Малын генетик нөөцийн тухай

2017/12/14 14:08 558

 

2017 оны 12 сарын 14 өдөр                                                        Төрийн ордон, Улаанбаатар хот

  

  МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ

 

 НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

 НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

            1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

            1.1.Энэ хуулийн зорилт нь мал болон ашиг шимийг нь ашигладаг тэжээвэр амьтан /цаашид “мал” гэх/-ны генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглах, судлан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

            2 дугаар зүйл.Малын генетик нөөцийн хууль тогтоомж

 

            2.1.Монгол Улсын малын генетик нөөцийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль[2], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

            2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

            3 дугаар зүйл.Хуулийн хамрах хүрээ

 

            3.1.Энэ хууль нь Монгол Улсад үржүүлж байгаа мал, түүний үржүүлгийн бүтээгдэхүүн болон тэдгээртэй холбогдох уламжлалт мэдлэгт хамааралтай харилцаанд үйлчилнэ.

 

            3.2.Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийг бүртгэх, түгээн дэлгэрүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэхээс бусад уламжлалт мэдлэгтэй холбогдох харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

 

            4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

            4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

 

                        4.1.1.“мал” гэж уламжлагдан маллаж ирсэн таван хошуу малыг; 

                        4.1.2.“тэжээвэр амьтан” гэж ашиг шимийг нь ашиглах болон бусад хэрэгцээнд зориулан гэршүүлэн үржүүлж байгаа амьтныг;

 

                        4.1.3.“малын генетик нөөц” гэж мал, түүний үржүүлгийн бүтээгдэхүүн болон тэдгээртэй хамааралтай уламжлалт мэдлэгийг;

           

                        4.1.4.“малын үржүүлгийн бүтээгдэхүүн” гэж малын удамшлын мэдээлэл агуулсан ДНХ, РНХ, биеийн эс, өндгөн эс, үр, хөврөл, сорьц болон бусад бүрэлдэхүүнийг;

 

                        4.1.5.“уламжлалт мэдлэг” гэж малын генетик нөөцийг ашиглах  явцад өвлөгдөн уламжлагдаж ирсэн арга, аман болон бичгэн хэлбэрийн мэдээлэл, дадал заншлыг;

 

                        4.1.6.“малын генетик нөөцийн төлөв байдал” гэж үнэлгээний үндсэн дээр тогтоосон малын генетик нөөцийн төрөл, зүйл, үүлдэр, омог, тоо хэмжээ, чанар, хүрэлцээ, хангамж, тэдгээрийн хувьсал, өөрчлөлтийг;

 

                        4.1.7.“цөм сүрэг” гэж тухайн үүлдэр, омгоос ашиг шимийн хэмжээ, чанараар давуу хэсгийг сонгон үржүүлж байгаа сүрэг малыг;

                                   

                        4.1.8.“малын генийн сан” гэж тусгай орчинд хадгалагдаж байгаа малын үржүүлгийн бүтээгдэхүүний сорьц, дээж, цуглуулгыг;

 

                        4.1.9.“гойд ашиг шимт мал” гэж үүлдэр, омгийн мал сүргээс үржил, ашиг шимийн нэг буюу хэд хэдэн чанараар онцлог давуу болох нь баталгаажсан малыг;

 

                        4.1.10.“малын генетик нөөцийг ашиглах” гэж малын генетик нөөцийн ашигт шинж чанарыг хөгжүүлж, үр шим, ашгийг нь хүртэх үйл ажиллагааг;

 

                        4.1.11.“малчин” гэж Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.14-д заасныг;

                       

                        4.1.12.“мал бүхий этгээд” гэж Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн[3] 4.1.3-т заасныг;

 

                                    4.1.13.“хуулийн этгээд” гэж Иргэний хуулийн[4] 25.1-д заасныг.

 

       ХОЁРДУГААР БҮЛЭГ

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙГ БҮРТГЭХ,

ТӨЛӨВ БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХ

 

            5 дугаар зүйл.Малын генетик нөөцийн бүртгэл

 

            5.1.Малын генетик нөөцийн бүртгэл дараахь хэлбэртэй байна:

 

                        5.1.1.малын бүртгэл;

                        5.1.2.үржүүлгийн бүтээгдэхүүний бүртгэл;

                        5.1.3.малын удам зүйн үнэлгээний бүртгэл;

                        5.1.4.малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийн бүртгэл.

 

            5.2.Малыг үл давтагдах хувийн дугаараар ялган тэмдэглэж, бүртгэнэ.

 

            5.3.Энэ хуулийн 5.1.1-д заасан бүртгэлд мал үржүүлэгч этгээдийн нэр, хаяг, улсын бүртгэлийн дугаар, малын байршил, төрөл, удам гарваль, нас, хүйс, үүлдэрлэг байдал, өсөлт, хөгжилт, сүргийн нөхөн үйлдвэрлэл, ашиг шимийн гарц, чанар, эрүүл мэндийн үзүүлэлт, маллагааны арга хэлбэр, шилжилт хөдөлгөөн, шаардлагатай бусад мэдээллийг хамааруулна.

 

            5.4.Малчин дэмжлэг урамшуулалд хамрагдах, малаа даатгалд хамруулах, барьцаалж зээл авах, худалдах, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд энэ хуулийн 5.1.1-д заасан бүртгэлийг үндэслэнэ.

           

                        5.5.Энэ хуулийн 5.1.1, 5.1.4-т заасан бүртгэлийг энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгж, малчин, мал бүхий этгээд, мал бүхий хуулийн этгээдтэй хамтран хийж, сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасаг хариуцан энэ хуулийн 16.8-д заасан байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлнэ.

 

            5.6.Энэ хуулийн 5.1.2-т заасан бүртгэлд үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл зүйл, хэлбэр, тоо хэмжээ, чанарын үзүүлэлт, үйлдвэрлэгдсэн огноо, үйлдвэрлэгчийн байршил, улсын бүртгэлийн дугаар, ашиглалтын төлөв байдлын бүртгэлийг хамааруулах ба энэ хуулийн 15.1-д заасан байгууллага бүртгэлийг хариуцан гүйцэтгэнэ.

