2018 оны 01 сарын 19 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ДОНОРЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг нь аврах зорилгоор сайн дураараа цус, эс, эд, эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгах, цусны аюулгүй байдлыг хангах цогц үйл ажиллагаа болон уг үйл ажиллагааны талаархи төрийн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэний эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Донорын хууль тогтоомж
2.1.Донорын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль[2], Эрүүл мэндийн тухай хууль[3], Эрүүл мэндийн даатгалын тухай хууль[4], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“хүний эс, эд, эрхтэн” гэж хүний эрхтэн, эрхтний хэсэг, эс болон эдийн нийлмэл бүрдлийг;
3.1.2.“амьд донор” гэж өөрийн болон хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан эс, эд, эрхтэн болон эрхтний хэсгээ сайн дураар өгөгчийг;
3.1.3.“амьгүй донор” гэж тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан, нас барсан нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгахаар авч болох цогцсыг;
3.1.4.“тархины үхэл” гэж тархины болон тархины багана хэсгийн бүх үйл ажиллагаа эргэж сэргэшгүйгээр алдагдсан байдлыг;
3.1.5.“цусны донор” гэж хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цусаа өгөгчийг;
3.1.6.“цусны байнгын донор” гэж жилд хоёр ба түүнээс дээш удаа цусаа өгөгчийг;
3.1.7.“цус, цусан бүтээгдэхүүн” гэж эмчилгээний зорилгоор донорын цуснаас үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн бүтээгдэхүүнийг;
3.1.8.“цус, цусны бүрэлдэхүүн хэсэг” гэж эмчилгээний ач холбогдол бүхий бүхэл цус, цусны эс, сийвэнг;
3.1.9.“цусны аюулгүй байдлыг хангах цогц үйл ажиллагаа” гэж донорын үйлсийг сурталчлах, алдаршуулах, урамшуулах, цусны донор элсүүлэх, цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, экспортлох, импортлох ажиллагааг;
3.1.10.“реципиент” гэж амь нас, эрүүл мэндээ хамгаалах зорилгоор донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгуулах, цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх зайлшгүй шаардлагатай хүнийг;
3.1.11.“эс, эдийн тохироо” гэж донор болон реципиентийн эс, эд удам зүйн шинжээрээ тохирохыг;
3.1.12.“хүйн цус” гэж нярайн хүй таслагдсаны дараа ихсийн хүйн судсанд байгаа цусыг;
3.1.13.“үүдэл эс” гэж хүйн цус, захын цус, ясны хэмээс гаргаж авсан эсийн бүрдлийг;
3.1.14.“бэлгийн эс” гэж эр, эм бэлгийн эсийг;
3.1.15.“донор бэлгийн эс” гэж өөр хүний эр, эм бэлгийн эсийг;
3.1.16.“тээгч эх” гэж бусдын үр хөврөлийг тээж, хүүхэд төрүүлэх эмэгтэйг;
3.1.17.“хүний эс, эд, эрхтнийг авах” гэж амьд болон амьгүй донороос эс, эд, эрхтэн болон эрхтний хэсгийг эмнэлгийн нөхцөлд авахыг;
3.1.18.“шилжүүлэн суулгалт” гэж эмнэлгийн нөхцөлд донорын эс, эд, эрхтнийг реципиентэд суулгах мэс ажилбарыг;
3.1.19.“эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба” /цаашид “зохицуулах алба” гэх/ гэж эс, эд, эрхтнийг бүртгэх, нийлүүлэх, тээвэрлэх, хадгалах, хянах чиг үүрэг бүхий албыг;
3.1.20.“сорьц” гэж оношилгоо, эмчилгээ, судалгаа болон урьдчилан сэргийлэх, хяналт хийх зорилгоор хүнээс авсан цус, эс, эд, эрхтний хэсгийг.
4 дүгээр зүйл.Донорын үйл ажиллагаанд баримтлах зарчим
4.1.Донорын үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
4.1.1.хууль, хүний эрхийг дээдлэх;
4.1.2.хүмүүнлэг, энэрэнгүй байх;
4.1.3.ялгаварлан гадуурхахгүй байх;
4.1.4.аюулгүй байдлыг хангах;
4.1.5.хувь хүний нууцыг хамгаалах;
4.1.6.авлагагүй, сайн дурын байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ДОНОРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА,
БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
5 дугаар зүйл.Донорын үйл ажиллагааны удирдлагын
тогтолцоо
5.1.Цусны аюулгүй байдлыг хангах цогц үйл ажиллагааны удирдлагын тогтолцоо нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага, Монголын улаан загалмай нийгэмлэг, нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлага болон Засаг даргаас бүрдэнэ.
