Улсын бүртгэлийн ерөнхий хууль/Шинэчилсэн найруулга/

2018/06/21 13:30 440

 

2018 оны 06 сарын 21 өдөр                                                            Төрийн ордон, Улаанбаатар хот

 

Энэ хуулийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

  УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛЬ

  /Шинэчилсэн найруулга/

 

  НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

  НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь бүртгэлийн ангилалыг тогтоох, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх, түүнчлэн улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, төрөл, мэдээллийн нэгдсэн сан, улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын бүртгэлийг хөтлөхтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл.Улсын бүртгэлийн хууль тогтоомж

 

2.1.Улсын бүртгэлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Иргэний хууль[2], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.

 

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

 

            3.1.1.“улсын бүртгэл” гэж эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг;

           

3.1.2.“иргэний улсын бүртгэл” гэж иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг;

 

            3.1.3.“хуулийн этгээдийн улсын бүртгэл” гэж хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг;

           

                        3.1.4.“эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл” гэж өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг;

 

3.1.5.“улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан” гэж нэгдсэн ангилал, код, индекс, арга зүй, стандарт, баримт бичгийн шаардлага болон хуульд заасны дагуу цуглуулж, боловсруулж, хадгалсан иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цаасан болон цахим мэдээллийн бүрдлийг;

 

            3.1.6.“иргэний үнэмлэхийн санах ой” гэж энэ хуульд заасны дагуу иргэний хувийн мэдээллийг агуулсан, мэдээлэл нь бичигдэх, уншигдах, өөрчлөх боломжтой цахим санах ойг;

 

                        3.1.7.“эх нотлох баримт бичиг” гэж улсын бүртгэлд бүртгэхэд шаардагдах хууль тогтоомжид заасан нотлох баримт болон улсын бүртгэл хөтөлсөн цаасан маягтыг;

 

                        3.1.8.“цахим архивын сан” гэж эх нотлох баримт бичгийг зурган болон дижитал хэлбэрээр хадгалсан хувийг;

 

3.1.9.“нэрийн сан” гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн ургийн овог, иргэний нэрийг кирилл, уйгаржин, латин үсгээр галиглан бичсэн нэгдсэн жагсаалтыг;

 

            3.1.10.“хаягийн сан” гэж хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хороолол, гудамжны нэр, байрны дугаар, газар, усны нэрийн жагсаалтыг.

 

4 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн зарчим

 

4.1.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

 

4.1.1.нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх;

4.1.2.төвлөрсөн удирдлагатай байх;

4.1.3.хараат бус байх;

4.1.4.үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;

4.1.5.нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх;

4.1.6.иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, хуулиар тогтоосон нууцыг чанд хадгалах;

 

4.1.7.хуульд зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлийн талаарх мэдээлэл ил тод, нээлттэй, нийтэд хүртээмжтэй байх.

 

5 дугаар зүйл.Бүртгэлийн ангилал, бүртгэл хөтлөх

 

5.1.Бүртгэлийг улсын бүртгэл, төрөлжсөн бүртгэл гэж ангилна.

 

5.2.Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо нь иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс бүрдэнэ.

 

5.3.Энэ хуулийн 5.2-т зааснаас бусад хуульд заасан бүртгэл нь төрөлжсөн бүртгэлд хамаарах бөгөөд төрөлжсөн бүртгэлийн жагсаалтыг Засгийн газар батална.

 

5.4.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим төрөлжсөн бүртгэлийн үйл ажиллагаанд нэгэн адил үйлчлэх бөгөөд төрөлжсөн бүртгэл нь улсын бүртгэлийн мэдээлэлд үндэслэнэ.

 

5.5.Бүртгэлийг мэдээлэл бүхий нотлох баримтад үндэслэн монгол хэлээр хөтөлнө.

 

5.6.Хуульд өөрөөр заагаагүй бол бүртгэлийг цахим хэлбэрээр хөтөлж болно.

 

5.7.Бүртгэлийг цахим хэлбэрээр хөтлөхөд аюулгүй байдлыг хангасан, кодлогдсон технологийг ашиглах бөгөөд өөр хоорондоо уялдаатай, нэгдсэн стандарт, арга зүйтэй байна.

 

5.8.Улсын бүртгэлийн мэдээллийн сантай төрөлжсөн мэдээллийн сан мэдээлэл солилцох боломжтой байна.

 

5.9.Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон нарийвчилсан харилцааг Иргэний улсын бүртгэлийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулна.

 

5.10.Энэ хуулийн 5.3-т заасан төрөлжсөн бүртгэлийн үйл ажиллагааг холбогдох хуулиар зохицуулна.

 

6 дугаар зүйл.Иргэний улсын бүртгэлийн төрөл

 

6.1.Иргэний улсын бүртгэл дараах төрөлтэй байна:

 

6.1.1.төрсний;

6.1.2.гэрлэсний;

6.1.3.гэрлэлт дуусгавар болсны;

6.1.4.гэрлэлт сэргээсний;

6.1.5.эцэг /эх/ тогтоосны;

6.1.6.үрчилсний;

6.1.7.овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний;

6.1.8.нас барсны;

6.1.9.иргэний үнэмлэхийн;

6.1.10.үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын;

6.1.11.биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/;

6.1.12.оршин суугаа газрын хаягийн;

6.1.13.шилжилт хөдөлгөөний;

6.1.14.Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоосны;

 

6.1.15.хүйс өөрчлөгдсөний.

 

6.2.Монгол Улсын иргэний үнэмлэх нь Монгол Улсын иргэнийг гэрчлэх бичиг баримт байх бөгөөд түүнийг авах хүртэл 16-аас доош насны иргэний хувьд регистрийн дугаартай төрсний гэрчилгээ байна.

 

6.3.Иргэний үнэмлэх дээр дараах мэдээллийг ил харагдах бичилтээр хийнэ:

 

6.3.1.овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

6.3.2.төрсөн он, сар, өдөр;

6.3.3.регистрийн дугаар;

6.3.4.хүйс;

6.3.5.олгосон байгууллагын нэр;

6.3.6.олгосон он, сар, өдөр;

6.3.7.хүчинтэй байх хугацаа;

6.3.8.оршин суугаа газрын хаяг.

 

6.4.Иргэний үнэмлэхийн загвар, тодорхойлолт болон дүрмийг Засгийн газар батална.

 

6.5.Иргэний үнэмлэхийг бусдад шилжүүлэх, барьцаалах, зориуд гэмтээх, хууль бусаар ашиглах, хуурамчаар үйлдэхийг хориглоно.

 

            6.6.Иргэний үнэмлэхийн санах ойд иргэний хувийн мэдээллийг тэмдэглэж болох бөгөөд мэдээллийн жагсаалтыг Засгийн газар батална.

 

6.7.Иргэний үнэмлэхийн санах ойд тэмдэглэгдсэн иргэний хувийн мэдээллийг улсын бүртгэл хийхэд ашиглаж болно. 

 

6.8.Монгол Улсын иргэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авахад иргэний үнэмлэхээ ашиглаж болно.

 

7 дугаар зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн төрөл

 

7.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна:

 

7.1.1.хуулийн этгээд шинээр үүсэн байгуулагдсаны;

7.1.2.хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсаны;

7.1.3.хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн;

7.1.4.хуулийн этгээдийн үйл ажиллагаа дуусгавар болсны;

7.1.5.гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын;

7.1.6.хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын;

7.1.7.хуулийн этгээдийн тамга, тэмдгийн хяналтын дугаарын;

7.1.8.төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийн бүртгэлд хориг тавьсны, цуцалсны.

 

8 дугаар зүйл.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрөл

 

8.1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна:

 

8.1.1.эд хөрөнгө өмчлөх эрхийн;

8.1.2.бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн;

8.1.3.сервитутын;

8.1.4.ипотек /барьцаа/-ийн;

8.1.5.узуфруктын;

8.1.6.түрээсийн;

8.1.7.усан замын тээврийн хэрэгсэл, агаарын хөлгийн санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний эрхийн;

 

8.1.8.батлан даалтын;

8.1.9.газар эзэмших, ашиглах эрхийн.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН

9 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан

 

9.1.Монгол Улс улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сантай байх бөгөөд уг сан нь төрийн өмч байна.

