Улсын Их Хурлын даргын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ж.Мөнхжаргал “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018” үндэсний чуулганд оролцож, УИХ-ын дарга М.Энхболдын илгээлтийг уламжиллаа.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН ИЛГЭЭЛТ
“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018” үндэсний чуулганд оролцогчдод
Үндэсний чуулганы хүндэт төлөөлөгчид өө,
Эх орныхоо хөгжил дэвшил, иргэн түмнийхээ амин чухал асуудлаар хэлэлцэн зөвлөлдөхөөр ирсэн Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг тодорхой бодлого, зорилттойгоор хөгжүүлэх, улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг өргөжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боломж, нөөцөө бүрэн ашиглах, шинжлэх ухаан, технологийн шинэ ололт, инновацийг шингээсэн үйлдвэрлэлийн шинэ бүтцийг төлөвшүүлж, хөгжлийг тэтгэх нэгэн гол хөшүүрэг болгон ашиглах нь нэн чухал болсон цаг үед энэхүү чуулган чуулж буйг дэмжин сайшааж байгаагаа илэрхийлье.
Салбарын хөгжлийг дэмжих асуудал Монгол Улсын төр, засгийн онцгой анхаарлын төвд байсаар байгаа бөгөөд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичиг, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” болон бусад хууль тогтоомжуудад мал аж ахуйн болон газар тариалангийн үр ашгийг дээшлүүлж, эрчимжсэн чиглэлээр хөгжүүлэх, мал сүргийг эрүүлжүүлэх, бэлчээрийн доройтлыг бууруулж, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, эх орны хөрсөнд ургуулсан экологийн цэвэр, эрүүл, аюулгүй хүнсээр хүн амын хүнсний хэрэгцээг хангах, цаашид хүнс экспортлогч орон болох зэрэг олон чухал зорилтыг хуульчилсан билээ.
Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд сүүлийн жилүүдэд ахиц дэвшил гарч байгаа ч мал аж ахуй, газар тариалан нь үндсэндээ байгаль, уур амьсгалын өөрчлөлтөөс шууд хамааралтай, мэдлэг, оюуны шингэц багатай, эрчимжилт сул, үр ашиг бага байсаар байна.
Гэсэн ч тасралтгүй үржин арвижиж байдаг биологийн шавхагдашгүй арвин нөөцөө илүү үр ашигтай, мэдлэг шингээсэн, ногоон, тогтвортой хөгжлийн баримжаатай хөгжүүлэх, үржил шимт, өргөн уудам газар нутагтаа ургуулсан экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хүн амынхаа хүнсний хэрэгцээ, аюулгүй байдлыг бүрэн хангаад зогсохгүй, экспортын баримжаатай хөгжүүлж, ашиг олох, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах өргөн боломж бидэнд бий.
Эдгээр асуудлыг оновчтой, үр дүнтэй шийдвэрлэх арга замын талаар Та бүхэн үнэ цэнэтэй олон чухал санал, санаачилга гаргана гэдэгт итгэлтэй байна.
Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт биотехнологи, өндөр технологи нэвтрүүлэх замаар үр ашгийг дээшлүүлэх, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, инновацийн экосистемийг бүрдүүлэх, шинэ үүлдэр, сорт бүтээх, нутагшуулах, хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, хүн, малын эрүүл мэндийг хамгаалах, малын гаралтай түүхий эдийн, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн кластерийг хөгжүүлэх зэрэг олон чиглэлээр манай эрдэмтэн судлаачид чамлахааргүй амжилттай ажиллаж байгааг дурдахын ялдамд салбарын шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагууд өнөөгийнхөөсөө илүү хүчин чармайлт гаргах шаардлагатай байгааг тэмдэглэе.
Хүн, хүчний хязгаарлагдмал нөөцтэй, хувийн хөрөнгө оруулалтын тогтолцоо төдийлэн сайн хөгжөөгүй манай улсын хувьд технологийн өндөр багтаамжтай бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхийн тулд гарааны компаниудыг богино хугацаанд бойжуулж, тал бүрээр дэмжих нь эдийн засгийн өсөлтийг түргэсгэх, улмаар инновацийн тогтолцоог хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Тиймээс энэхүү чуулганаар Монгол Улсын хөдөө аж ахуй, хүнс, биотехнологи, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын судлаачид, үйлдвэрлэгчид олон жилийн туршилт, судалгааны ажлын үр дүнд боловсруулж бий болгосон шинэлэг үр дүнгээ танилцуулан, харилцан туршлага солилцож, инновацийн үйл ажиллагааг илүү өргөн хүрээтэй, талуудын өргөн оролцоотой хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох нь онцгой чухал юм.
Цаашид салбарын судлаачид болон үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн бүтээлч хамтын ажиллагаа өргөжиж, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, мэдлэгийн болон ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Та бүхний аливаа шинэ, бүтээлч санаачилгыг Монголын төр засаг, түүний дотор хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал тууштай дэмжиж, хамтран ажиллах болно.
Үндэсний чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД
2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хот.