5.2.Донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааны удирдлагын тогтолцоо нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, зохицуулах алба болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын удирдлагаас бүрдэнэ.
6 дугаар зүйл.Донорын үйл ажиллагааны талаархи
Засгийн газрын бүрэн эрх
6.1.Донорын үйл ажиллагааны талаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.цусны аюулгүй байдал, донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах талаар баримтлах бодлогыг батлах, биелэлтийг хангах;
6.1.2.Засгийн газар хоорондын болон олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
6.1.3.цусны аюулгүй байдал, донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах тогтолцоог бүрдүүлэх, түүнтэй холбогдон гарах зардлын санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх;
6.1.4.гамшгийн үед цус, цусан бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох бэлдмэлээр хангах, нөөцийг бүрдүүлж нөхөн хангалт хийх, бэлэн байдлыг хангах;
6.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
7 дугаар зүйл.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллагын эрх, үүрэг
7.1.Донорын үйл ажиллагааны талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь эрх, үүрэгтэй:
7.1.1.донорын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
7.1.2.цусны аюулгүй байдал, донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах талаархи төрөөс баримтлах бодлого боловсруулах;
7.1.3.цусны аюулгүй байдал, донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд хяналт тавих;
7.1.4.эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулах;
7.1.5.цусны аюулгүй байдал, эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах цогц үйл ажиллагааг зохион байгуулах, холбогдох журам, заавар, стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах;
7.1.6.энэ хуулийн 13.2-т заасан зөвшөөрлийн хуудасны загварыг батлах;
7.1.7.хуульд заасан бусад эрх, үүрэг.
8 дугаар зүйл.Нутгийн өөрөө удирдах байгууллага,
Засаг даргын эрх, үүрэг
8.1.Донорын үйл ажиллагааны талаар нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга дараахь эрх, үүрэгтэй:
8.1.1.цусны донорын үйлсийг сурталчлах, эгнээг өргөжүүлэх, донор хадгалалтыг сайжруулах үйл ажиллагааг дэмжиж ажиллах;
8.1.2.гамшгийн үед харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагад цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, нөхөн сэлбэхэд шаардагдах нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэж, удирдлага зохион байгуулалтаар хангах.
9 дүгээр зүйл.Зохицуулах албаны эрх, үүрэг
9.1.Зохицуулах алба нь донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах талаар дараахь эрх, үүрэгтэй:
9.1.1.эс, эд, эрхтний донорын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих;
9.1.2.тархины үхэл тодорхойлох, нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах, тандалт хийх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
9.1.3.донорын эс, эд, эрхтнийг бүртгэх, сонгох, нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, хянах үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудaл эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан заавар, журмын дагуу гүйцэтгэх;
9.1.4.реципиентийг хүлээх жагсаалтад бүртгэх, хяналт тавих;
9.1.5.эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааны талаархи нэгдсэн мэдээллийн сан ажиллуулах;
9.1.6.донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааны талаархи мэдээ, тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргах, холбогдох байгууллагад хүргүүлэх;
9.1.7.донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах асуудлаар иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хууль зөрчсөн үйлдлийн талаархи мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэх;
9.1.8.донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах.
