Өнгөрсөн оны 12 сард Чингис бондыг арилжиж босгосон 1,5 тэрбум долларын 300 сая нь юунд зориулагдах нь тодорхойгүй, 600 орчим сая нь дансандаа үлдэж бүтэн жил үр ашиггүй хүү төлж байна. Энэ мөнгийг яаж зарцуулах гэж байна?
Эхний 11 сарын тодотголоор төсвийн орлого 130 орчим тэрбумаар, мөн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө их хэмжээгээр тасраад байна. Төсөв бүрдүүлж байгаа, хөрөнгө оруулалт хариуцаж буй хүмүүстээ хэзээ хариуцлага тооцох вэ?
Хүмүүсийг албан тушаалд томилохдоо улстөржүүлж, намын харьяаллаар томилдогоо хэзээ болих вэ? Дорнод аймгийн засаг даргад нэр дэвшсэн хүнийг Ерөнхий сайд шаардлага хангаагүй гээд хүлээж аваагүй. Гэтэл энэ хүнтэй яг адилхан шаардлага хангаагүй хүмүүсийг Баянхонгор, Төв, Говь-Сүмбэр аймгийн засаг даргаар томилсон билээ. Тэгэхээр эдгээр хүмүүсийг ч гэсэн чөлөөлөх ёстой юм биш үү?
Чингис бондыг хоёр зориулалтаар ашиглахаар шийдсэн билээ. Эхний хэсгийг хөрөнгө оруулалт болгож эдийн засгийн үр ашигтай төсөл арга хэмжээг санхүүжүүлнэ. Чингис бондын дийлэнх хэсгийг үндсэн зориулалтаар нь ашиглаж байна. Хоёр дахь хэсгийг макро эдийн засгийг тогтвортой байдлыг хангахад зориулахаар болсон юм. Энэ хэлбэрээрээ санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангаад явж байна.
Төсвийн орлого тасалдаж байгаа шалтгааныг үнэн зөв тогтоох хэрэгтэй. Тасалдсан шалтгааны 90 гаруй хувь нь татвар бүрдүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаанаас хамаардаггүй. Үлдсэнийг нь арилгахын тулд татвар бүрдүүлэх зургаан сарын аяныг эхлүүллээ. Хариуцлага алдсан хүмүүстэй тооцоо бодно. Оны эцсээр дүн гарах үед тодорхой мэдээлнэ.
Хөвсгөл, Дорнод аймгийн засаг даргад нэр дэвшсэн хүмүүсийг томилоогүй нь зөв гэсэн шүүхийн шийдвэр гарсан юм. Ерөнхий сайд аймгийн засаг даргыг яагаад томилоогүй шалтгаанаа бичихгүй байх эрхтэй учраас би тодорхой шалтгаан бичээгүй. Бусад засаг даргын асуудлыг шүүх шийднэ.
vip76.mn