2017 оны 06 сарын 09 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ПРОКУРОРЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтооход оршино.
2 дугаар зүйл.Прокурорын хууль тогтоомж
2.1.Прокурорын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Прокурорын үйл ажиллагааны зарчим
3.1.Прокурор үйл ажиллагаандаа дараахь зарчмыг баримтална:
3.1.1.хуулийг нэг мөр хэрэглэх;
3.1.2.хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах;
3.1.3.нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх;
3.1.4.хараат бус, бие даасан байх;
3.1.5.ил тод, нээлттэй байх.
4 дүгээр зүйл.Хуулийг нэг мөр хэрэглэх
4.1.Прокурор үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хуулийг баримталж, орон нутаг, салбар, байгууллагын онцлогийг үл харгалзан хуулийг нэг мөр хэрэглэх явдлыг хангана.
4.2.Прокурорын үйл ажиллагааг хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам, аргачилсан заавраар нарийвчлан зохицуулна.
5 дугаар зүйл.Хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах
5.1.Прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна.
6 дугаар зүйл.Нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх
6.1.Прокурор дээд шатны прокурорын өмнө ажлаа хариуцна. Прокурор дээд шатны прокурорын хууль ёсны шийдвэр, даалгаврыг заавал биелүүлнэ.
6.2.Дээд шатны прокурор прокурорын үйл ажиллагаа, шийдвэрийн талаархи гомдлыг хянан шийдвэрлэх, хууль бус, үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, буцаан авах эрхтэй.
6.3.Хуульд өөрөөр заагаагүй бол дээд шатны прокурорын тодорхой бүрэн эрхийг Улсын ерөнхий прокурорын шийдвэрээр бусад прокурорт шилжүүлж болно.
6.4.Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор, аймаг, нийслэл, дүүрэг, сум буюу сум дундын, дагнасан прокурорын газрын ерөнхий прокурорыг дээд шатны прокурор гэж ойлгоно.
7 дугаар зүйл.Хараат бус, бие даасан байх
7.1.Прокурор шийдвэрээ хуульд нийцүүлэн хараат бусаар гаргана.
7.2.Прокурорын шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахад нь хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, хууль бус шийдвэр гаргуулахаар дарамт шахалт үзүүлэхийг хориглоно.
7.3.Прокурорын байгууллагын үйл ажиллагаанд албан тушаалтан, хүн, хуулийн этгээд хууль бусаар нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.
8 дугаар зүйл.Ил тод, нээлттэй байх
8.1.Хуулиар нууцлахаар тогтоосноос бусад асуудлаар гаргаж байгаа прокурорын шийдвэр ил тод байна.
8.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх болон хуулиар хориглосноос бусад тохиолдолд прокурор, түүний зөвшөөрснөөр холбогдох албан тушаалтан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, шийдвэрлэлтийн талаар олон нийт, албан тушаалтан, хүн, хуулийн этгээдэд мэдээлэл өгч болно.
9 дүгээр зүйл.Прокурорын шийдвэрийг биелүүлэх
9.1.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан прокурорын шийдвэрийг хүн, хуулийн этгээд, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.
9.2.Прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл хуульд заасан үндэслэл, журмын дагуу дээд шатны прокурорт гомдол гаргаж болно.
9.3.Прокурорын шийдвэрийн талаар дээд шатны прокурорт гомдол гаргасан нь түүнийг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.
10 дугаар зүйл.Дээд шатны прокуророос доод шатны прокурорын
шийдвэрийг заавал хянах
10.1.Дээд шатны прокурор доод шатны прокурорын шийдвэрийг дараахь тохиолдолд заавал хянана:
10.1.1.мөрдөгч санал, өмгөөлөгч хүсэлт гаргасан;
10.1.2.хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гомдол, мэдээлэл ирүүлсэн;
10.1.3.хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн;
10.1.4.прокурор хянан шалгах ажиллагаа явуулсан;
10.1.5.шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхтэй холбогдуулж гаргасан прокурорын дүгнэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон;
10.1.6.улсын яллагч шүүх хуралдаанд яллахаас татгалзсан;
10.1.7.шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн;
10.1.8.шүүгдэгчийг цагаатгасан.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ПРОКУРОРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
11 дүгээр зүйл.Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналт
11.1.Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд дараахь хяналт тавина:
11.1.1.зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх;
11.1.2.зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх;
11.1.3.зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад хуулийг зөв хэрэглэж байгаа эсэх;
11.1.4.зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хангаж байгаа эсэх;
11.1.5.эрх хязгаарлах арга хэмжээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх;
11.1.6.эрх бүхий албан тушаалтан албадлагын арга хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэж байгаа эсэх.
