2017 оны 12 сарын 07 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ
УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ
ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар зохих журмын дагуу томилогдон ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид энэ хуулийн 2 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд мөн хууль үйлчлэхгүй.
2 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төрийн захиргааны албан хаагчийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлөх бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан иргэнийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, уг албан тушаалд шинээр томилно.
3 дугаар зүйл.Энэ хуулийн 1, 2 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуульд заасан журмын дагуу томилж, чөлөөлнө.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД