Биеийн тамир, спортын тухай /Шинэчилсэн найруулга/

2017/07/06 12:10 406

 

2017 оны 07 сарын 06 өдөр                                                            Төрийн ордон, Улаанбаатар хот

 

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь биеийн тамир, спортын салбарын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эрх зүйн үндсийг тодорхойлж, биеийн тамир, спортыг хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл.Биеийн тамир, спортын хууль тогтоомж

 

2.1.Биеийн тамир, спортын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

            3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

 

            3.1.Үндэсний их баяр наадмын тухай[2] хуулиар зохицуулаагүй үндэсний спорттой холбоотой бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.

 

            3.2.Төрийн бус байгууллагын тухай[3] хуулиар зохицуулаагүй спортын холбооны спортын үйл ажиллагаатай холбоотой бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.

 

            4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

 

                        4.1.1.“идэвхтэй хөдөлгөөн” гэж хүний булчингийн үйл ажиллагааны тусламжтайгаар 10 ба түүнээс дээш минутын хугацаанд тасралтгүй хүч зарцуулан тогтмол хийж байгаа хөдөлгөөнийг;

 

                        4.1.2.“биеийн тамир” гэж хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх, эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг;

 

                        4.1.3.“спорт” гэж хүний оюун ухааны болон бие бялдрын хөгжлийг дэмжсэн идэвхтэй үйлдлийг;

 

                        4.1.4.“бие бялдрын боловсрол” гэж боловсролын албан болон албан бус хэлбэрээр идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх арга барил, мэдлэг, дадал эзэмшүүлэх үйл ажиллагааг;

 

                        4.1.5.“үндэсний спорт” гэж ард түмний уламжлал, зан заншилд тулгуурлан хөгжсөн үндэсний онцлог шинжийг агуулсан спортыг;

 

                        4.1.6.“спортын тэмцээн“ гэж тогтоосон дүрмийн дагуу өрсөлдөх үйл явцыг;

 

                        4.1.7.“спортын наадам” гэж нэгдсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа спортын тэмцээн, соёл урлагийн арга хэмжээний нэгдлийг;

           

                        4.1.8.“тамирчин” гэж спортын сургалт-дасгалжуулалтаар бэлтгэгдэн, спортын тэмцээнд оролцдог этгээдийг;

 

                        4.1.9.“дасгалжуулагч” гэж сургалт-дасгалжуулалт, спортын тэмцээнд оролцуулах үйл ажиллагааг удирдаж байгаа этгээдийг;

 

                        4.1.10.“биеийн тамирын арга зүйч” гэж биеийн тамир, спортын нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахад болон иргэнийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх этгээдийг;

 

                        4.1.11.“спортын холбоо” гэж нэг, эсхүл хэд хэдэн спортын төрлийг хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагыг;

 

                        4.1.12.“спортын клуб” гэж идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллүүлэх, сургалт-дасгалжуулалтын чиглэлээр үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;

 

                        4.1.13.“спортын барилга байгууламж” гэж спортоор хичээллэх, спортын тэмцээн зохион байгуулах зориулалт бүхий байгууламж, түүний дэд бүтцийг;

 

                        4.1.14.“допинг” гэж спортын үйл ажиллагаанд хэрэглэхийг хориглосон бодис, хориотой аргыг;

 

                        4.1.15.“Олон улсын допингийн эсрэг агентлаг” гэж допингийн эсрэг үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хянах чиг үүрэг бүхий олон улсын байгууллагыг.

 

            5 дугаар зүйл.Биеийн тамир, спортын үндсэн зарчим

 

            5.1.Биеийн тамир, спортод дараахь үндсэн зарчмыг баримтална:

                       

                        5.1.1.идэвхтэй хөдөлгөөн, спорт нь бүх нийтэд хүртээмжтэй, тогтвортой байх;

 

                        5.1.2.хувь хүний онцлог, бие бялдрын хөгжилд нийцсэн олон хувилбартай, сонголт хийх боломжтой байх;

 

                        5.1.3.төр, хуулийн этгээд, иргэний нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх, өмчийн олон хэлбэрт тулгуурласан байдлыг хангах;

 

                        5.1.4.спортыг ялгаварлан гадуурхалт, шударга бус өрсөлдөөнөөс ангид байлгах.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

                  БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТАЛААРХИ

                 ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

 

6 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

 

6.1.Засгийн газар нь биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

6.1.1.биеийн тамир, спортын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах;

 

6.1.2.биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, батлах, хэрэгжүүлэх;

 

6.1.3.иргэний нас, хүйс, хэрэгцээ сонирхолд нийцсэн биеийн тамир, спортын төрлийг хөгжүүлэхэд чиглэсэн зорилтот хөтөлбөр батлах;

 

6.1.4.үндэсний спорт, багийн спортын төрлийг хөгжүүлэх хөтөлбөр батлах;

 

6.1.5.улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах талаар шийдвэрлэх, зохион байгуулалтын журам батлах;

 

6.1.6.Олон улсын олимпийн хорооны ивээл доор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам батлах.

 

            7 дугаар зүйл.Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

 

            7.1.Биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

                        7.1.1.биеийн тамир, спортын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, биеийн тамир, спортыг хөгжүүлэх хөтөлбөр батлах, шаардлагатай төсөв хөрөнгийг баталж, хяналт тавих;

 

                        7.1.2.эдийн засгийн тооцоо, материаллаг бааз, хүний нөөцийн судалгаан дээр үндэслэн нутаг дэвсгэртээ улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах талаар нэр дэвших эрх авах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх;

 

                        7.1.3.биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэний оролцоог дэмжих.

 

            8 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

 

            8.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

                        8.1.1.харьяа нутаг дэвсгэртээ биеийн тамир, спортын талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

 

                        8.1.2.харьяа нутаг дэвсгэртээ иргэнийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлэх;

 

                        8.1.3.биеийн тамир, спортыг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, дэмжлэг үзүүлэх;

 

                        8.1.4.суманд орон тооны биеийн тамирын арга зүйч ажиллуулах;

                        8.1.5.биеийн тамир, спортыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах, хэрэгжилтийг хангах;

 

                        8.1.6.хүн амын нягтаршил, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн иргэний идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх боломжийг бий болгох, спортын барилга байгууламж, заал, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, бэхжүүлэх;

 

                        8.1.7.биеийн тамир, спортыг хөгжүүлэх чиглэлээр спортын холбоод, бусад байгууллагатай хамтран ажиллах;

 

                        8.1.8.аймаг, нийслэлийн биеийн тамир, спортын газрын даргыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн томилж, чөлөөлөх.

 

            9 дүгээр зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

 

9.1.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

                        9.1.1.биеийн тамир, спортын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;

 

                        9.1.2.биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, холбогдох бусад байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хамтын ажиллагааг уялдуулах;

 

                        9.1.3.биеийн тамир, спортыг хөгжүүлэх чиглэлээр иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай хамтран ажиллах;

 

                        9.1.4.энэ хуульд заасан өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж, холбогдох зардлыг санхүүжүүлэх;

 

                        9.1.5.тухайн жилд Монгол Улсад зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жагсаалтыг батлах;

 

                        9.1.6.энэ хуулийн 6.1.4, 6.1.5, 10.1.3-д заасан тэмцээн, наадмыг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах;

 

                        9.1.7.биеийн тамирын арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох журам батлах;

 

                        9.1.8.улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журмыг батлах.

 

            9.2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

                        9.2.1.бие бялдрын боловсролыг дэмжих, бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын хичээлийн сургалтын агуулга, стандарт, хичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөрийг тогтоохдоо биеийн тамир, спортын асуудал  эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тусгах;

 

                        9.2.2.бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь сургалтын агуулга, стандарт, хичээлээс гадуурх сургалтын ажлын хөтөлбөрийг зөрчин суралцагчдад биеийн тамир, спортын заал, талбай, хэрэглэл, тоног төхөөрөмжийг төлбөртэй ашиглуулахыг хориглох;

 

                        9.2.3.боловсролын сургалтын байгууллага, суралцагчдын сургуулийн орчинд идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үндэсний стандартад нийцсэн биеийн тамир, спортын заал, талбай, хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх.