12 дугаар зүйл.Зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих
прокурорын бүрэн эрх
12.1.Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавихдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.1.1.зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг бүртгэх, зөрчлийн хэрэгт дугаар олгох;
12.1.2.зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд хяналт тавих харьяаллыг тогтоох;
12.1.3.оролцогчийн гаргасан гомдол, бусад үндэслэлээр зөрчлийн хэрэг, материалыг хянах;
12.1.4.эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй авсан албадлагын арга хэмжээг хүчингүй болгох;
12.1.5.зөрчлийн хэрэг бүртгэлттэй холбоотой гомдол, хүсэлтийг шийдвэрлэх;
12.1.6.зөрчлийн хэрэг бүртгэлтэд хуулийн хэрэгжилтийг шалгах;
12.1.7.хуульд заасан бусад.
13 дугаар зүйл.Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын
хяналтын арга хэлбэр
13.1.Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтыг дараахь арга, хэлбэрээр хэрэгжүүлнэ:
13.1.1.хяналтын ажлын бүртгэл хөтлөх;
13.1.2.зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах байгууллага, эрх бүхий албан тушаалтны судалгааг гаргуулан авч, хяналтад хамруулах;
13.1.3.зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан хэрэг, материалтай танилцах, хянах;
13.1.4.зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий байгууллагын хэрэг бүртгэх ажиллагаанд шалгалт хийх.
14 дүгээр зүйл.Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих
прокурорын хяналт
14.1.Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд дараахь хяналт тавина:
14.1.1.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулах байгууллагад ирсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах, шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх;
14.1.2.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх;
14.1.3.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд Эрүүгийн хуулийг[2] зөв хэрэглэж байгаа эсэх;
14.1.4.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангасан эсэх;
14.1.5.прокурорын зөвшөөрөлтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл, шаардлага байгаа эсэх;
14.1.6.таслан сэргийлэх арга хэмжээ авах, дуудан ирүүлэх, баривчлах, албадан ирүүлэх үндэслэл, шаардлага байгаа эсэх;
14.1.7.гэрч, хохирогчийг хамгаалах хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэл байгаа эсэх.
15 дугаар зүйл.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хяналт тавих прокурорын бүрэн эрх
15.1.Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хяналт тавихдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1.эрүүгийн хэрэгт дугаар олгох;
15.1.2.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хяналт тавих харьяаллыг тогтоох;
15.1.3.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулах;
15.1.4.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад мөрдөгчөөс гаргасан саналыг шийдвэрлэх;
15.1.5.хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөгч, прокурорын шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох;
15.1.6.хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан эсэхийг хянаж, хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэх;
15.1.7.баривчлах, түр саатуулах, цагдан хорих байранд ямар ч цагт саадгүй нэвтрэн орох, баривчлагдсан, түр саатуулагдсан, хоригдсон этгээдтэй биечлэн уулзах, хууль бусаар баривчлагдсан, түр саатуулагдсан, цагдан хоригдсон, эсхүл хууль, шүүхийн шийдвэрт зааснаас илүү хугацаагаар хоригдож байгаа этгээдийг даруй суллах;
15.1.8.прокурорын шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцуулах санал хүргүүлэх;
15.1.9.прокурорын хянан шалгах ажиллагаа явуулах;
15.1.10.эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах;
15.1.11.гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн, эсхүл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол дүгнэлт гаргах;
15.1.12.хуульд заасан бусад.
16 дугаар зүйл.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад тавих прокурорын хяналтын арга хэлбэр
16.1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад тавих хяналтыг дараахь арга, хэлбэрээр хэрэгжүүлнэ:
16.1.1.хяналтын ажлын бүртгэл хөтлөх;
16.1.2.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг, материалтай танилцах, хянах;
16.1.3.хуулийн хэрэгжилтэд шалгалт, судалгаа хийх;
16.1.4.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд биечлэн оролцох.
17 дугаар зүйл.Прокурор төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд
оролцох
17.1.Прокурор хуульд заасан тохиолдолд дараахь шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно:
17.1.1.зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх;
17.1.2.эрүүгийн хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх;
17.1.3.захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх.
18 дугаар зүйл.Зөрчил хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд
оролцох
18.1.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөрчил хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцоно.
18.2.Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.
18.3.Прокурор шүүх хуралдаанд бусад этгээдийг оролцуулах, гэрчээс мэдүүлэг авах, бусад нотлох баримтыг шинжлэн судлах талаар шүүхэд хүсэлт, шүүх хуралдааны дарааллын талаар санал гаргана.
18.4.Прокурор шүүх хуралдаанд оролцохдоо өөрийн гаргасан хүсэлт, шийтгэл оногдуулсан шийдвэр, тэдгээрийн хууль зүйн үндэслэл, албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаар тайлбар гаргана.