 

9.2.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан нь энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архив, цахим мэдээллийн сангаас бүрдэнэ.

 

9.3.Улсын бүртгэлийн нэгдсэн ангилал, кодыг улсын бүртгэлийн байгууллага, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Үндэсний статистикийн хороо хамтран батална.

 

9.4.Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно.

 

9.5.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан, цахим сүлжээ үрэгдэх, устгагдахаас бүрэн хамгаалагдсан байх бөгөөд улсын онцгой объектын зэрэглэлтэй байна.

 

9.6.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн нууцлал, эх нотлох баримт бичгийн хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах үүргийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, улсын бүртгэлийн ажилтан /цаашид “улсын бүртгэлийн байгууллага” гэх/ хүлээнэ.

 

9.7.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг цахим хэлбэрээр бүрдүүлэх, хөгжүүлэх боломжтой байна.

 

9.8.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийн хуулбар сан нь төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагад хадгалагдана.

 

9.9.Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн систем, техник технологи, программ хангамжийн ерөнхий шаардлага болон төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагатай мэдээлэл солилцох журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.

 

9.10.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг ажлын шаардлагаар ашиглаж байгаа этгээд тухайн мэдээлэлтэй холбоотой хуулиар тогтоосон нууцыг хадгалах үүрэгтэй.

 

9.11.Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан нь төрийн мэдээллийн бусад сантай мэдээлэл солилцох боломжтой байх бөгөөд төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагад дундын мэдээллийн сан үүсгэн ажиллуулна.

 

9.12.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгана.

 

10 дугаар зүйл.Улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архив

 

10.1.Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэлийг бүртгэж баталгаажуулахад ач холбогдолтой эх нотлох баримт бичгийн төрөлжсөн архивыг улсын хэмжээнд үүсгэн нөхөн бүрдүүлэлт, баяжилт хийж, түүний хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангана.

 

10.2.Улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийг архивт хадгалах журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

 

10.3.Улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлийн шинээр үүсгэсэн хувийн хэрэг, түүний нөхөн бүрдүүлэлт, баяжилтын болон хаасан улсын бүртгэлийн хувийн хэргийн мэдээг сар, улирал, жилээр улсын хэмжээнд нэгтгэн гаргана.

 

10.4.Улсын бүртгэлийн байгууллага эх нотлох баримт бичгийн цахим архивын сантай байна.

 

11 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан

 

11.1.Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд мэдээлэл оруулах, өөрчлөх, боловсруулах, баталгаажуулах ажлыг улсын бүртгэгч эрхлэн гүйцэтгэнэ.

 

11.2.Улсын бүртгэгч цахим мэдээллийн санд мэдээллийг эх нотлох баримт бичигт үндэслэж, улсын бүртгэлийн байгууллагаас зөвшөөрөгдсөн программ хангамж, тоног төхөөрөмжийг ашиглан үнэн зөв оруулна.

 

11.3.Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэлийг цахим хэлбэрт оруулах, мэдээллийн сан үүсгэх, түгээх, ашиглах, түүний байнгын тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангана.

 

11.4.Улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлийн цахим мэдээллийн санг нөөцлөн технологийн дагуу хадгална.

 

11.5.Мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна:

 

            11.5.1.цахим мэдээллийн сан, мэдээллийн сүлжээний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тоног төхөөрөмжийн хадгалалт, хамгаалалт, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хариуцах, мэдээллийн сангийн уялдаа холбоог хангах;

 

            11.5.2.мэдээллийн нэгдсэн сүлжээ, мэдээллийн систем, цахим мэдээллийн санд нэвтэрсэн халдлагыг илрүүлэх, таслан зогсоох, хурдан хугацаанд системийг сэргээх арга хэмжээг шуурхай зохион байгуулах;

           