 

            9.3.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

                        9.3.1.хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахад чиглэсэн сэргээн засах тусламж, үйлчилгээ, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээг идэвхтэй хөдөлгөөн, спортоор дамжуулан зохион байгуулах;

 

            9.4.Эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

                        9.4.1.Эрүүл мэндийн даатгалын тухай[4] хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад орох тусламж, үйлчилгээний жагсаалтад хамрагдах магадлан итгэмжлэгдсэн спортын клубийн нэрсийг хүргүүлэх.

            10 дугаар зүйл.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн                                                                  захиргааны байгууллагын бүрэн эрх

 

            10.1.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

                        10.1.1.төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого, биеийн тамир, спортын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

 

                        10.1.2.бие бялдрын түвшин тогтоох стандартыг боловсруулан, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9.1-д заасны дагуу батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх;

/Энэ заалтад 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

 

                        10.1.3.улсын төсвөөс санхүүжүүлэх улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах спортын холбоог сонгон шалгаруулах;

 

                        10.1.4.биеийн тамир, спортын мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх;

 

                        10.1.5.хүн амд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, иргэнийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх ажлыг зохион байгуулах;

 

                        10.1.6.улсын хэмжээнд зохион байгуулах спортын наадмын хөтөлбөрт багтах спортын төрлийг тогтоох, тэмцээний зохион байгуулалтыг арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих;  

 

                        10.1.7.бие бялдрын түвшин тогтоох сорилыг улсын хэмжээнд зохион байгуулах ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;

 

                        10.1.8.допингийн эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

                        10.1.9.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ ДЭХ БИЕИЙН ТАМИР,

СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

            11 дүгээр зүйл.Спортын холбооны чиг үүрэг

 

            11.1.Спортын холбоо нь тухайн спортын төрлийг дэлгэрүүлэхэд чиглэсэн  үйл ажиллагаа явуулах, төлөөлөгчийн газар, салбар, спортын клубээр дамжуулан иргэнд идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлнэ.

 

            11.2.Спортын холбоо нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тухайн спортын төрлийн олон улсын холбооны дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаа явуулна.

 

            11.3.Спортын холбоо нь дараахь эрх, үүрэгтэй байна:

 

                        11.3.1.спортын тэмцээний дүрэм, заавар, тухайн жилийн спортын тэмцээний хуваарь батлах;

 

                        11.3.2.улсын хэмжээний спортын тэмцээний нэгдсэн хуваарьт оруулах тэмцээний саналаа хүргүүлэх; 

 

                        11.3.3.спортын тухайн төрлөөр олон улсын болон улс, бүсийн чанартай тэмцээн зохион байгуулах;

 

                        11.3.4.дасгалжуулагч, спортын шүүгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, олон улсын дүрмийн дагуу тухайн спортын төрлөөр дасгалжуулагч, спортын шүүгчээр ажиллах эрхийг хязгаарлах, хасах;

 

                        11.3.5.спортын тэмцээн, наадмын үед олон улсын дүрмийн дагуу тоглолтын үр дүнд нөлөөлөхүйц үйлдэл, эс үйлдэл гаргасан тамирчин, дасгалжуулагч, спортын шүүгчийн тухайн спортын тэмцээн, наадмын үйл ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлах, хасах;

 

                        11.3.6.олон улсын холбооноос гаргасан тэмцээний болон шүүлтийн дүрмийг мөрдүүлэх, тамирчны ёс зүйн дүрмийг олон улсын дүрэмд нийцүүлэн баталж, мөрдүүлэх;

 

                        11.3.7.тамирчны сургалт-дасгалжуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, шигшээ баг бүрдүүлэн спортын тэмцээн, наадамд оролцуулах;

 

                        11.3.8.холбооны бүтэц, үйл ажиллагаа, зохион байгуулсан спортын тэмцээн, наадам, тамирчны амжилт, спортын цол, зэрэг, гишүүнчлэлээр мэдээллийн цахим сантай байх;

 

                        11.3.9.тамирчин, дасгалжуулагч, спортын шүүгчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх.

 

            12 дугаар зүйл.Спортын клубийн үйл ажиллагаа

 

            12.1.Спортын клуб нь спортын тухайлсан болон хэд хэдэн төрлөөр үйл ажиллагаа явуулж болно.