 

            5.7.Малын генетик нөөцийн мэдээллийг нэгтгэх, ашиглах, хянах, олон улсын болон бүс нутгийн мэдээллийн сүлжээтэй мэдээлэл солилцох, хэрэглэгчийг мэдээллээр хангах үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан (цаашид “нэгдсэн сан” гэх)-гийн үйл ажиллагааг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцийн нэгж хариуцна.

 

            5.8.Энэ хуулийн 5.7-д заасан нэгдсэн санг бүрдүүлэх, тайлагнах журмыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага статистикийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран батална.

 

            5.9.Энэ хуулийн 5.1.1, 5.1.3-т заасан бүртгэлийн журам, малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийг бүртгэх үйл ажиллагааны аргачлалыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

            6 дугаар зүйл.Малын удам зүйн үнэлгээ

 

            6.1.Малын удам зүйн үнэлгээнд үржлийн малын удам гарваль, ашиг шим, зүс, галбир, бие цогцос, үр төлийн чанар, геномын өвөрмөц тогтцын үзүүлэлт хамаарна.

 

            6.2.Удам зүйн үнэлгээг энэ хуулийн 15.1-д заасан байгууллага, салбарын сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгж нь технологийн арга зүй, аргачлал, зааврын дагуу хийнэ.

 

            6.3.Энэ хуулийн 6.1-д заасан үнэлгээнд хамрагдсан малыг хувийн дугаараар ялган тэмдэглэнэ.

 

            6.4.Үржлийн малын удам гарваль, ашиг шим, зүс, галбир, бие цогцос, үр төлийн чанарын үнэлгээг энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгж, малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдтэй хамтран гүйцэтгэж, бүртгэл хөтөлнө.

 

            6.5.Малын геномын өвөрмөц тогтцын үзүүлэлтийг тодорхойлох молекул генетикийн шинжилгээг энэ хуулийн 15.1-д заасан байгууллага, салбарын сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, лавлагаа лаборатори тус тус хийж, энэ тухай бүртгэл хөтөлнө.

           

            6.6.Энэ хуулийн 6.4, 6.5-д заасан бүртгэлийн мэдээллийг хариуцагч тухай бүр нэгдсэн санд хүргүүлнэ.  

 

            6.7.Удам зүйн үнэлгээ болон үржил селекцийн ажлын хүрсэн түвшний хянан магадлагаанд үндэслэн үржлийн малыг үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог /цаашид “үүлдэр, омог” гэх/-оор баталгаажуулна.

 

            6.8.Монгол Улсад хоёр болон түүнээс дээш үе үржүүлсэн үүлдрийн малыг нутагшсан үүлдрээр хянан баталгаажуулж болно.

 

            6.9.Үржлийн малд хянан магадлагаа хийх, баталгаажуулах, үүлдэрлэг байдлыг тодорхойлох, хяналт тавих журам, энэ хуулийн 6.2-т заасан зааврыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

            6.10.Энэ хуулийн 6.7, 6.8-д заасан үнэлгээ, хянан магадлагаа хийх, баталгаажуулах ажлыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилсон ажлын хэсэг гүйцэтгэнэ. 

 

            6.11.Малд удам зүйн үнэлгээ хийх, мэдээллийг нэгтгэн баталгаажуулах, малын үүлдэр, ашиг шимийн стандартыг мөрдүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага удирдлага, зохион байгуулалтаар хангана.

 

            7 дугаар зүйл.Малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох

 

            7.1.Малын генетик нөөцийн төлөв байдлыг олон улсын мэргэжлийн байгууллагын зөвлөмж, зааврын дагуу гурван жил тутам малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон мэргэшсэн шинжээчийн баг тодорхойлно.

           

            7.2.Энэ хуулийн 7.1-д заасан шинжээчийн баг малын генетик нөөцийн төлөв байдлын тайланг Үндэсний зөвлөлдөх хороогоор хэлэлцүүлж, гарсан дүгнэлтийг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жилийн гуравдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

 

            7.3.Засгийн газар малын генетик нөөцийн төлөв байдлын үндэсний тайланг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлнэ.

 

            7.4.Бүс нутгийн болон олон улсын түвшинд Монгол Улсын малын генетик нөөцийн асуудлыг хариуцах орон тооны Үндэсний зохицуулагч малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцэд байх бөгөөд энэ нь Ерөнхий мал зүйч байна.

 

      ГУРАВДУГААР БҮЛЭГ

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙГ АШИГЛАХ,

СУДЛАН ХӨГЖҮҮЛЭХ

 

            8 дугаар зүйл.Малын генетик нөөцийг ашиглах

 

            8.1.Малын генетик нөөцийг дараахь зориулалтаар ашиглаж, судлан хөгжүүлнэ:

 

                        8.1.1.малын үүлдэрлэг байдлыг батжуулан сайжруулах, ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэх;

 

                        8.1.2.бүс нутгийн онцлогт дасан зохицсон малын шинэ үүлдэр, омог бий болгох;

 

                        8.1.3.малын эрсдэл даах чадавхыг бататган бэхжүүлэх;

                        8.1.4.мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээнд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх;

 

                        8.1.5.мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;

 

                        8.1.6.тэжээллэг, аюулгүй хүнс үйлдвэрлэж, нийлүүлэх;

                        8.1.7.малын ашиг шим, түүхий эдийн чанарын шинжилгээ, үнэлгээ хийж, үндэсний үйлдвэр, зах зээлд чанартай түүхий эд нийлүүлэх;

 

                        8.1.8.мал аж ахуйн үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг үнэ болон чанартай уялдуулан хөгжүүлж, үнэ цэнийн сүлжээ бий болгох;

 

                        8.1.9.генетик нөөцийн биет болон биет бус үнэлгээг хийлгэх, эдийн засгийн эргэлтэд оруулж үр шим, ашиг хүртэх;

 

                        8.1.10.бусад.

 

            8.2.Малын төрөл, ашиг шимийн чиглэл, үүлдэр, омгийн онцлогийг харгалзан сүргийн зохистой бүтэц, харьцааг энэ хуулийн 16.1-д заасан үндэсний хөтөлбөрт тусгаж зохицуулна.