            11.5.3.мэдээллийн аюулгүй байдлын горимыг мөрдөж ажиллахыг шаардах, зөрчигдсөн үед зөрчлийг арилгах, цахим мэдээллийн сан, мэдээллийн сүлжээнд нэвтрэх эрхийг хязгаарлах, холбогдох бусад арга хэмжээ авах;

 

            11.5.4.эрсдлийн үнэлгээг жил бүр хийж, мэдээллийн аюулгүй байдлын эмзэг байдлыг тодорхойлох, урьдчилан сэргийлэх болон авах арга хэмжээний талаар санал боловсруулж танилцуулах;

 

            11.5.5.хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журамд заасан бусад эрх, үүрэг.

 

11.6.Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд мэдээлэл хүлээн авах, хадгалах, түүний аюулгүй байдлыг хангах журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

11.7.Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санг ашиглах, түүний хадгалалт, хамгаалалт, нууцлалын аюулгүй байдлыг хангахтай холбогдсон журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

 

11.8.Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь мэдээлэл нь цаасан эх хувьтай адил байна.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГААС МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ

12 дугаар зүйл.Улсын бүртгэлийн байгууллагаас мэдээлэл өгөх

 

12.1.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаартайгаар буюу энэ хуулиар тогтоосон шаардлага хангасан этгээдэд өгнө.

 

12.2.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн дараах мэдээлэл нээлттэй байна:

 

12.2.1.нэрийн сан;

12.2.2.хаягийн сан;

12.2.3.хуулийн этгээдийн нэр, хаяг, регистрийн дугаар, төрөл, хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, улсын бүртгэлд бүртгэсэн огноо, үүсгэн байгуулагчийн нэр, тэдгээрийн тоо, хувьцаа эзэмшигчийн нэр, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан эсэх, хэлбэр, оноосон нэр өөрчлөгдсөн, татан буугдсан талаарх мэдээлэл;

 

12.2.4.төрийн болон албаны нууцад хамааруулснаас бусад үл хөдлөх эд хөрөнгө, газрын байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, зориулалт, төлөв байдал, эргэлтийн цэг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрөл, тусгай тэмдэглэл.

 

12.3.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн дараах мэдээлэл хаалттай байна:

 

12.3.1.иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэл;

 

12.3.2.төрийн нууцад хамааруулсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл;

12.3.3.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн[3] 7 дугаар зүйлд заасан арга хэмжээг авахад хөтөлсөн улсын бүртгэлийн мэдээлэл.

 

            12.4.Энэ хуулийн 12.3.1-д заасан мэдээллийг иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах болон тухайн иргэний зөвшөөрлөөр таних, баталгаажуулах зорилгоор ашиглаж болно.

 

12.5.Энэ хуулийн 12.3-т зааснаас бусад мэдээллийг хуулиар тусгайлан эрх олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны хүсэлтийн дагуу үнэ төлбөргүй олгоно.

 

12.6.Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдэд энэ хуулийн 12.2, 12.3-т зааснаас бусад мэдээллийг тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр, эсхүл хязгаартайгаар буюу нотариатчаар дамжуулан энэ хуулийн 12.7-д заасан зорилгоор хуульд заасан үндэслэл, журмын дагуу өгөх бөгөөд үйлчилгээний хөлсний хэмжээг энэ хуулийн 21.2-т заасны дагуу тогтооно.

 

12.7.Доор дурдсан мэдээллийг дараах зорилгоор энэ хуулийн 12.6-д заасан журмын дагуу ашиглахаар авч болно:

 

            12.7.1.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн нэр, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн нэр;

 

            12.7.2.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөний улмаас иргэний хэргийн шүүх, арбитрт гомдол, нэхэмжлэл гаргах зорилгоор хаягийн мэдээлэл.

 

12.8.Энэ хуулийн 12.2, 12.6-д заасан мэдээллээс лавлагаа, мэдээлэл өгөх, энэ хуулийн 12.3-т заасан мэдээлэлтэй танилцах, мэдээлэл өгөх журмыг тус тус Засгийн газар батална.

