Баяжуулсан хүнсний тухай

2018/05/03 13:19 444

2018 оны 05 сарын 03 өдөр                                                           Төрийн ордон, Улаанбаатар хот

 

   БАЯЖУУЛСАН ХҮНСНИЙ ТУХАЙ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

            1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, аминдэм, эрдэс бодисын дутлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрлийн хүнсийг албан журмаар баяжуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

            2 дугаар зүйл.Баяжуулсан хүнсний хууль тогтоомж

 

2.1.Баяжуулсан хүнсний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Эрүүл мэндийн тухай хууль[2], Хүнсний тухай хууль[3], Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль[4] Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль[5], Төрийн хяналт шалгалтын тухай хууль[6], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

 

3.1.Энэ хууль нь зарим төрлийн хүнсийг аминдэм, эрдэс бодисоор үйлдвэрийн аргаар албан журмаар баяжуулах, баяжуулагч бэлдмэлийг импортлох, үйлдвэрлэх, экспортлох, хяналт тавихтай холбогдсон харилцаанд үйлчилнэ.

 

3.2.Албан журмаар баяжуулан үйлдвэрлэж байгаа хүнстэй ижил төрлийн хүнсийг импортлохтой холбогдсон харилцаанд энэ хууль үйлчилнэ.

 

            4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

 

                        4.1.1.“баяжуулсан хүнс” гэж аминдэм, эрдэс бодисыг дангаар болон холимог хэлбэрээр үйлдвэрийн аргаар нэмж үйлдвэрлэсэн хүнсийг;

 

                        4.1.2.“баяжуулагч бэлдмэл” гэж хүнсийг үйлдвэрийн аргаар баяжуулахад хэрэглэх аминдэм, эрдэс бодис, эсхүл тэдгээрийн холимгийг;

 

                        4.1.3.“албан журмаар баяжуулах хүнсний жагсаалт“ гэж Хүнсний тухай хуулийн 9.1.1-д заасан судалгааны дүнд үндэслэн баяжуулах хүнсний нэр төрөл болон баяжуулагч бэлдмэлийн найрлага, хэмжээг баталсан баримт бичгийг;

 

4.1.4.“хүнс баяжуулах” гэж хүнсэнд баяжуулагч бэлдмэлийг тогтоосон хэмжээ, стандартад заасан нөхцөл, технологийн дагуу үйлдвэрийн аргаар нэмэхийг.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХҮНС БАЯЖУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

5 дугаар зүйл.Хүнс баяжуулах үйл ажиллагаа

 

5.1.Хүнсний тухай хуулийн 9.1.1-д заасан судалгааны дүнг үндэслэн эрүүл мэндийн болон хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран албан журмаар баяжуулах хүнсний талаархи саналыг Засгийн газарт хүргүүлнэ.

 

5.2.Энэ хуулийн 5.1-д заасан саналыг үндэслэн албан журмаар баяжуулах хүнсний жагсаалтыг Засгийн газар батална.

 

5.3.Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь албан журмаар баяжуулсан хүнсний төрөл тус бүрээр бүтээгдэхүүний үндэсний стандартыг батална.

 

5.4.Баяжуулсан хүнс үйлдвэрлэгч энэ хуулийн 5.3-т заасан үндэсний стандартыг баримтлан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэн ажиллана.  

                                                                                                                     

5.5.Баяжуулсан хүнс үйлдвэрлэгч тухайн бүтээгдэхүүнийг болон баяжуулагч бэлдмэлийг итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулна.

 

6 дугаар зүйл.Хүнс баяжуулалтын талаархи төрийн байгууллагын  

                                                     бүрэн эрх, чиг үүрэг

 

            6.1.Улсын Их Хурал хүнс баяжуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

                        6.1.1.хүнсийг албан журмаар баяжуулахад шаардлагатай тоног төхөөрөмж болон баяжуулагч бэлдмэлийн импортыг дэмжих гааль, татвар, зээлийн бодлогыг тодорхойлох;

                        6.1.2.баяжуулсан хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг батлах;

 

                        6.1.3.хуульд заасан бусад.

 

            6.2.Засгийн газар хүнс баяжуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

                        6.2.1.баяжуулсан хүнсний тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;

 

                        6.2.2.баяжуулсан хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих үндэсний хөтөлбөр батлах;

 

                        6.2.3.энэ хуулийн 6.2.2-т заасан үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, өргөн мэдүүлэх;

 

                        6.2.4.хуульд заасан бусад.

 

            6.3.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүнс баяжуулалтын талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

            6.3.1.баяжуулсан хүнс үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх журмыг батлах;

 

                        6.3.2.баяжуулагч бэлдмэл, баяжуулсан хүнсийг Хүнсний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу бүртгэж, мэдээллийн сан үүсгэх;

 

6.3.3.баяжуулсан хүнс болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журмыг батлах.

 

            6.4.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүнс баяжуулалтын талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

                        6.4.1.албан журмаар баяжуулах хүнсний жагсаалтыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулах;

 

                        6.4.2.Хүнсний тухай хуулийн 9.1.1-д заасан судалгааны хүрээнд хүнс баяжуулалтын үр нөлөөг тооцох судалгааг таван жил тутамд үндэсний хэмжээнд зохион байгуулах;

 

                        6.4.3.энэ хуулийн 6.4.2-т заасан судалгааны дүнг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулах;

 

                        6.4.4.хүн амыг амин дэм, эрдэс бодисын дутлаас сэргийлэх, баяжуулсан хүнсний ач холбогдлын талаар иргэнийг мэдээллээр хангах, сургалт, сурталчилгаа зохион байгуулах.