 

            8.3.Малын генетик нөөцийг ашиглахад малчин, мал бүхий этгээд,     хуулийн этгээд дараахь эрх эдэлнэ:

 

                        8.3.1.генетик нөөц ашигласны үр шимийг хүртэх;

                        8.3.2.энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгжийг сонгон мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ авах;

 

                        8.3.3.энэ хуулийн 13.4-т заасан урамшуулал авах;

                        8.3.4.баталгаажсан цөм сүргээс үржлийн мал бойжуулах, борлуулах;

                        8.3.5.энэ хуулийн 13.2-т заасан бүс нутагт зөвшөөрөгдсөн малын төрөл, үүлдэр, омгоос хээлтүүлэгч сонгон үржилд ашиглах;

 

                        8.3.6.бэлчээр, ус, хужир марааг зөв зохистой ашиглах.

 

            8.4.Малын генетик нөөцийг ашиглахад малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд дараахь үүрэг хүлээнэ:

 

                        8.4.1.тухайн бүс нутагт үржүүлэхийг зөвшөөрсөн үүлдэр, омгийн хээлтүүлэгчийг ашиглах, малыг сонгон үржүүлэхдээ ашиг шимийн чиглэлийг дур мэдэн өөрчлөхгүй, эрх бүхий мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөр үүлдрийн малыг сайжруулагчаар ашиглахгүй байх;

 

                        8.4.2.үр, хөврөлийг энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгжийн хяналтын доор ашиглах;

                       

                        8.4.3.бог малын хээлтүүлэгчийг нийлүүлгийн бус улиралд эх сүргээс тусгаарлаж, энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгжид ялган төвлөрүүлэх, зөвхөн үржлийн насны малыг  нийлүүлэгт оруулах;

                                   

                        8.4.4.мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний жишиг үнээр тогтоосон зардлыг хариуцах; 

                       

                        8.4.5.мал сүрэгт үзлэг, ангилалтыг технологийн зохистой хугацаанд жил бүр хийлгэж, ашиг шимт чанарыг үнэлүүлэх, баталгаажуулах, үржлийн малын удам гарваль, ашиг шимийн бүртгэл хөтлөх, стандартын шаардлагад тэнцэхгүй хээлтүүлэгчийг үржлээс хасах;

 

                        8.4.6.малын генетик нөөцийг тогтвортой ашиглахтай холбогдох хууль тогтоомж, шийдвэрийг биелүүлэх;

                       

                        8.4.7.үржлийн малын удам гарвалийн гэрчилгээ болон шилжилт хөдөлгөөний тодорхойлолтыг сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасгаас авах;

                       

                        8.4.8.малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийг  сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт бүртгүүлэх, түгээн дэлгэрүүлэх;

                       

                                    8.4.9.холбогдох журам, зааврын дагуу малыг ялган тэмдэглэх, сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасгийн нэгдсэн бүртгэлд хамруулах.

           

            8.5.Үүлдэр, омог бүрээс цөм сүрэг бүрдүүлнэ. Цөм сүргийг бүрдүүлэхэд өмчийн хэлбэр харгалзахгүй.

           

            8.6.Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд малын үүлдэр ашиг шимийн орон тооны бус зөвлөлийг байгуулж болно.

 

                        8.7.Малчин өрхийг үндэсний үйлдвэрлэгчээр бүртгэж, гэрчилгээ, баталгааны тэмдэг, малчинд мэргэжлийн үнэмлэх олгоно.

 

            8.8.Энэ хуулийн 8.7-д заасан гэрчилгээ, баталгааны тэмдэг, мэргэжлийн үнэмлэх олгох, хэрэглэх болон малчин өрхийг үндэсний үйлдвэрлэгчээр бүртгэх журмыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

            8.9.Малчин өрх мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулахдаа энэ хуулийн 8.8-д заасан журмын дагуу баталгааны тэмдэг хэрэглэнэ.  

 

            9 дүгээр зүйл.Малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл

           

              9.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай  хуулийн[5] 15.11.7-д заасан үйл ажиллагааг эрхлэх иргэн, хуулийн этгээд нь доор дурдсан агуулга бүхий хүсэлтийг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана:

           

            9.1.1.үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх үр, өндгөн эс, хөврөлийн тоо, сорьцын хэмжээ, гадаадаас авах сайжруулагч мал болон гадаадад гаргах малын төрөл зүйл, ашиг шимийн чиглэл, үүлдрийн нэр;

 

            9.1.2.ашиглах зорилго, зориулалт, үйл ажиллагааны чиглэл;

            9.1.3.нийлүүлэгч, хүлээн авагч улс, хуулийн этгээдийн нэр;

            9.1.4.гарваль болон нийлүүлэгч улсын нэр;

            9.1.5.хүлээн авах, хүргэх боомт, тээврийн хэрэгсэл, тээвэрлэлтийн хэлбэр, ажил гүйцэтгэх байгууллагын нэр.      

      

            9.2.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1-11.1.5-д заасан баримт бичгээс гадна дараахь баримт бичгийг нэмж хавсаргана:

      

       9.2.1.малд удам гарвалийн болон эрүүл мэндийн гэрчилгээ,  үржүүлгийн бүтээгдэхүүнд удам, гарал үүслийн тодорхойлолт;

 

       9.2.2.энэ хуулийн 10.2-т заасан гэрээний хувь монгол хэлээр.

 

            9.3.Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 9.1-д заасан иргэн, хуулийн этгээдэд зөвшөөрөл олгох эсэхийг ажлын 14 өдөрт багтаан шийдвэрлэнэ.

 

            9.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь малын генетик нөөцийг ашигласан үйл ажиллагааны тайланг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 12 дугаар сарын эхний хагаст багтаан ирүүлнэ.

 

            9.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хүсэлтээ малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана. 

 

            9.6.Энэ хуулийн 9.5-д заасан хугацаанд хүсэлтээ ирүүлээгүйгээс тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

 

            9.7.Гадаадаас сайжруулагч мал авах тусгай зөвшөөрөл хүсэгч малын удам гарваль, шинж тэмдгийн гадаад илрэл, генийн хувьслын үзүүлэлтийг үнэлүүлж, Ерөнхий мал зүйчийн дүгнэлт гаргуулна.