10 дугаар зүйл.Эрүүл мэндийн байгууллагын эрх, үүрэг
10.1.Эрүүл мэндийн байгууллага дараахь эрх, үүрэгтэй:
10.1.1.цус, эс, эд, эрхтнээ өгсөн донорын эрүүл мэндэд учирч болзошгүй хүндрэл, сөрөг нөлөөллөөс сэргийлэх үзлэг, шинжилгээ хийх;
10.1.2.Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.11, 15.1.12, 15.1.13-т заасан байгууллага тархины үхэл тодорхойлох мэргэжлийн багийг ажиллуулах;
10.1.3.реципиентэд тавих нөхцөл, шаардлага, үзүүлэлт хангасан хүнийг хүлээх жагсаалтад бүртгүүлэхээр зохицуулах албанд мэдээлэх;
10.1.4.энэ хуулийн 13.2-т заасан мэдээллийг эрүүл мэндийн байгууллага хүлээн авснаас хойш 6 цагийн дотор зохицуулах албанд мэдэгдэх;
10.1.5.тухайн эрүүл мэндийн байгууллагад донорын эс, эд, эрхтнийг авах ажилбарыг гүйцэтгэх боломжгүй тохиолдолд амьгүй донорын эрчимт эмчилгээг үргэлжлүүлэх, зөөвөрлөх бэлэн байдлыг хангуулах талаар зохицуулах албатай хамтран ажиллах;
10.1.6.амьгүй донороос эс, эд, эрхтнийг авсны дараа цогцсын гадаад байдлыг цэгцлэх үүргийг цогцос хадгалж байгаа эрүүл мэндийн байгууллага хүлээх.
10.2.Донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах эрүүл мэндийн байгууллага дараахь эрх, үүрэгтэй:
10.2.1.амьд болон амьгүй донороос эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах ажиллагааг стандартын дагуу гүйцэтгэх;
10.2.2.реципиент болон донортой холбоотой мэдээллийг зохицуулах албанд тухай бүр мэдээлэх.
10.3.Эрүүл мэндийн байгууллага нь эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, шаардлагатай эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, сургах нөхцөлийг бүрдүүлнэ.
11 дүгээр зүйл.Санхүүжилтийн тогтолцоо
11.1.Цусны донорын үйлсийг сурталчлах, элсүүлэх, цус авах, шинжлэх, цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагааны санхүүжилт нь улсын болон орон нутгийн төсөв, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэний хандив, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
11.2.Донорын эс, эд, эрхтнийг эмчилгээний зориулалтаар авах, шилжүүлэн суулгах үйл ажиллагааны санхүүжилт нь улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, реципиентийн төлөх төлбөр, Засгийн газрын тусгай сан, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, иргэний хандив, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
11.3.Донорын цус, цусан бүтээгдэхүүн болон донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний үнийн жишгийг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Донор, реципиент, эрүүл мэндийн БАЙГУУЛЛАГА,
ажилтанд тавигдах шаардлага
12 дугаар зүйл.Донорт тавигдах шаардлага
12.1.Донор нь хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан цус, эс, эд, эрхтнээ өгөхдөө ашгийн төлөө бус, авлагагүй, сайн дурын байна.
12.2.Донорыг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахыг хориглоно.
12.3.Донорын үйл ажиллагааг ашиг орлогын эх үүсвэр болгох, тулган шаардах, худалдахыг хориглоно.
12.4.Цусны донорт дараахь ерөнхий шаардлага тавигдана:
12.4.1.цусны донор нь өөрийн эрүүл мэндийн байдлыг үнэн зөвөөр мэдэгдэх;
12.4.2.эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан донор сонгох шалгуур үзүүлэлттэй танилцаж, зөвшөөрлөө бичгээр өгөх.
13 дугаар зүйл.Донорын эрх, үүрэг
13.1.Донор дараахь эрх, үүрэгтэй:
13.1.1.цус, эс, эд, эрхтнээ өгөх явцдаа өөрийн эрүүл мэнд, амь нас аюулгүй байх эрхээр хангагдах;
13.1.2.донорын үүргээ гүйцэтгэх үедээ Хөдөлмөрийн тухай хуулийн[5] 64.1-д заасан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор авах;
13.1.3.донорын эрүүл мэндэд учирсан хохирол, гарсан хүндрэл нь цус сэлбүүлэх, эс, эд эрхтнийг шилжүүлэх ажилбарын технологийн заавар зөрчигдсөнөөс үүссэн нь тогтоогдсон бол донор цус сэлбэсэн, эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгасан буруутай этгээд, байгууллагаар хохирлоо нөхөн төлүүлэх;
13.1.4.донор нь цус, эс, эд, эрхтнээ өгөхдөө тухайн ажилбарыг гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулах, заавал даатгуулах болон бусад даатгалд хамрагдах;
13.1.5.амьд донор эрхтнээ өгсний дараа хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд Нийгмийн даатгалын тухай хуулийн[6] 28.2-т заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох;
13.1.6.цусны донорын үйлсийг сурталчлах, эгнээг өргөжүүлэх ажилд оролцох.
13.2.Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно.
13.3.Энэ хуулийн 13.2-т заасан тэмдэглэгээ хийх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
13.4.Эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ иргэн өөрчилж болно.
14 дүгээр зүйл.Амьд донороос эс, эд, эрхтэн авах
14.1.Энэ хуулийн 12.1-д заасан шаардлагыг хангасан, сэтгэцийн хувьд эрүүл, 25 насанд хүрсэн, эс, эд, эрхтнээ өгөх тухай зөвшөөрлөө бичгээр гаргасан донороос түүний амь насанд аюул учруулахгүйгээр эмнэлгийн нөхцөлд эс, эд, эрхтнийг авна.
14.2.Хүүхдээс ясны хэм, чөмөг, хүйн цус авахдаа 14 хүртэлх настай бол эцэг, эх болон асран хамгаалагчийн, 14-өөс дээш настай бол өөрийнх нь болон эцэг, эх, харгалзан дэмжигч, асран хамгаалагчийн бичгээр гаргасан зөвшөөрлийг урьдчилан авсан байна.
15 дугаар зүйл.Амьгүй донороос эс, эд, эрхтэн авах
15.1.Тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтэн авна.
15.2.Энэ хуулийн 13.2-т зааснаас бусад амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр авна.
15.3.Амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа зүрхний үйл ажиллагааг зохиомлоор удирдана.
15.4.Донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах ажилбарт оролцож байгаа буюу реципиентийг эмчилж байгаа эмч энэ хуулийн 10.1.2-т заасан багийн бүрэлдэхүүнд орохыг хориглоно.
16 дугаар зүйл.Реципиентэд тавигдах шаардлага
16.1.Үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол харгалзахгүйгээр иргэн эрүүл мэндээ сайжруулах, амь насаа аврах зорилгоор донорын цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгуулах ажилбарыг хийлгэж болно.
16.2.Донорын эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах, цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх зөвшөөрлийг 18 насанд хүрсэн реципиентээс өөрийнх нь, хүүхэд болон эрх зүйн бүрэн чадамжгүй иргэний эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлийг бичгээр авсны үндсэн дээр гүйцэтгэнэ.
16.3.Реципиент нь зохицуулах албанаас гаргасан дүрэм, журам, мэргэжлийн багийн зөвлөгөөг чанд мөрдөнө.
17 дугаар зүйл.Эрүүл мэндийн байгууллага, ажилтанд
тавигдах шаардлага
17.1.Донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах ажилбарыг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий мэргэжлийн баг хариуцан гүйцэтгэнэ.
17.2.Донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах ажилбар гүйцэтгэхэд оролцсон эмнэлгийн мэргэжилтэн нь донор болон реципиент, тэдний гэр бүлийн гишүүнээс төлбөр, урамшуулал авахыг хориглоно.
17.3.Эмч, эрүүл мэндийн ажилтан донор болон реципиентийн нууцыг хадгалж, донорын шинжилгээний явцад илэрсэн эмгэг өөрчлөлтийг зөвхөн өөрт нь мэдээлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Донороос цус, эс, эд, эрхтэн авах, шинжлэх,
боловсруулах, хадгалах,тээвэрлэх,
шилжүүлэн суулгах, устгах
18 дугаар зүйл.Донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгахад
тавих үндсэн шаардлага
18.1.Донор, реципиентийн эс, эд, эрхтний тохироог үзэх, донороос авсан эс, эд, эрхтнийг шинжлэх, шилжүүлэн суулгах ажилбарыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн баг гүйцэтгэнэ.
18.2.Шилжүүлэн суулгах эс, эд, эрхтнийг амьгүй донороос авах бөгөөд хэрэв амьд донороос авах бол эс, эдийн тохироо нь нийцсэн, эмгэг өөрчлөлтгүй, гэр бүлийн гишүүнээс авна.
18.3.Хүүхдээс ясны хэм, үүдэл эс, чөмөг, хүйн цуснаас бусад эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах зориулалтаар авахыг хориглоно.
18.4.Нэг донорын бэлгийн эсийг зөвхөн нэг удаагийн амьд төрөлтөд ашиглахыг зөвшөөрнө.
18.5.Эрүүл мэндийн шалтгаанаар өөрөө жирэмслэх, ураг тээх, хүүхэд төрүүлэх чадваргүй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон эмэгтэйг тээгч эхээр дамжуулан хүүхэдтэй болохыг зөвшөөрнө.
18.6.Үр хөврөлийг эцэг, эхээс нь бусад хүмүүст ашиглахыг хориглоно.
18.7.Донор бэлгийн эс ашиглах, үр хөврөлийг шилжүүлэн суулгах, тээгч эхэд үзүүлэх тусламж, үйлчилгээний журам, талуудын хооронд байгуулах гэрээний загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
19 дүгээр зүйл.Донорын цус, эс, эд, эрхтнийг эмчилгээний
зориулалтаар авах, шинжлэх, боловсруулах,
хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах, устгах
19.1.Донороос цус, эс, эд, эрхтэн авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, сэлбэх, шилжүүлэн суулгах, устгах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
19.2.Магадлан итгэмжлэгдсэн, тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллага нь цус, цусан бүтээгдэхүүн, донорын эс, эд, эрхтнийг зохих журмын дагуу авч шинжилж, хадгалж, тээвэрлэнэ.
20 дугаар зүйл.Донорын цус, цусан бүтээгдэхүүн, эс, эд,
эрхтнийг улсын хилээр нэвтрүүлэх
20.1.Цус, цусан бүтээгдэхүүн, эс, эд, эрхтнийг ашиг олох зорилгоор экспортолж, импортлохыг хориглоно.
20.2.Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу зөвхөн эмчилгээний зориулалтаар баталгаажсан эд, эрхтнийг импортолж, цус, цусан бүтээгдэхүүнийг экспортолж, импортолж болно.
20.3.Донорын цус, цусан бүтээгдэхүүн, сорьц, эд, эрхтнийг улсын хилээр нэвтрүүлэх журмыг Засгийн газар батална.
ТАВДУГААР БҮЛЭГ
Цусны донорын эгнээг өргөжүүлэх
21 дүгээр зүйл.Цусны донорын үйлсийг сурталчлах, элсүүлэх
21.1.Цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор донорын хөдөлгөөнийг сурталчлах, элсүүлэх ажлыг Монголын улаан загалмай нийгэмлэг, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулна.
21.2.Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн донорын эгнээг өргөжүүлэх үйл ажиллагаа, үйлсийг сурталчлах, тэдгээрт зориулсан сургалт явуулахад цусны асуудал хариуцсан байгууллагад дэмжлэг үзүүлнэ.
22 дугаар зүйл.Цусны донорын үйлсэд идэвхтэй оролцсон иргэн,
байгууллагыг алдаршуулах, урамшуулах
22.1.Цусны байнгын болон амьд донорт эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цусаа 35-аас дээш удаа өгсөн донорыг магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй сувилуулах журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
22.2.Цусны донорыг алдаршуулах, урамшуулах зорилгоор эд материал, санхүү, сэтгэл зүйн тусламж үзүүлж болох бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагаас шагнаж урамшуулж болно.
22.3.Цус сэлбэлтийн асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллага цусны донорын бүртгэл мэдээллийн санг ажиллуулах бөгөөд холбогдох байгууллагад мэдээллийг тогтмол хүргүүлнэ.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
23 дугаар зүйл.Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих
23.1.Донорын хууль тогтоомжийн хэрэгжилтэд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын болон холбогдох бусад байгууллага хяналт тавина.
24 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
24.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
24.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль[7], эсхүл Зөрчлийн тухай хуульд[8] заасан хариуцлага хүлээлгэнэ.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
[1] Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.
[2] Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл”
эмхэтгэлийн 2016 оны 5 дугаарт нийтлэгдсэн.
[3] Эрүүл мэндийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 21 дугаарт нийтлэгдсэн.
[4] Эрүүл мэндийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 8 дугаарт
нийтлэгдсэн.
[5] Хөдөлмөрийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1999 оны 25 дугаарт нийтлэгдсэн.
[6] Нийгмийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 8 дугаарт нийтлэгдсэн.
[7] Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/ “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 7 дугаар нийтлэгдсэн.
[8] Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.