 

12.9.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага лавлагаа, мэдээлэл авах тухай хүсэлт, мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэж хариу өгнө.

 

12.10.Улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас өгсөн лавлагаа, мэдээлэлд байгууллагын тэмдэг дарж, архивын эх нотлох баримт бичгийн хуулбарт “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулсан байна.

 

12.11.Лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр олгож болох бөгөөд энэ хуулийн 12.10-т заасантай нэгэн адил хүчинтэй байна.

 

12.12.Төрийн болон бусад байгууллагатай цахим хэлбэрээр мэдээлэл солилцох, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмыг холбогдох Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална.

 

12.13.Улсын бүртгэлийн талаар лавлагаа, мэдээлэл, хуулбар авсан этгээд уг мэдээллийг ашиглан тухайн эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч болон хувьцаа эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

 

12.14.Эрүү, иргэн, зөрчил, захиргаа, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахад шаардлагатай лавлагаа, мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулах тухай хүсэлтээ уг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байгаа эрх бүхий этгээдээр дамжуулан авна.

 

13 дугаар зүйл.Улсын бүртгэлийн байгууллагаас төрийн

                                       байгууллагатай харилцах

 

13.1.Бүх шатны төрийн байгууллага улсын бүртгэлийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах, хуульд заасны дагуу хамтран ажиллах үүрэгтэй.

 

13.2.Энэ хуулийн 12.10-т зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага төрийн бусад байгууллагатай харилцах, мэдээлэл солилцох журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн холбогдох байгууллагын удирдлага, Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.

 

13.3.Хууль хяналтын байгууллага улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар гаргасан шийдвэрээ улсын бүртгэлийн байгууллагад ажлын 3 өдрийн дотор ирүүлнэ.

 

13.4.Улсын бүртгэлийн байгууллагын архивын хувийн хэрэг, эх баримтаас нотлох баримтад шинжилгээ хийх эрх бүхий этгээд зөвхөн архивт ирж үзлэг, шинжилгээ хийнэ.

 

14 дүгээр зүйл.Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

 

14.1.Иргэн, хуулийн этгээд өөрт хамаарах улсын бүртгэлийн мэдээлэлтэй цаасан болон цахим хэлбэрээр танилцах эрхтэй.

 

14.2.Монгол Улсын иргэн, тус улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн мэдээллийг хуульд заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй.

 

14.3.Иргэн, хуулийн этгээд улсын бүртгэлийн байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэр, шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

 

14.4.Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН

ТОГТОЛЦОО, УДИРДЛАГА, ЧИГ ҮҮРЭГ

15 дугаар зүйл.Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо

 

15.1.Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо нь улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, улсын бүртгэлийн ажилтан, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын консулын ажилтнаас бүрдэнэ.

 

15.2.Улсын бүртгэлийн байгууллага нь нэгдмэл тогтолцоо, төвлөрсөн удирдлагатай байна.

 

15.3.Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь уг байгууллага чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна.

 

15.4.Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, ажилтны бүртгэлийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга дэмжлэг үзүүлнэ.

 

16 дугаар зүйл.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн

                                   захиргааны байгууллагын чиг үүрэг

 

16.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

16.1.1.улсын бүртгэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авах;

 

16.1.2.бүх шатны бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгчийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах;

 

16.1.3.улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн цаасан болон цахим архив, цахим мэдээллийн санг үүсгэх, хөтлөх, төрөлжүүлэн хадгалах, тэдгээрийн хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах;

 

16.1.4.улсын бүртгэлийн үйл ажиллагааны талаар гадаад улс, олон улсын бүртгэлийн болон төрөлжсөн бусад байгууллагатай Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу хамтран ажиллах;

 

16.1.5.Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, тэдгээрийн харьяа байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх;

 

16.1.6.салбарын хэмжээний мэргэжлийн боловсон хүчний чадавх, техник технологи, программ хангамжийн хүчин чадлыг сайжруулах асуудлыг нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх;

 

16.1.7.улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах;

 

16.1.8.улсын бүртгэлийн үйл ажиллагааны талаарх мэдээ, тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргах, хуульд заасны дагуу мэдээлэх;

 

16.1.9.улсын бүртгэгчийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах;

 

16.1.10.улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх баримт бичгийн загвар, маягт, холбогдох заавар, журмыг хуульд заасны дагуу баталж мөрдүүлэх;

 

16.1.11.улсын бүртгэлийн аргачлал, арга зүйг олон улсын ангилал, стандартын жишигт нийцүүлэн боловсруулж, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр гаргаж мөрдүүлэх;

 

16.1.12.хууль тогтоомжид заасан бусад.