 

            9.8.Малыг гадаадад гаргахад малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага иргэн, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл, энэ хуулийн 10.2-т заасан гэрээг үндэслэн төрөл, зүйл тус бүрд нэг лиценз олгоно.

 

            9.9.Судалгаа, шинжилгээний зорилгоор мал үржүүлгийн бүтээгдэхүүнийг гадаадад гаргахад ижил зүйлийн тав хүртэл сорьцод нэг лиценз олгож болно.         

            9.10.Малыг гадаадад гаргах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь лиценз авахдаа гаргах малын төрөл, зүйл, үүлдэр, нас, хүйс, хувийн дугаар, тоог хүсэлтэд хавсаргаж ирүүлнэ.

 

            9.11.Малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг гадаадад гаргахад тухайн төрөл, зүйл, цуврал тус бүрийн сорьцын ижил хувийг малын үндэсний генийн санд байршуулна.

 

            9.12.Тусгай зөвшөөрлөөр ашиглаж байгаа малын генетик нөөцийн бүртгэл, технологийн хяналтыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

 

            10 дугаар зүйл.Малын генетик нөөцийг судлан хөгжүүлэх

 

            10.1.Малын генетик нөөцийг судлан хөгжүүлэх үйл ажиллагааг Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн[6]11.2.1-11.2.3, Инновацийн тухай хуулийн[7] 27.2-т заасан байгууллага, энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгж гүйцэтгэнэ.

 

            10.2.Энэ хуулийн 10.1-д заасан байгууллага хоорондоо болон гадаадын иргэн, хуулийн этгээдтэй малын генетик нөөцийг судлан хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бол гэрээ байгуулна.

 

            10.3.Энэ хуулийн 10.2-д заасан гэрээнд дараахь нөхцөлийг тусгана:

           

                                    10.3.1.судалгаа, туршилт явуулах үндэслэл, зорилго;

                        10.3.2.төрөл, зүйлийн нэр, тоо хэмжээ;

                        10.3.3.гарваль улс;

                        10.3.4.судалгаа явуулах хугацаа;

                        10.3.5.биоаюулгүй байдлыг хангах зохицуулалт;

                        10.3.6.зохиогчийн эрхийн зохицуулалт, технологи дамжуулах болон биет бус хөрөнгө ашиглалтын нөхцөл;

 

                        10.3.7.судалснаас хүлээж байгаа үр дүн, ашиг хүртэх хэлбэр, түүний тоогоор илэрхийлсэн үзүүлэлт;

 

                        10.3.8.маргаан шийдвэрлэх зохицуулалт;

                        10.3.9.бусад.

 

            10.4.Судалгаа ба хөгжлийн чиглэлээр үүлдэр, омгийн малд туршилт, судалгаа, шинжилгээ явуулах бол зохион бүтээгч, хамтран бүтээгч, өв залгамжлагч, эсхүл түүний эрх олгосон этгээдээс зөвшөөрөл авна.

 

            10.5.Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн бодит өсөлт бий болгох биотехнологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

          

10.6.Малын генетик нөөцийн судалгаа, туршилтын үр дүнгийн мэдээлэл нь нэгдсэн сангийн бүрэлдэхүүн хэсэг байна.

 

10.7.Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дэргэдээ малын генетик нөөцийн судалгаа, инноваци, технологи нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх нэгж, хүрээлэнтэй байж болно.

 

10.8.Малын ашиг шимийг нэмэгдүүлсэн, үүлдэр, омог бий болгосон нь эрх бүхий байгууллагаар баталгаажсан бол мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ эрхлэгчийг урамшуулж болно. 

 

            11 дүгээр зүйл.Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ

           

            11.1.Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх, малд үзлэг, ангилалт хийх, удам гарваль, ашиг шимийн гарц, чанарыг тодорхойлох, үр төлийн шинж чанарыг үнэлэх, удам зүйн үнэлгээ хийх, үржил селекцийн ажлын үр дүнг хянан баталгаажуулах, үржүүлгийн хөтөлбөр боловсруулах, сайжруулагч малыг үржилд тохируулан сонгох, цөм сүрэг бүрдүүлэх, малд зохиомол хээлтүүлэг хийх, гойд ашиг шимт мал шалгаруулах, үржлийн малын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, малын арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологийн чиглэлээр малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн зааварчилгаа, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээнд хамааруулна.

 

            11.2.Мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх итгэмжлэл, зэрэг дэв бүхий мал зүйчтэй, стандартын шаардлага хангасан байр, тоног төхөөрөмж бүхий хуулийн этгээд, мал зүйч мэргэжилтэн өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж /цаашид “үйлчилгээний нэгж” гэх/ байгуулж, үйл ажиллагааны чиглэлд тохирсон хөтөлбөрөө энэ хуулийн 16.8-д заасан байгууллагаар баталгаажуулснаар мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг эрхлэх эрхтэй болно.

 

            11.3.Mэргэжлийн зэрэг, дэвийг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ эрхлэх итгэмжлэлийг энэ хуулийн 16.8-д заасан байгууллага олгож, бүртгэнэ.

 

            11.4.Мал үржүүлгийн ажилд олгох итгэмжлэл нь сүрэгт явуулах үржүүлгийн хөтөлбөрийн чиглэл, түвшнээс хамаарч шаталсан хэлбэртэй байна.