 

            12.2.Спортын клуб нь спортын төрлийн дагнасан сургалт-дасгалжуулалтын үйл ажиллагаанд тухайн спортын төрлийн үндэсний стандартыг, үндэсний стандарт байхгүй тохиолдолд олон улсын спортын холбооноос гаргасан сургалт-дасгалжуулалтын хөтөлбөрийг мөрдөнө. 

 

           12.3.Сургалт дасгалжуулалтын үйл ажиллагааг удирдах, хянах зорилгоор дасгалжуулагч, биеийн тамирын арга зүйч ажиллуулж, хичээллэгчийн эрүүл мэндийн байдалд хяналт тавих үйл ажиллагааг зохион байгуулна.

 

            13 дугаар зүйл.Аж ахуйн нэгж, байгууллага дахь биеийн тамир,                                                                       спортын үйл ажиллагаа

 

            13.1.Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага нь биеийн тамир, спортын чиглэлээр дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

 

                        13.1.1.ажлын байрны онцлог нөхцөлтэй уялдуулан ажиллагсдын идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх орчин бүрдүүлэх;

 

                        13.1.2.ажиллагсдын идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллүүлэх төлөвлөгөө гарган ажиллах, спортын тэмцээн зохион байгуулах;

 

                        13.1.3.байгууллагын нийт төсвөөс ажиллагсдын идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхэд зарцуулах;

 

                        13.1.4.ажиллагсдын бие бялдрын түвшин тогтоох, байгаа түвшингээс бууруулахгүй байх, ахиулах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх;

 

                        13.1.5.сайн дурын үндсэн дээр биеийн тамирын арга зүйч ажиллуулах.

 

            13.3.Амралтын газар, хүүхдийн зуслан нь амрагчдын идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх, спортын үйл ажиллагаа явуулах орчин бүрдүүлнэ.

 

            14 дүгээр зүйл.Зэвсэгт хүчин, онцгой байдлын болон хууль

                                           сахиулах байгууллага дахь биеийн тамир,

                                                            спортын үйл ажиллагаа

 

            14.1.Зэвсэгт хүчин, онцгой байдлын болон хууль сахиулах байгууллага нь энэ хуулийн 13.1-д зааснаас гадна дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

 

                        14.1.1.спорт нь мэргэжлийн тусгай бэлтгэлийг хангах үйл ажиллагааны салшгүй хэсэг байх, бие бүрэлдэхүүний мэргэжлийн үйл ажиллагааны онцлогтой холбогдсон спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлэх;

 

                        14.1.2.өөрийн үйл ажиллагааны чиглэлээр спортын тэмцээн, наадам зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

 

                        14.1.3.бие бүрэлдэхүүний бие бялдрын хөгжлийн тусгай норм, норматив тогтоох, тусгай сургалтын хөтөлбөр батлан мөрдүүлэх;

 

                        14.1.4.бие бүрэлдэхүүний бие бялдрын хөгжлийг хангах, спортоор хичээллэх, мэргэжлийн тусгай бэлтгэлийг хангах чиглэлээр спортын дагнасан нэгж ажиллуулах.

 

            15 дугаар зүйл.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа

 

            15.1.Магадлан итгэмжлэл нь спортын клубийн үйл ажиллагаа, сургалт- дасгалжуулалтын чанарт хараат бус үнэлгээ хийж, мэргэжлийн дүгнэлт өгөх үйл ажиллагаа юм.

 

            15.2.Спортын клуб нь сайн дурын үндсэн дээр магадлан итгэмжлүүлнэ.

 

            15.3.Спортын клубийг магадлан итгэмжлэх журам, шалгуур үзүүлэлт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг биеийн тамир, спортын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.

 

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

            16 дугаар зүйл.Сургалт-дасгалжуулалтыг удирдан зохион байгуулах

 

            16.1.Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн спортын сургалт-дасгалжуулалтыг удирдах, спортын тэмцээнд оролцуулах үйл ажиллагаа эрхлэх, эрх олгох журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

            16.2.Биеийн тамир, спортын боловсрол олгох их, дээд сургуулийг дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн этгээд нь насанд хүрэгчдийн, залуучуудын үндэсний шигшээ багаас бусад шигшээ баг болон спортын клубт хичээллэж буй тамирчны сургалт-дасгалжуулалт, спортын тэмцээнд оролцуулах үйл ажиллагааг эрх авахгүйгээр удирдаж болно. 