19 дүгээр зүйл.Эрүүгийн хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх
ажиллагаанд оролцох
19.1.Прокурор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар санал, хүсэлт гаргана.
19.2.Прокурор шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхэд нотолно.
19.3.Улсын яллагч нотлох баримтад үндэслэн хуульд нийцүүлэн өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллана.
19.4.Шүүх хуралдааны явцад өмгөөлөгч, бусад оролцогчоос хөтөлсөн, тулгасан, нэг зүйл дахин давтан асуусан, хэрэгт холбогдолгүй асуулт асуусан, эсхүл хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтад үндэслэн санал гаргавал зогсоох саналыг хуралдаан даргалагчид гаргана.
19.5.Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлэг өгөхөөс татгалзсан, гаргасан мэдүүлэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлгээс ноцтой зөрсөн, эсхүл хэргийг түүний оролцоогүйгээр хэлэлцэж байгаа тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг уншиж сонсгоно.
19.6.Нотлох баримтыг шинжлэн судлах явцад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах санал гаргаж болно.
19.7.Шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн, завдсан, төгссөн эсэх, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол оролцогч нэг бүрийн оролцоо, гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан гэм буруу, зүйлчлэл, оногдуулах ял, хэрэглэх албадлагын арга хэмжээний талаар дүгнэлт гаргана.
19.8.Улсын яллагч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол дээд шатны прокурор өөр прокурорыг томилно.
20 дугаар зүйл.Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах
20.1.Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.
20.2.Прокурор нь төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд нотлох баримт цуглуулах тодорхой ажиллагаа явуулах, иргэн, байгууллага, албан тушаалтнаас холбогдох баримт, мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулан авах эрхтэй.
20.3.Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн[3] 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
20.4.Прокурор өөрийн санаачилгаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно.
21 дүгээр зүйл.Шүүхэд төрийг төлөөлөх бүрэн эрх
21.1.Прокурор шүүх хуралдаанд дараахь бүрэн эрхтэй оролцоно:
21.1.1.шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд санал, дүгнэлт гаргах;
21.1.2.шинжлэн судлах нотлох баримтыг танилцуулах, шүүх хуралдааны дарааллын талаар санал гаргах;
21.1.3.хуульд заасан үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах;
21.1.4.шүүгдэгч, гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээчээс асуулт асуух;
21.1.5.нотлох баримт шинжлэн судлах;
21.1.6.шүүхэд нотлох баримт гаргаж өгөх;
21.1.7.яллах, яллахаас татгалзах;
21.1.8.шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах санал гаргах;
21.1.9.оролцогчийн давж заалдах, хяналтын журмаар гаргасан гомдолд хариу тайлбар гаргах;
21.1.10.шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичих, буцаан авах;
21.1.11.шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх тухай дүгнэлт, хүсэлтийг шүүхэд гаргах;
21.1.12.шүүхэд нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, гомдол гаргах;
21.1.13.хуульд заасан бусад.
21.2.Шүүх хуралдаанд хэд хэдэн прокурор оролцож болох бөгөөд энэ тохиолдолд ахалж оролцох прокурорыг дээд шатны прокурор томилно.
22 дугаар зүйл.Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих
22.1.Прокурор ял эдлүүлэх ажиллагаанд дараахь хяналт тавина:
22.1.1.хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, тэнсэх, албадлагын арга хэмжээ биелүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх;
22.1.2.ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг зөв хэрэглэсэн эсэх;
22.1.3.ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэх;
22.1.4.баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, журамд нийцэж байгаа эсэх.