 

            11.5.Мэргэжлийн зэрэг, дэв, итгэмжлэл олгох, хүчингүй болгох, сунгах, бүртгэх болон мөн энэ хуулийн 10.8-д заасан урамшуулал олгох журмыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

                        11.6.Энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгж нь тухайн сум, дүүргийн Засаг дарга, үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулж дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:

 

                        11.6.1.энэ хуулийн 11.8-д заасан стратегид нийцүүлэн үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжийн стандарт, технологийг мөрдөж ажиллах;

                       

                        11.6.2.үүлдэр, омгоос цөм сүрэг бүрдүүлэх, өсвөр малыг үржилд шилж сонгох, ялган суурилах, үржлийн нас хүртэл бойжуулах, борлуулах;

                       

                        11.6.3.технологийн зохистой хугацаанд үржлийн малд үзлэг, ангилалт, тохируулан сонголт хийх, бүртгэх;

                       

                        11.6.4.бог малын, шаардлагатай тохиолдолд бод малын хээлтүүлэгчийг сүргээс тусгаарлан маллах, хяналтад авч бүртгэх, түрээсийн гэрээгээр ашиглуулах;

                       

                        11.6.5.малын нөхөн үйлдвэрлэлийг зохицуулах, биотехнологийн ололт, биотехникийн аргыг нэвтрүүлэх;

                       

                        11.6.6.энэ хуулийн 11.6-д заасан гэрээний дагуу зохиомол хээлтүүлгийн үйлчилгээ эрхлэх, малын арчилгаа, маллагаа, тэжээллэг технологийг мөрдүүлэх, малын төрөл хоорондын харьцаа, сүргийн зохистой бүтцийн талаар малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;

                       

                        11.6.7.малын генетик нөөцийн ашиглалтын асуудлаар санал боловсруулах, эрх бүхий байгууллага, этгээдээр шийдвэр гаргуулах, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;  

 

                                    11.6.8.малын удам гарваль, үүлдэрлэг байдал, ашиг шимийг тодорхойлох, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг арга зүйн удирдлагаар хангах;

 

            11.6.9.энэ хуулийн 16.8-д заасан байгууллагын зөвшөөрөлгүйгээр малд үржил селекцийн ажлыг явуулан үүлдэрлэг байдлыг алдагдуулах үйл ажиллагаанд хяналт тавих, эрх бүхий байгууллагад мэдээлэх;

 

                        11.6.10.үржүүлгийн бүтээгдэхүүн болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд чанарын үзлэг, шинжилгээ хийж бүртгэх, тодорхойлолт гаргах, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэж байгаа эсэх талаар малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

                                   

                                    11.6.11.энэ хуулийн 11.6.3, 11.6.4, 11.6.10-д заасан бүртгэлийн мэдээллийг сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт хүргүүлж нэгдсэн бүртгэлд хамруулах.

 

            11.7.Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж өөрийн байршиж байгаагаас өөр нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд тухайн сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт хүсэлтээ илэрхийлэн бүртгүүлж, энэ хуулийн 11.6-д заасан гэрээ байгуулан ажиллана.

           

            11.8.Малын үржлийн ажлын стратеги болон үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний төрөл, төлбөрийн жишиг үнийн хэмжээ, үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний төрөл бүрээр мөрдөх технологийн журам, зааврыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

            11.9.Энэ хуулийн 6.11, 11.6.1, 12.5-д заасан стандартыг стандартчиллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

 

            11.10.Бүс нутгийн онцлог, малын төрөл, тоо хэмжээг харгалзан энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгжид хамрагдах малын жишиг тоог малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож, нэгжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

                        МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙГ ХАДГАЛАХ, ХАМГААЛАХ

 

            12 дугаар зүйл.Малын генетик нөөцийг хадгалах, хамгаалах хэлбэр

           

            12.1.Малын генетик нөөцийг хадгалах, хамгаалах үйл ажиллагаа дараахь хэлбэртэй байна:

 

                        12.1.1.малыг өвөрмөц шинж байдлаа олж авсан, хадгалж ирсэн орчин зүйн бүрдэлд буюу уугуул орчинд;

 

                        12.1.2.малыг уугуул орчноос нь шилжүүлж дасгасан орчин зүйн бүрдэлд буюу нутагшуулан;

 

                        12.1.3.үржүүлгийн бүтээгдэхүүнийг эрх бүхий байгууллагаас баталсан стандартаар тогтоосон буюу тусгай орчинд.

 

            12.2.Монгол мал, тэдгээрээс гаралтай үүлдэр, омгийн малыг тухайн бүс нутагт цэврээр үржүүлж, уугуул орчинд хамгаална.

           

            12.3.Гадаад улсаас оруулж ирсэн болон үржлийн зориулалтаар нутаг шилжүүлсэн үүлдэр, омог, тэдгээрийг ашиглан бий болгосон үржлийн малыг энэ хуулийн 13.2-т заасан бүс нутагт нутагшуулан үржүүлж, хамгаална.  

 

            12.4.Үржүүлгийн бүтээгдэхүүнийг стандартаар тогтоосон тусгай орчинд хадгалан малын генийн санг бүрдүүлж, энэ хуулийн 15.3.9-д заасан малыг үүлдэрлэг байдал алдагдах, тоо толгой цөөрөх, устаж мөхөх эрсдэлээс хамгаална.

 

            12.5.Үржүүлгийн бүтээгдэхүүнийг хадгалах нөхцөл, аргачлалыг стандартаар тогтооно.

 

            13 дугаар зүйл.Мал хамгаалах

           

            13.1.Энэ хуулийн 16.1-д заасан үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

           

            13.2.Төрөл бүрийн үүлдэр, омгийн малыг үржүүлэх бүс, байршлыг тогтоох журмыг Засгийн газар батална.

 

            13.3.Засгийн газар Үндэсний хорооны зөвлөмж, төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн жил бүр импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг тогтооно.

 

            13.4.Тоо, тархалтын хувьд доройтолд орсон, устаж мөхөж болзошгүй байдалд хүрсэн малын төрөл, зүйлийг тусгайлан хамгаалж, үржүүлэх арга хэмжээ авч, удам гарвал нь тодорхой, стандартын шаардлага хангасан өсвөр хээлтүүлэгч бойжуулж зах зээлд борлуулсан малчин, мал бүхий этгээд, энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгжид Засгийн газраас дэмжлэг, урамшуулал олгож болох бөгөөд урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.

 

            13.5.Мэргэжлийн холбоо нь мал хамгаалах үйл ажиллагааны талаархи санал, дүгнэлтийг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

           

            13.6.Биологийн олон янз байдал, удам зүйн үнэт чанарын хувьд өвөрмөц, хязгаарлагдмал нөөц, тархалт, ашиглалт бүхий мал, төрөл, зүйлийг хамгаалах арга хэмжээг олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Засгийн газар тусгай хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ.