 

17 дугаар зүйл.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрх                                                     

17.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн[4] 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

17.1.1.улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах;

 

17.1.2.улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журмыг энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн баталж, биелэлтийг хангуулах, хууль тогтоомж, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх;

 

17.1.3.улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээний стандартыг мөрдүүлэх;

 

17.1.4.улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс, тасгийн бүтэц, орон тоог батлах;

 

17.1.5.улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс, тасгийн дарга, улсын бүртгэгч, улсын байцаагчийг томилж, чөлөөлөх;

 

17.1.6.улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

 

17.1.7.улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийг шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах;

 

17.1.8.улсын бүртгэлийн асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, хууль зөрчсөн үйлдлийн талаарх мэдээллийг хүлээн авч хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэх;

 

17.1.9.хууль тогтоомжид заасан бусад.

 

18 дугаар зүйл.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд

                                                хяналт тавих

 

18.1.Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина.

 

18.2.Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч /цаашид “улсын байцаагч” гэх/ хэрэгжүүлнэ.

 

18.3.Хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч нь эрх зүйч мэргэжилтэй байна.

 

18.4.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга улсын ерөнхий байцаагч байна.

 

18.5.Улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно.

 

18.6.Улсын ерөнхий байцаагч нь улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.

 

18.7.Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна:

 

            18.7.1.хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;

 

18.7.2.өөрийн хийсэн шалгалт, илрүүлсэн зөрчил, өгсөн албан шаардлага, гаргасан танилцуулга, дүгнэлт, торгох шийтгэлийн үндэслэл, үнэн зөвийг бүрэн хариуцах;

 

18.7.3.албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх;

 

18.7.4.улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архивын хувийн хэрэгтэй танилцах.

 

18.8.Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчаас баталсан загвар бүхий үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон акт, дүгнэлт, шаардлага, мэдэгдэл, торгууль, шийтгэврийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

 

18.9.Улсын байцаагчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан заасан хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй.

 

19 дүгээр зүйл.Улсын бүртгэгч, түүний эрх, үүрэг

 

19.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэгч, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр эрх зүйч мэргэжилтэй, иргэний улсын бүртгэгчээр дээд боловсролтой Монгол Улсын иргэнийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө.

 

19.2.Улсын бүртгэлийн байгууллагад улсын ахлах бүртгэгч, улсын бүртгэгч ажиллана.

 

19.3.Улсын бүртгэгч нь хувийн дугаар бүхий тэмдэг хэрэглэнэ. Улсын бүртгэгчийн тэмдэг хэрэглэх журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

 

19.4.Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна:

 

19.4.1.улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох;

 

19.4.2.энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах;

 

19.4.3.энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах;

 

19.4.4.тухайн улсын бүртгэлтэй холбоотой албан бичиг, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэмдэглэлийг эх нотлох баримт болгон авч улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган баяжилт, бүртгэл хийх;

 

19.4.5.энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх;

 

19.4.6.улсын бүртгэлийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, түүний хадгалалт, хамгаалалт болон найдвартай байдлыг хангах;

 

19.4.7.улсын бүртгэлийн талаарх мэдээлэл, лавлагааг иргэн, хуулийн этгээдэд хуульд заасны дагуу гаргаж өгөх;

 

19.4.8.улсын бүртгэлийн хувийн хэргийг хөтлөх;

19.4.9.улсын бүртгэлийн үйл ажиллагааны тайлан, мэдээг гаргах, хуульд заасны дагуу мэдээлэх;

 

19.4.10.улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх;

19.4.11.өөрийн бүртгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн эх нотлох баримт бичгийн бүрдэл болон түүний үнэн зөвийг хариуцах;

 

19.4.12.улсын бүртгэлтэй холбоотой төрийн болон албаны нууц, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх;

 

19.4.13.шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах;

 

19.4.14.хууль тогтоомжид заасан бусад.