 

            16.3.Биеийн тамир, спортын боловсрол олгох их, дээд сургуулийг дасгалжуулагчийн мэргэжлээр төгсөөгүй иргэн спортын сургалт-дасгалжуулалтыг энэ хуулийн 16.1-т заасан журмын дагуу эрх авсны үндсэн дээр эрхэлнэ.

 

            17 дугаар зүйл.Спортын тэмцээн, наадмын зохион байгуулалт

 

            17.1.Улсын хэмжээний спортын тэмцээн, наадмыг спортын төрлийн онцлогоос хамаарч сум, дүүрэг, аймаг, нийслэл, бүс, улсын гэсэн шат дараалалтайгаар зохион байгуулж болно.

 

            17.2.Улсын хэмжээний спортын наадмыг Олон улсын олимпийн хорооны ивээл доор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадмын мөчлөгт нийцүүлэн зохион байгуулна.

 

            17.3.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараа онд зохиогдох улсын хэмжээний спортын тэмцээний нэгдсэн хуваарийг 09 дүгээр сарын 30-наас өмнө албан ёсоор зарлах бөгөөд улсын хэмжээний спортын тэмцээний нэгдсэн хуваарийг гаргахдаа спортын холбооны саналыг авсан байна.  

 

            17.4.Орон нутгийн чанартай спортын тэмцээн зохион байгуулах тохиолдолд зохион байгуулагч нь тухайн сумын биеийн тамирын арга зүйч, дүүргийн Биеийн тамир, спортын газарт ажлын 10 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэх бөгөөд сумын биеийн тамирын арга зүйч, дүүргийн Биеийн тамир, спортын газар нь аймаг, нийслэлийн биеийн тамир, спортын газар, тухайн спортын төрлийн холбоонд мэдэгдэнэ.

 

            17.5.Энэ хуулийн 17.4-т заасны дагуу тухайн спортын холбоо нь спортын тэмцээн зохион байгуулах дүрэм, стандартын талаар тухайн орон нутаг дахь салбар, эсхүл биеийн тамирын арга зүйчээр дамжуулан танилцуулж, хяналт тавина.

 

            17.6.Энэ хуулийн 17.3-т заасан хуваарьт ороогүй улсын хэмжээний спортын тэмцээн, энэ хуулийн 17.4-т зааснаар урьдчилан мэдэгдээгүй орон нутгийн чанартай спортын тэмцээн зохион байгуулахыг хориглоно.

 

            18 дугаар зүйл.Үндэсний шигшээ баг

 

            18.1.Үндэсний шигшээ баг нь өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн гэсэн ангилалтай байна.

 

            18.2.Монгол Улсыг төлөөлөн Олимп, Паралимпийн наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хороог Ерөнхий сайдын дэргэд байгуулж ажиллуулна.

 

            18.3.Монгол Улсын нэрийн өмнөөс олон улс, тив, дэлхийн спортын тэмцээн, наадамд оролцох үндэсний шигшээ багийг спортын холбоо бүрдүүлж, үйл ажиллагааг нь хариуцан зохион байгуулна.

 

            18.4.Энэ хуулийн 9.1.8-д заасан журмын дагуу сонгосон спортын төрлийн спортын холбоонд гэрээний дагуу улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь спортын холбоотой Захиргааны ерөнхий хууль[5], холбогдох журмын дагуу гэрээ байгуулж, санхүүжүүлнэ.

 

            18.5.Аймаг, дүүргийн Засаг дарга нь аймаг, дүүргийн өсвөр үеийн шигшээ багт орон нутгийн төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд аймаг, дүүргийн Биеийн тамир, спортын газар нь спортын 8-аас доошгүй төрлөөр спортын холбооны орон нутаг дахь салбартай хамтран сонгон шалгаруулж, үйл ажиллагааг нь зохион байгуулна. 