 

            13.7.Малын үүлдэр хамгаалах, ашиглах, хөгжүүлэх үүлдрийн нийгэмлэг байгуулах, зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн мах, сүү үйлдвэрлэлийн төрөлжсөн бүсэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээг Засгийн газраас дэмжинэ.

 

            14 дүгээр зүйл.Мал хамгаалах талаар малчин, мал бүхий

                                                  этгээд, хуулийн этгээдийн үүрэг

 

            14.1.Мал хамгаалах талаар малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд дараахь үүрэг хүлээнэ:

                       

                                    14.1.1.бүс нутгийн онцлогийг харгалзан өвөлжих, хаваржих бэлчээрийн малд зориулж хадлан тэжээл бэлтгэх, ус, хашаа байраар хангах, малыг байгалийн эрсдэлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх;

                       

                                    14.1.2.эрчимжсэн мал аж ахуйн малд ашиг шимийн чиглэл, биологийн онцлогт тохирсон арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологи мөрдөх, малыг өлдөөхгүй байх, аюулгүй нөхцөлөөр хангах;

                       

                                    14.1.3.баталгаажсан үүлдэр, омгийн малыг нутагшсан болон уугуул орчинд нь үржүүлж хамгаалах, малын үүлдэрлэг байдлыг алдагдуулахгүй байх; 

 

                                    14.1.4.мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг технологийн зохистой хугацаанд энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгжээр гүйцэтгүүлэх, үйлчилгээнд малаа бүрэн хамруулж, мал барьж туслах зэрэг шаардлагатай нөхцөлөөр хангах, үйл ажиллагааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх.

 

            15 дугаар зүйл.Малын үндэсний генийн санг хамгаалах

 

            15.1.Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа малын үндэсний генийн санг хамгаалах, сайжруулах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага байна.

 

            15.2.Малын үндэсний генийн санг дараахь байдлаар хамгаална:

 

            15.2.1.малыг үндэсний, бүс нутгийн, эсхүл төрөл зүйлийн түвшинд энэ хуулийн 12.1.1-д заасан орчинд цөм сүрэг бүрдүүлж хамгаалах;

 

            15.2.2.малыг төрөл, зүйлийн хувьд хувиран өөрчлөгдөх, доройтох, мөхөхөөс сэргийлэн үржүүлгийн бүтээгдэхүүний дээж, сорьц, цуглуулгыг бий болгож, генийн санд хадгалах;

 

                                    15.2.3.энэ хуулийн 12.3, 15.3.9-д заасан шилмэл малаас үр, хөврөл үйлдвэрлэх болон гадаадаас өндөр ашиг шимт малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг авах замаар генийн санг арвижуулж, үржүүлэгт ашиглах;

 

            15.2.4.малын үржил, селекцийн шинж тэмдгийн илрэл, үзүүлэлтийг тодорхойлох, харьцуулах, тэдгээрийн хувьсал, өөрчлөлтийг тогтоох, үржлийн үнэт чанарыг үнэлэх, ашиглах.

 

            15.3.Энэ хуулийн 15.1-д заасан төрийн үйлчилгээний байгууллага дараахь чиг үүрэгтэй:

 

                        15.3.1.монгол малын генийг доройтох, мөхөх, устахаас сэргийлж хамгаалах зорилгоор үржүүлгийн бүтээгдэхүүнийг хадгалах үндэсний генийн санг бүрдүүлэх, баяжуулах;

           

                        15.3.2.дотоодод ашиглах болон гадаадад гаргах үржүүлгийн бүтээгдэхүүнд гарал үүслийн тодорхойлолт олгох;

 

                        15.3.3.гадаадаас авсан үржүүлгийн бүтээгдэхүүнийг генийн санд тусгайлан хадгалж, бүртгэх, гарал үүсэлд нь хяналт тавих, тэдгээрийг энэ хуулийн 11.8-д заасан стратегид нийцүүлэн хуваарилах, ашиглах, үр дүнг тооцох, ашиг шимийн өөрчлөлтийн үнэлгээг хийх;

 

                        15.3.4.үржүүлгийн бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, ашиглалтын талаархи холбогдох бүртгэл, мэдээллийг нэгдсэн санд тогтмол оруулж байх;

 

                        15.3.5.малын чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах, үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээнд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх,  нутагшуулах, дэлгэрүүлэх;

                       

                                    15.3.6.мал үржүүлгийн техникч, мал ангилагч-шинжээч бэлтгэх, давтан сургах ажлыг зохион байгуулах;

 

                                    15.3.7.зохиомол хээлтүүлгийн үйлчилгээний хүрээг тогтоох, өргөтгөх, шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, урвалжаар хангах;

 

                        15.3.8.үүлдэр, омгийн мал, түүний үржүүлгийн бүтээгдэхүүнд молекул генетикийн шинжилгээ хийх;

 

                        15.3.9.гойд ашиг шимт цөм сүрэг, цэвэр үүлдрийн донор болон тээгч малыг байршуулж ашиглах.

 

            15.4.Малын үндэсний генийн санд үржүүлгийн бүтээгдэхүүн байршуулах, бүртгэх, зарцуулах, хяналт тавих болон гойд ашиг шимт мал шалгаруулах журам, энэ хуулийн 15.1-д заасан үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны бүтэц, орон тоог малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.    

                       

ТАВДУГААР БҮЛЭГ

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ

ХЭРЭГЖҮҮЛЭХ

 

            16 дугаар зүйл.Малын генетик нөөцийн үйл ажиллагааг

        хэрэгжүүлэгч байгууллага

 

            16.1.Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, энэ хуулийн 7.2-т заасан тайланг үндэслэн малын генетик нөөцийг хадгалах, хамгаалах, ашиглах, хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газар батална.

 

            16.2.Малын генетик нөөцийн үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүргийг улсын хэмжээнд малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энэ хуулийн 15.1-д заасан байгууллага, аймаг, нийслэлд хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагын мал үржлийн алба, сум, дүүрэгт хөдөө аж ахуйн тасаг, мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний бүтцийн нэгж хариуцан гүйцэтгэнэ.