 

            7 дугаар зүйл.Баяжуулсан хүнс үйлдвэрлэгчийн эрх, үүрэг

 

7.1.Баяжуулсан хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нь доор дурдсан эрхтэй:

7.1.1.төрөөс олгох дэмжлэг, урамшуулалд хамрагдах;

7.1.2.хуульд заасан бусад.

 

7.2.Баяжуулсан хүнс үйлдвэрлэгч Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаас гадна доор дурдсан үүрэгтэй:

 

7.2.1.энэ хуулийн 5.3-т заасан үндэсний стандарт, технологийн дагуу үйлдвэрлэл явуулах;

 

                        7.2.2.бүтээгдэхүүнээ итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулсны үндсэн дээр нийтийн хэрэгцээнд нийлүүлэх;

 

7.2.3.баяжуулсан хүнсний шошгод тэмдэг, тэмдэглэгээ тавих;

7.2.4.баяжуулсан хүнсний нэр, төрөл, үйлдвэрлэл, борлуулалтын мэдээллийг энэ хуулийн 6.3.2-т заасан мэдээллийн санд бүртгүүлэх;

 

                        7.2.5.хэрэглэгчийн эрхийг хүндэтгэх, үнэн зөв, бодит мэдээллээр хангах;

 

7.2.6.хүнс баяжуулах зориулалтын тоног төхөөрөмжтэй байх;

                        7.2.7.хуульд заасан бусад.

 

8 дугаар зүйл.Баяжуулагч бэлдмэл импортлогчийн эрх, үүрэг

 

8.1.Баяжуулагч бэлдмэл импортлогч доор дурдсан эрхтэй:

 

8.1.1.төрөөс олгох дэмжлэг, урамшуулалд хамрагдах;

8.1.2.хуульд заасан бусад.

 

            8.2.Баяжуулагч бэлдмэл импортлогч доор дурдсан үүрэгтэй:

 

                        8.2.1.энэ хуулийн 5.2-т заасан жагсаалтаар баталсан хүнс баяжуулахад хэрэгцээт найрлага бүхий баяжуулагч бэлдмэлийг импортлох;

 

                        8.2.2.экспортлогч улсын эрх бүхий байгууллагаас олгосон гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын баталгаажуулалтын гэрчилгээтэй баяжуулагч бэлдмэл импортлох;

 

                        8.2.3.баяжуулагч бэлдмэлийн чанарыг алдагдуулахгүй байх тээвэрлэлт, хадгалалтын горимыг мөрдөх;

 

                        8.2.4.хуульд заасан бусад.

 

            9 дүгээр зүйл.Баяжуулсан хүнс импортлох

 

9.1.Албан журмаар баяжуулах хүнстэй ижил нэр төрлийн импортын бүтээгдэхүүн нь Монгол Улсын үндэсний стандартын шаардлагыг хангасан байна.

 

9.2.Импортын баяжуулсан хүнс нь баяжуулсан болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээтэй байна.

 

9.3.Баяжуулсан хүнсийг импортлоход Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийг баримтална.

           

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БАЯЖУУЛСАН ХҮНСЭНД ТАВИХ ХЯНАЛТ

 

            10 дугаар зүйл.Баяжуулсан хүнсэнд тавих үйлдвэрлэгчийн хяналт

 

            10.1.Баяжуулсан хүнс үйлдвэрлэгч нь эгзэгтэй цэгийн хяналтыг хэрэгжүүлж, бүтээгдэхүүнээ дотоодын хяналтаар баталгаажуулна.

 

            11 дүгээр зүйл.Баяжуулсан хүнсэнд тавих төрийн хяналт

 

            11.1.Албан журмаар хүнс баяжуулах үйл ажиллагаанд тавих хяналтын журмыг мэргэжлийн хяналтын байгууллага /цаашид “Хяналтын байгууллага” гэх/ батална.

 

11.2.Баяжуулсан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд хяналтын байгууллагын хүнсний чанар, стандартын улсын байцаагч хяналт тавьж ажиллана.

 

11.3.Хилийн боомт, гүний гаалийн дэргэдэх хүнсний чанар, стандартын улсын байцаагч нь хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүртгэлийг үндэслэн баяжуулагч бэлдмэлийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулахыг зөвшөөрч, экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг олгоно.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

 

12 дугаар зүйл.Баяжуулсан хүнсний тухай хууль тогтоомж зөрчигчид

                                 хүлээлгэх хариуцлага

 

12.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд[7] заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

12.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Зөрчлийн тухай хуульд[8] заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

            13 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

            13.1.Энэ хуулийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                  М.ЭНХБОЛД

 

[1] Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн.

[2] Эрүүл мэндийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 21 дугаарт нийтлэгдсэн.

[3] Хүнсний тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 02 дугаарт нийтлэгдсэн.

[4] Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013   оны 02 дугаарт нийтлэгдсэн.

[5] Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 10 дугаарт нийтлэгдсэн.

[6] Төрийн хяналт шалгалтын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2003 оны 02 дугаарт  нийтлэгдсэн.

[7] Төрийн албаны тухай хууль  “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн.

[8] Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.