Төсвийн тухай хуульд хориг тавилаа

2018/11/15 18:20 434

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавих албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардуулж өглөө.

Уг албан бичигт:

… Монгол Улсын төсөв бол өнөө маргаашийн өчүүхэн эрх ашигт үндэслэх ёсгүй, хэтийн ололт, үр дагавар, эрсдэлийг тооцсон нэгдмэл бодлого, улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус, бие даасан байдлыг хангах нэгдсэн зорилтын хүрээнд батлагдах ёстой Монгол төрийн бодлого мөн.

Монгол Улсын 2019 оны төсвийн талаар Улсын Их Хурлын дарга өөрийн байр суурийг илэрхийлэхдээ төсвийн зардлаа 10 хувиар бууруулахыг төрийн бүх шатны байгууллагад уриалсан, энэхүү уриалгыг Ерөнхийлөгчийн хувиар дэмжиж, хэмнэлтийг 15 хувьд хүргэх, хэмнэсэн хөрөнгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, тухайлбал 170 мянган ажилсаг малчин өрхийн жил бүр үйлдвэрлэдэг мал аж ахуйн түүхий эдийг боловсруулж экспортлох “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх, зураг төсөлгүй хууль зөрчин тусгагдсан барилга байгууламжуудыг төсвөөс хасах, төсвийн байгууллагуудын хэт үрэлгэн зардлуудыг танах, чиг үүрэг нь давхардмал, эрхлэх асуудал нь тодорхойгүй дэд сайд, орлогч дарга гэх мэт албан тушаалуудыг цомхотгох зэрэг тодорхой санал, санаачилгууд гаргасан.

Миний бие төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанд оролцож, төсвийн талаар өөрийн байр суурийг тодорхой илэрхийлж дэлгэрэнгүй үг хэлсэн. Мөн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарт албан бичгээр тухайлан хандаж, улс орны нийтлэг эрх ашиг, хувь заяатай холбоотой төрийн бодлогыг засаж, алдаа завхралыг арилгах асуудал тавьсан боловч үр дүнд хүрсэнгүй.

Тиймээс төсвийн бодлогоо эргэн харж, улс орны эрх ашгийг дээдэлсэн, сахилга бат хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах, хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлого, зорилтод нийцэхгүй асуудлуудыг засах зайлшгүй шаардлага байгааг Улсын Их Хуралд дахин сануулж, хориг тавихаас өөр аргагүйд хүрч байна… гэжээ.

Тэрбээр үндсэн 6 асуудлаар байр сууриа илэрхийлээд, улс орны эрх ашиг, аюулгүй байдал, хөгжлийн бодлого, зорилтод нийцүүлэхийн тулд Монгол Улсын 2019 оны төсвийг дагалдах хууль, тогтоомжуудын хамт шинээр боловсруулан, Улсын Их Хурлаар дахин хэлэлцэж батлах шаардлагатай гэсэн байна.