 

            16.3.Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад малын генетик нөөцийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг зохицуулах, үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөмжөөр хангах, энэ хуулийн 5.7-д заасан нэгдсэн санг бүрдүүлэх чиг үүрэгтэй бүтцийн нэгж ажиллана.

           

            16.4.Энэ хуулийн 16.3-т заасан бүтцийн нэгжийн дарга нь улсын Ерөнхий мал зүйч байх бөгөөд тухайн албан тушаалд магистраас дээш боловсролын зэрэгтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, түүнээс төрийн албанд таваас доошгүй жил ажилласан мал зүйч ажиллана.

 

            16.5.Энэ хуулийн 15.1-д заасан байгууллагын даргын албан тушаалд мал үржүүлэг, нөхөн үржихүйн чиглэлээр мэргэшсэн мал зүйч, аймаг, нийслэлийн мал үржлийн албаны даргын албан тушаалд мал зүйч ажиллана.

 

            16.6.Сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын генетик нөөцийн бүртгэл, үржил, селекцийн асуудал хариуцсан  мал зүйч ажиллана.

 

            16.7.Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь орон нутгийн хэрэгцээ, шаардлагыг үндэслэн салбарын мэргэжилтнийг бэлтгэх, ажлын байраар хангах талаар нэгдсэн бодлого боловсруулж, сургалтын байгууллагатай хамтран ажиллана.

 

            16.8.Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагын мал үржлийн алба дараахь чиг үүрэгтэй:

 

                        16.8.1.аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малын генетик нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, сайжруулах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, сурталчлах, тайлагнах;

 

                        16.8.2.орон нутгийн удирдлага, сум дүүргийн хөдөө аж ахуйн тасаг, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжийг мэргэжлийн удирдлагаар хангах, арга зүйн зөвлөмж өгөх, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүл‎эх;

                       

                        16.8.3.мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжийг бүртгэх;

                        16.8.4.мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээнд технологийн хяналт тавих;

 

                        16.8.5.энэ хуулийн 5.1.1, 5.1.4-т заасан бүртгэл, малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдэд төрөөс олгох мөнгөн урамшуулалтай холбоотой мэдээллийг энэ хуулийн 5.7-д заасан нэгдсэн санд оруулах;

 

                        16.8.6.үржлийн малд үзлэг, ангилалт хийх, цөм сүрэг бүрдүүлэх, баталгаажуулах, гойд ашиг шимт мал сонгон шалгаруулах, борлуулах, солилцох ажлыг  зохион байгуулах, хэрэгжүүлэх;

 

                        16.8.7.үүлдэр, омгийн малд явуулж байгаа үржүүлгийн ажлын явц, үр дүнд хянан магадлагаа хийлгэж, баталгаажуулах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх;

 

                        16.8.8.нутаг дэвсгэрийн хэмжээнд цөм сүргээс жишигт тэнцсэн өсвөр малыг үржилд бойжуулах, хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх.

 

            16.9.Сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасаг нь малын генетик нөөцийн асуудлаар дараахь чиг үүрэгтэй:

 

                        16.9.1.сум, дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малын генетик нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, сайжруулах, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, сурталчилах, тайлагнах, малын арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологи мөрдүүлэх;

 

                        16.9.2.мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээнд малыг тогтоосон хугацаанд бүрэн хамруулах, энэ хуулийн 11.6-д заасан гэрээний биелэлтэд хяналт тавих;

 

                        16.9.3.мал сүргийн оновчтой бүтэц, зохистой харьцаа, хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироонд хяналт тавих;

 

                        16.9.4.малын генетик нөөцийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлж, бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэлийн байгууллагад  хүргүүлэх;

 

                        16.9.5.генетик нөөцийг хамгаалах, түүнтэй холбоотой судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;

 

                        16.9.6.мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчийг сургах, дадлагажуулах арга хэмжээ зохион байгуулах, мэдээллээр хангах, малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийг баримтжуулан бүртгэх, түгээн дэлгэрүүлэх;

 

                        16.9.7.энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгжтэй хамтран үржлийн малын үзэсгэлэн худалдаа болон гойд ашиг шимт мал сонгон шалгаруулах ажлыг жил бүр зохион байгуулах;

 

                        16.9.8.энэ хуулийн 11.6.8-д заасан малын удам гарваль, ашиг шимийн тодорхойлолтыг үндэслэн гэрчилгээ олгох, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд чанарын үзлэг, шинжилгээ хийх, зохион байгуулах.

 

            16.10.Энэ хуулийн 16.8-д заасан алба нь мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжийг бүртгэхдээ дараахь баримт бичгийн шаардлагыг ажлын 5 өдөрт багтаан магадлах ба бүртгэлийн шаардлага хангасан эсэх талаархи хариуг албан бичгээр мэдэгдэнэ.

           

                                    16.10.1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

                                    16.10.2.итгэмжлэлийн хуулбар;

                                    16.10.3.үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ үзүүлэх хүрээ, нэр төрөл, зорилго, чиглэлээ тодорхойлсон бизнес төлөвлөгөө;

 

                        16.10.4.харьяа сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасгийн дүгнэлт.

 

            17 дугаар зүйл.Малын генетик нөөцийн Үндэсний зөвлөлдөх хороо

 

            17.1.Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд орон тооны бус Үндэсний зөвлөлдөх хороо /цаашид “Хороо” гэх/ ажиллана.

 

            17.2.Энэ хуулийн 7.4-т заасан Үндэсний зохицуулагч нь хорооны дарга байх бөгөөд хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, үүлдэр, ашиг шимийн зөвлөл, мэргэжлийн холбоо, үүлдрийн нийгэмлэг, үйлдвэрлэгч, боловсруулах салбарын төлөөллийг оролцуулна.

 

           17.3.Хорооны нарийн бичгийн дарга нь малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ажилтан байна.