 

 18.6.Оюутны дэлхийн аварга, Универсиадад Монгол Улсыг төлөөлөн оролцох шигшээ багийг залуучуудын шигшээ багаас бүрдүүлнэ.

 

19 дүгээр зүйл.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн тамир,

                                                           спортын үйл ажиллагаа

 

            19.1.Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх, спортын тэмцээн, наадамд оролцоход төрийн байгууллага, спортын холбоод дэмжлэг үзүүлж ажиллана. 

 

            19.2.Спортын тэмцээн, наадам нь хөгжлийн бэрхшээлтэй тамирчныг бие эрхтэн, хөгжлийн онцлогийн адил түвшинд нь өрсөлдүүлэх зарчмыг баримтална.

 

19.3.Энэ хуулийн 19.2-д заасан зарчмыг хангах зорилгоор улсын хэмжээний спортын тэмцээнд оролцох хөгжлийн бэрхшээлтэй тамирчны ангиллыг олон улсын дүрмийн дагуу тогтоох комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг биеийн тамир, спорт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

 

            20 дугаар зүйл.Тамирчны эрх, үүрэг

 

            20.1.Тамирчин нь доор дурдсан эрх эдэлнэ:

 

                        20.1.1.спортын төрлөө сонгох, хичээллэх;

            20.1.2.спортын тэмцээн, наадамд оролцох;

            20.1.3.спортын цол, зэрэг авах;          

                        20.1.4.харьяалагддаг спортын клубээс гэрээний дагуу өөр спортын клубт шилжих;

 

                        20.1.5.спортын тэмцээнд бэлтгэх, оролцох хугацаанд үндсэн ажил, сургуулиас чөлөөлөгдөх;

                       

            20.1.6.хууль тогтоомжид заасан бусад эрх.

 

20.2.Тамирчин нь доор дурдсан үүрэг хүлээнэ:

 

                        20.2.1.тамирчны ёс зүйн дүрэм, оролцож буй тэмцээний дүрэм болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;

 

                        20.2.2.шударга өрсөлдөөнийг эрхэмлэх, допинг хэрэглэхгүй байх;

            20.2.3.хууль тогтоомжид заасан бусад үүрэг. 

 

20.3.Тамирчин нь доор дурдсан нийгмийн баталгаагаар хангагдана:

 

                        20.3.1.тамирчин Олон улсын олимпийн хорооны ивээл доор зохион байгуулагддаг тивийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадам, болон үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртвэл энэ хуулийн 6.1.6-д заасан мөнгөн шагнал авах;

 

            20.3.2.харьяалах байгууллагаас цалин хөлс, урамшуулал авах.

 

21 дүгээр зүйл.Допингийн эсрэг үйл ажиллагаа

 

            21.1.Тамирчин нь Олон улсын допингийн эсрэг агентлагаас баталсан допингийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг хэрэглэхийг хориглоно.

 

            21.2.Дасгалжуулагч, багийн эмч нь тамирчинд допинг хэрэглүүлэхийг хориглоно.

 

            21.3.Допингийн эсрэг үндэсний дүрмийг Засгийн газар баталж, мөрдүүлнэ.

 

            21.4.Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу хэрэгжүүлэх ажлыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.

 

            21.5.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн байгууллага, спортын холбоо бусад төрийн болон төрийн бус байгууллага нь хориглосон жагсаалтад багтсан бодис, аргууд, допингийн хор холбогдлын сурталчилгааг тогтмол зохион байгуулна.

 

22 дугаар зүйл.Спортын цол, зэрэг

 

            22.1.Спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тамирчинд олгох олон улсын хэмжээний мастер, спортын мастер, дэд мастер цол, спортын шүүгчид олгох улсын шүүгч цолны шалгуурыг тогтоож, олгоно.

 

            22.2.Спортын цол авсан тамирчин, спортын шүүгчид харьяалах байгууллага нь мөнгөн урамшуулал болон цолны нэмэгдэл олгож болно.

 

            22.3.Мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй тамирчин, шүүгчид спортын цол олгоно.

 

            22.4.Тамирчин, спортын шүүгчид спортын зэргийг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эрх авсан спортын холбоо тогтоож, олгоно.