 

20 дугаар зүйл.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд

                                                хориглох зүйл

 

20.1.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:

 

20.1.1.улсын бүртгэгч нь үйлчлүүлэгчид хууль бус шаардлага тавих, зүй бусаар харьцах, үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах;

 

20.1.2.өөрийн чиг үүрэгт хамааралгүй мэдээллийг цуглуулах, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас авч үзэх, ашиглах, бусдад мэдээлэх;

 

20.1.3.хүлээж авсан хүсэлт, эх нотлох баримт бичиг болон эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийн бичилтэд засвар хийх, гэмтээх, устгах, үрэгдүүлэх, нотлох баримтыг хууль бусаар нэмэх, хасах;

 

20.1.4.улсын бүртгэлийн байгууллагын тооцоолох машины зөөгч болон санах байгууламжид хадгалсан тооллого, түүвэр судалгаа, мэдээлэл боловсруулалтын дэлгэрэнгүй материалыг тогтоосон хугацаанаас өмнө устгах, бусдад дамжуулах, худалдах;

 

20.1.5.улсын бүртгэлийн дугаарыг давхардуулж, эсхүл алгасаж олгох;

20.1.6.лавлагааны дугаарыг давхардуулж, эсхүл алгасаж олгох;

20.1.7.улсын бүртгэлийн хувийн хэрэг, гэрчилгээ, лавлагааны бичилтийг засварлах, улсын бүртгэл хийсэн он, сар, өдөр, цагийг буруу бичих;

 

20.1.8.улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох;

 

20.1.9.улсын бүртгэгч өөрийн хувийн дугаар бүхий тэмдгийг хууль бус үйлдэлд хэрэглэх, бусдад ашиглуулах, өөр улсын бүртгэгчийн тэмдгийг ашиглах;

 

20.1.10.улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх;

 

20.1.11.улсын бүртгэгч үүрэгт ажлаа гүйцэтгэсний төлөө бусдаас шан харамж авах;

 

20.1.12.лавлагаа, мэдээллийг энэ хуулийн 12.9, 12.10-т зааснаас бусад байдлаар өгөх, эсхүл нотлох баримтаас зөрүүтэй, хуурамчаар гаргаж өгөх;

 

20.1.13.улсын бүртгэлийн дүн мэдээг дур мэдэн өөрчлөх;

20.1.14.хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх.

 

20.2.Улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архивын хувийн хэрэгтэй улсын байцаагч, улсын бүртгэгч, улсын ахлах бүртгэгчээс бусад этгээд танилцах, улсын бүртгэгч, улсын ахлах бүртгэгчээс бусад этгээд өөрчлөлт, баяжилт хийхийг хориглоно.

 

20.3.Улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн хувийн хэргийг байгууллагын байрнаас гаргахыг хориглоно.

 

20.4.Улсын бүртгэлийн байгууллагаас бусад иргэн, хуулийн этгээд энэ хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

 

ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

 

21 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлс

 

21.1.Хууль тогтоомжид заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа, мэдээлэл авахад улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлнө.

 

21.2.Энэ хуулийн 21.1-д заасан үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно.

 

22 дугаар зүйл.Маргаан шийдвэрлэх

 

22.1.Улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг дээд шатны улсын байцаагч шийдвэрлэх бөгөөд түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.

 

22.2.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ.

 

23 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

 

23.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

23.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

24 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

 

24.1.Энэ хуулийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН

            ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                  М.ЭНХБОЛД

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

[2] Иргэний хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

[3] Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 30 дугаарт

  нийтлэгдсэн.

[4] Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2004

  оны 16 дугаарт нийтлэгдсэн.