 

           17.4.Хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

           17.5.Хороо дараахь чиг үүрэгтэй:

 

                        17.5.1.бэлчээрийн уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуйг бүсчлэн хөгжүүлэх талаар санал боловсруулах;

 

                        17.5.2.салбар болон салбар дундын түвшинд малын генетик нөөцийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар чиглэл гаргах;

                       

                        17.5.3.тухайн жилд улсын хилээр нэвтрүүлэх малын генетик нөөц, нутагшуулах малын төрөл, ашиг шимийн чиглэл, тоо хэмжээний талаар зөвлөмж гаргах;

 

                                     17.5.4.малын генетик нөөцийг хамгаалах, ашиглах, судлан хөгжүүлэх болон энэ хуулийн 7.2-т заасан тайланг хэлэлцэж, дүгнэлт гаргах;

 

                                    17.5.5.энэ хуулийн 8.6-д заасан үүлдэр, ашиг шимийн зөвлөлийн үйл ажиллагаанд чиглэл өгөх;

 

                                    17.5.6.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

 

            18 дугаар зүйл.Малын генетик нөөцийн үйл ажиллагааны санхүүжилт

 

       18.1.Малын генетик нөөцийн үйл ажиллагааны санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

 

                        18.1.1.улс, орон нутгийн төсөв;

                        18.1.2.бүсийн болон олон улсын байгууллагын хамтын ажиллагааны оролцооны санхүүжилт;

 

                        18.1.3.бусад эх үүсвэр.

 

            18.2.Малын генетик нөөцийн үйл ажиллагааны дараахь зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:

 

                        18.2.1.малын генетик нөөцийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан,  үндэсний генийн санг бүрдүүлэх, ажиллуулах;

 

                        18.2.2.малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, үнэлэх;

                        18.2.3.төрийн өмчийн цөм сүрэг бүрдүүлэх, үржлийн малд үзлэг, ангилалт хийх, баталгаажуулах, гойд ашиг шимт сайжруулагч малыг шалгаруулах, улсын бүртгэл, үржлийн дэвтэр хөтлөх;

 

                                    18.2.4.малд удам зүйн үнэлгээ хийх;

                        18.2.5.энэ хуулийн 10.5-д заасан биотехнологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх;

 

                        18.2.6.хязгаарлагдмал нөөц, тархац, ашиглалттай, үл давтагдах өвөрмөц үнэ цэнэ бүхий малыг хамгаалах;

 

                        18.2.7.мал, үржүүлгийн бүтээгдэхүүн, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд чанарын үзлэг, шинжилгээ хийх.

                       

            18.3.Малын генетик нөөцийн үйл ажиллагааны дараахь зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ:

                       

                        18.3.1.батлагдсан үүлдэр, омгийн малын генетик нөөцийн биологийн ашигт шинж чанарыг бататгах, үржлийн ажлын ололтыг хянан баталгаажуулах, цөм сүргийг сайжруулах арга хэмжээний зардал;

                       

                        18.3.2.малын бэлчээрийг сайжруулах, хадлан, тэжээл бэлтгэх, усан хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээний зардал;

                       

                        18.3.3.тоо нь цөөрсөн, мөхөхөд хүрсэн үүлдэр, омгийн малыг гардан маллаж, үүлдэрлэг байдлыг нь хамгаалж, сайжруулахад үзүүлэх энэ хуулийн 13.4-т заасан дэмжлэг, урамшуулал;

 

                       18.3.4.өсвөр хээлтүүлэгчийг сонгох, ялган суурилж, үржлийн нас хүртэл бойжуулах зардал;

                         

                 18.3.5.малын генетик нөөцийн сурталчилгааны зардал;

                                  18.3.6.Энэ хуулийн 16.9.6-д заасан арга хэмжээний зардал.

                       

            18.4.Малын генетик нөөцийн үйл ажиллагааны дараахь зардлыг малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд хариуцан санхүүжүүлнэ:

 

                        18.4.1.энэ хуулийн 6.3, 6.8, 8.4.4, 8.4.7, 8.4.9, 11.6.6, 14.1.1-14.1.4-т заасан арга хэмжээний зардал; 

                       

                        18.4.2.тухайн орон нутагт үржүүлэх үүлдэр, омгийн малын биологийн ба аж ахуйн ашигтай шинж чанарыг бататган сайжруулах, цөм сүрэг бүрдүүлэх, шилж үржүүлэх.  

 

            19 дүгээр зүйл.Мал зүйч мэргэжилтний нийгмийн баталгаа

 

            19.1.Мал зүйч мэргэжилтнийг ажиллуулж байгаа ажил олгогч ажилтны нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

 

                        19.1.1.суманд мэргэжлээрээ ажиллахаар суурьшсан шинэ төгсөгчийн амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд орон байрны дэмжлэг туслалцаа үзүүлэх, урамшуулах;

 

                        19.1.2.албан үүргээ гүйцэтгэх үедээ амь насаа алдсан тохиолдолд түүний ар гэрт албан тушаалын 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох;

 

                        19.1.3.мэргэжлээрээ 25 жил буюу түүнээс дээш жил ажиллаж өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний албан тушаалын 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох;

 

                        19.1.4.мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн шаардлага хангасан хувцас, хэрэгсэл, багаж төхөөрөмжөөр хангах.

 

            19.2.Сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасаг болон үйлчилгээний нэгжид таваас дээш жил ажиллаж байгаа мал зүйч мэргэжилтнийг гурван жил тутамд нэг удаа орон нутгийн төсвийн зардлаар, таван жил тутамд нэг удаа улсын төсвийн зардлаар мэргэжил дээшлүүлэх сургалтад сургана.

 

            20 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

           

            20.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд[8] заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

            20.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,[9] эсхүл Зөрчлийн тухай хуульд[10] заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

            21 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох 

 

            21.1.Энэ хуулийг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                              М.ЭНХБОЛД

 

 

[1] Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн.

[2] Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх

  үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны

  46 дугаарт нийтлэгдсэн.

 

[3] Хувь хүний орлогын албан татварын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2006 оны 38        дугаарт нийтлэгдсэн.

[4] Иргэний хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 07 дугаарт нийтлэгдсэн.

 

[5] Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн

  2001оны 06 дугаарт нийтлэгдсэн.

 

[6] Шинжлэх ухаан, технологийн тухай хууль  “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2007 оны 04 дугаарт

  нийтлэгдсэн.

[7] Инновацийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 24 дугаарт нийтлэгдсэн.

 

[8] Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн.

[9]  Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 07 дугаарт нийтлэгдсэн.

[10] Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.