 

23 дугаар зүйл.Мэргэжлийн спорт

 

            23.1.Ашиг олох зорилгоор мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн тамирчны  оролцоотой мэргэжлийн спортын тэмцээн зохион байгуулж болно.

 

ТАВДУГААР БҮЛЭГ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САНХҮҮЖИЛТ

 

            24 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын санхүүжилт

 

            24.1.Энэ хуулийн 6.1.4, 6.1.6 дахь заалт, 17.2, 18.4, 22.1, 26.2 дахь хэсэгт заасан үйл  ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

 

            24.2.Энэ хуулийн 7.1.1, 8.1.3, 8.1.4 дэх заалт, 18.5, 26.6 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг орон нутгаас санхүүжүүлнэ.

 

            25 дугаар зүйл.Биеийн тамир, спортын үйл ажиллагаанд

                                                               үзүүлэх дэмжлэг

 

            25.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь спортын холбоо, спортын клуб, биеийн тамирын арга хэмжээ, спортын тэмцээн, наадмыг ивээн тэтгэж болно.

 

            25.2.Аж ахуйн нэгж, байгууллагын спортын заал, талбай түүний дэд бүтцийг барих, спортын хэрэглэл, тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэхэд төрөөс татварын дэмжлэг үзүүлнэ.

 

            25.3.Энэ хуулийн 25.2-т заасан татварын дэмжлэг үзүүлэх асуудлыг татварын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

 

            26 дугаар зүйл.Биеийн тамир, спортын барилга байгууламж

 

            26.1.Спортын барилга байгууламж, заал, талбай нь стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан байна.

 

            26.2.Спортын барилга байгууламж, заал, талбайн стандартыг боловсруулан, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6.5-д заасны дагуу батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.

 

            26.3.Биеийн тамир, спортын барилга байгууламж, заал, талбай нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээ, техникийн шаардлагыг хангасан байна.

 

            26.4.Төрийн болон орон нутгийн өмчлөлийн спортын барилга байгууламж, заал, талбайн зориулалтыг өөрчлөхийг хориглоно. Хувьчлах болон тухайн барилга байгууламж, заал, талбайг буулгаж, шинээр барих тохиолдолд биеийн тамир, спортын зориулалтыг хэвээр хадгална.

 

            26.5.Сургуулийн өмнөх, ерөнхий, дээд, мэргэжлийн боловсрол олгох сургалтын байгууллага нь суралцагчийн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх стандартын шаардлага хангасан барилга байгууламж, заал, талбайтай байх нөхцөлийг бүрдүүлнэ.

 

            26.6.Хувийн өмчийн хөрөнгө оруулалтаар баригдсан, стандартын шаардлага хангасан спортын барилга байгууламж, спортын зааланд иргэнийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллүүлэх зорилгоор тухайн шатны Засаг дарга дэмжлэг үзүүлж болно.

 

            27 дугаар зүйл.Биеийн тамир, спортын хууль тогтоомжийн

                                                       биелэлтэд хяналт тавих

 

            27.1.Биеийн тамир, спортын хууль тогтоомжийн биелэлтэд бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж ажиллана.

 

            27.2.Талууд гэрээнд маргааныг арбитраар шийдүүлэхээр харилцан тохиролцсон, шүүхийн харьяаллын бус бусад спортын үйл ажиллагаатай холбоотой маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлнэ.

 

            28 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

 

            28.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай[6] хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

 

            28.2.Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль[7], эсхүл Зөрчлийн тухай[8] хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

            29 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

 

            29.1.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

            29.2.Энэ хуулийн 8.1.4 дэх заалтыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                   М.ЭНХБОЛД

 

 

 

[1]Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн.

[2]Үндэсний их баяр наадмын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2003 оны 24 дугаарт         

 нийтлэгдсэн.

[3]Төрийн бус байгууллагын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1997 оны 03 дугаарт   

 нийтлэгдсэн.

 

[4]Эрүүл мэндийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 08 дугаарт  

 нийтлэгдсэн.

 

[5]Захиргааны ерөнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 28 дугаарт нийтлэгдсэн.

 

[6]Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн.

[7]Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 07 дугаарт нийтлэгдсэн.

[8]Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.