Шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг угтан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний эхний шат 2018.11.10-нд орон даяар зэрэг эхэлж Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумд аваргуудаа шалгаруулсан байна. Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарсан шатарчид сум, дүүргээ төлөөлж аймаг, нийслэлд өрсөлдөх эрх нь нээгдэж байгаа юм. Хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 12 дугаар сарын 08-09-нд, улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн 2019 оны 1 дүгээр сарын 05-06-нд Төрийн ордонд болох юм.
Өмнөх жилүүдэд тэмцээнд түрүүлсэн аварга шатарчинд спортын дэд мастер цол олгодог байсан. Энэ жилийн тэмцээнд медаль хүртсэн эрэгтэй 3, эмэгтэй 3 шатарчинд дээрх цолыг олгохоос гадна шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.Оюуны спортыг улс даяар жигд хөгжүүлж, хичээллэдэг хүмүүсийн тоог нэмэгдүүлэх зорилгоор энэ тэмцээнийг 2013 оноос УИХ-ын дарга ивээлдээ авч зохион байгуулж ирсэн уламжлалтай. Уламжлалт тэмцээн М.Энхболд даргын ивээл дор гурав дахь жилдээ болж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.