ыг шийдвэртэй арга хэмжээ авч өгөхийг хүссэн. Нийт хүн амын амьдралд дарамт болсоор байгаа үнийн өсөлт, хууль хэрэгжихгүй байгаа зэрэг бэрхшээл бүх газарт адилхан байгаа бол хувь хувьдаа сэтгэл дундуурхан байгаа зүйл ч олон.
Тухайлбал, Хэнтийчүүд Өндөрхаан хэмээн дуудаж заншсан нэрийг нь Чингис хот болгон өөрчилсөнд сэтгэл тийм ч таатай бус байгаагаа МАН-ын даргад дуулгасан. Сүхбаатарын талбай, бонд гээд юм бүхнийг Чингисжүүлэх нь Монгол орны нэрийг дэлхийд таниулах түүхэн хүний үүх түүхийг эцэстээ ямар ч үнэ цэнэгүй болгож байгаа хэрэг гэж тэд үзэж байна. Мөн Хэрлэн мөрнийг дундаас нь тасалж урсгахаар ярьж буй нь хэнтийчүүдийн сэтгэлийг зовоосон гол асуудал болсныг нутгийн иргэд ярьж байлаа.
Нийтээрээ үнийн өсөлтөд санаа зовохын зэрэгцээ хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар ч сэтгэл гундуухан байна. 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш төр засгийн үйл ажиллагаа буруу тийшээ явж эхэлсэн, гэвч Ардын нам олигтой анхаарч ирээгүй гэсэн шүүмжлэл ч олон сонсогдсон. МАН-ын ажлын хэсгийг ахалж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат баруун аймгуудад ажилласан бол Төвийн бүс хариуцсан нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэбат, Хангайн бүс хариуцсан нарийн бичгийн дарга О.Содбилэг, Баруун бүс хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар, Зүүн бүс хариуцсан нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар ажлын хэсгүүдийг ахалж ажилласан.
Ерөнхийдөө очсон газруудад ард иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, сөрөг хүчнийг дуу хоолой нь болж, асуудлыг нь шийдүүлэхийн төлөө эрчтэй ажиллахыг ч “даалгаж” байв. Тухайлбал,АН-ыг цалин тэтгэвэр нэмэгдүүлэх амлалтаа биелүүлэхийг Ардын намын гишүүдээр дамжуулан шаардаж, үүнд сөрөг хүчний үүрэг ихийг ч онцолж байв. Учир нь МАН бол ард иргэдийнхээ нийгмийн асуудалд онцгой анхаардаг нам.
Тус нам засгийн эрхэнд байхдаа өгдөг байсан 21 мянган төгрөг амьдралд дэмтэй байсан, гэтэл өнөөдөр засгаас огт анхаарахгүй, дээр нь юмны үнийг хөөрөгдөж нэмээд байгаад иргэд бухимдаж байна. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг тойрсон асуудал уулзалт бүрийн “халуун сэдэв” байлаа. Засгийн газар болоод Ерөнхий сайдын дураараа авирласан явдалтай Ардын нам яагаад тэмцэж болдоггүй юм бэ гэж ам асуух иргэд олон байв. Ард иргэдийн амьдрал ямар байгааг Ерөнхий сайд өөрийнхөө нүдээр явж хараасай гэж хүсэх иргэд ч байсан юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг нийслэл Улаанбаатар хотод илүү анхаарлаа хандуулаад хөдөө орон нутагтаа анхаарч ажиллахгүй байна гэсэн шүүмжлэл ч олон гарсан. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас гаргасан “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр ямар ч үр дүнгүй болсон төдийгүй мах, гурилд зориулагдсан мөнгө нь хаашаа хэний гараар орсон нь мэдэгдэхгүй үрэгдэж алга болсныг хэлж, ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан юм. Зөвхөн махны үнэ тогтворжуулахад 87 тэрбум төгрөг зарцуулж хий хоосон үрэгдүүлснийг иргэд онцолж байв.
Дарханчууд бүр үнэ хэрхэн өсч буйг судлаад жагсаалт гаргачихаж. Мөн “Чингис” бондын хөрөнгийг хий дэмий үр ашиггүй зүйлд зарцуулж байгааг шүүмжилсэн. Уг бондын хөрөнгөөр цэцэрлэг сургууль, үйлдвэр, зэрэг эргээд ард түмэндээ үр ашиг өгөх бүтээн байгуулалт хийхийн оронд гудамж талбай засах, зам дагуу цэцэг тарих зэрэг иргэдийн нүд хуурч аргацаасан ажил хийж байна хэмээн иргэд шүүмжилж байлаа. Тэр бүү хэл нэг км замыг өмнө нь 800 сая төгрөгөөр хийдэг байсан бол одоо 2-3 тэрбум төгрөгөөр барьж байгааг нарийн тооцож гаргасан байна. Иймд энэ бүхнийг хянаж “Чингис” бондын мөнгийг зөв зүйтэй зүйлд зарцуулаасай хэмээн хүсч байгаагаа илэрхийлсэн.
Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтийг өөрчилнө гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярьсан, гол нь түүнийг хэлдэг шигээ ажилладаг байгаасай гэж иргэд хүсч буйгаа ч уламжилж байв. Ер нь ирээдүй хойч үедээ их хэмээний өр үлдээж буйд сэтгэл нь эмзэглэж байгаагаа иргэд ярьж байв. МАН засгийн эрх барьж байхдаа 20 жилийн хугацаанд нийтдээ 2.5 тэрбум ам.долларын өр тавьж байсан бол одоогийн Засгийн газар ганцхан жилийн дотор 2.2 тэрбум ам.долларын өр тавьжээ.
Үүнийг Монгол Улсын иргэн бүрт хувааж үзвэл 863 мянган төгрөгийн өр болж байгаа юм байна. Энэ мэтчилэн МАН-ын ажлын хэсгүүд ард иргэдийнхээ үгийг сонсч, өөрийн бодлого зорилтоо ч сайтар танилцуулсан нь үр дүнгээ өгсөн билээ. МАН эдгээр асуудлыг багцлан тоймлож, нэн шаардлагатайг төр, засгийн бодлого шийдвэрт тусгуулахаар ажиллаж эхлээд байна.