23 дугаар зүйл.Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих
прокурорын бүрэн эрх
23.1.Прокурор ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихдаа холбогдох хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
23.1.1.ял эдлүүлэх байгууллага, албадах байр, түр саатуулах, баривчлах, цагдан хорих байр, хорих анги, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад ямар ч цагт саадгүй нэвтрэх;
23.1.2.ял эдлүүлэх, албадлагын арга хэмжээ, таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагаатай холбогдуулан албан тушаалтны гаргасан шийдвэр, бусад баримт бичигтэй танилцах, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, уг асуудлыг шалгах, шалгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлэх;
23.1.3.ялтан, цагдан хоригдсон этгээдтэй ганцаарчлан, биечлэн уулзах, шаардлагатай бол ялтан, цагдан хоригдсон этгээдээс тайлбар авах;
23.1.4.ял эдлүүлэх, албадлагын арга хэмжээ, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагаатай биечлэн танилцах, шалгах, илэрсэн зөрчлийг арилгуулах;
23.1.5.шаардлагатай тохиолдолд зохих мэргэжлийн байгууллагыг хяналт, шалгалтад оролцуулах;
23.1.6.ял шийтгүүлсэн, цагдан хоригдсон этгээд, бусад этгээдийн хүсэлт, гомдлыг шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх;
23.1.7.шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан санал, ял эдлүүлэх, хорих ял шийтгүүлсэн Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой дүгнэлтийг шүүхэд гаргах, шүүх хуралдаанд оролцох;
23.1.8.ял эдлүүлэх, албадлагын арга хэмжээ, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбогдуулан байгууллага, албан тушаалтнаас шаардлагатай баримт бичиг, тодорхойлолт, тайлбар гаргуулан авах;
23.1.9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж түр саатуулагдсан, баривчлагдсан, цагдан хоригдсон хүнийг даруй суллах;
23.1.10.хуульд тусгайлан заасан тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах;
23.1.11.шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг хуульд заасан хугацаанд ирүүлэхийг шүүхээс шаардах;
23.1.12.ял эдлүүлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө, орон байр, өмчийн халдашгүй байдал, захиран зарцуулах эрхийг хөндсөн ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих;
23.1.13.шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой санал, хүсэлт, дүгнэлтийг хянаж шийдвэрлэх;
23.1.14.ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийг хянах;
23.1.15.ял эдлүүлэх ажиллагааны явцад гаргасан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар прокурорын шаардлага бичих;
23.1.16.мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад ялтан шилжүүлэх зөвшөөрөл олгох;
23.1.17.харуул хамгаалалтгүй ажиллах хоригдлын материалыг хянаж зөвшөөрөл олгох, гэрээгээр ажиллах хоригдлын талаархи саналтай танилцах;
23.1.18.олон улсын гэрээний дагуу хорих ял эдэлж байгаа гадаад улсын иргэнийг шилжүүлэн өгөх, гадаад улсад ял эдэлж байгаа Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах саналыг хянаж шийдвэрлэх, шүүх хуралдаанд дүгнэлт гаргах;
23.1.19.цагдан хоригдсон этгээдийн өрөөг солих зөвшөөрөл олгох.
24 дүгээр зүйл.Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих
арга хэлбэр
24.1.Прокурор дараахь арга, хэлбэрээр ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавина:
24.1.1.хяналтын ажлын бүртгэл хөтлөх;
24.1.2.хуулийн хэрэгжилттэй танилцах, шалгах, судалгаа хийх;
24.1.3.хорих болон хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн этгээдийн хувийн хэрэг, материалтай танилцах, хянах;
24.1.4.байгууллага, албан тушаалтнаас мэдээ, судалгаа, баримт гаргуулан авах, тайлбар гаргуулах, тодорхойлолт авах;
24.1.5.шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэргэжлийн туслалцаа авч, хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх.
25 дугаар зүйл.Мөрдөн шалгах нууц ажиллагаа, гүйцэтгэх ажилд
хяналт тавих
25.1.Улсын ерөнхий прокурор, түүний тусгайлан эрх олгосон прокурор мөрдөн шалгах нууц ажиллагаа, гүйцэтгэх ажилд дараахь хяналтыг тавина:
25.1.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэхийг хянах;
25.1.2.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн[4] 23 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэх ажилд хяналт тавих;
25.1.3.гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах нууц ажиллагааны заавар, журмын хэрэгжилтэд хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хяналт тавих.
25.2.Прокурор мөрдөн шалгах нууц ажиллагаа, гүйцэтгэх ажилд хяналт тавихдаа дараахь бүрэн эрхтэй:
25.2.1.гүйцэтгэх ажлын болон мөрдөн шалгах нууц ажиллагааны хэрэг нээх, хаах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэхийг хянах;
25.2.2.гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн нэгдсэн тоо бүртгэлд хяналт тавих;
25.2.3.гүйцэтгэх ажлын болон мөрдөн шалгах нууц ажиллагааны нэгдсэн тоо бүртгэлд хяналт тавих;
25.2.4.эрх бүхий байгууллагаас явуулж байгаа мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэхийг хянах;
25.2.5.эрх бүхий байгууллагаас ирүүлсэн мөрдөн шалгах нууц ажиллагаа, гүйцэтгэх ажил явуулах саналтай танилцаж зөвшөөрөл олгох, зөвшөөрөл олгохоос татгалзах, тухайн ажиллагааны хугацааг сунгах, зогсоох, үр дүнг хянах;
25.2.6.гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах нууц ажиллагааны холбогдох материалтай танилцах;
25.2.7.мөрдөгчийн магадлагааг хянаж баталгаажуулах;
25.2.8.гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахаар эрх бүхий байгууллагад даалгавар бичих;
25.2.9.хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааг хүчинтэйд тооцуулах мөрдөгчийн саналыг хянаж, шийдвэрлэх;
25.2.10.гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хяналт, шалгалт явуулах;
25.2.11.гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн, эсхүл эрх бүхий байгууллагын ажилтан хууль тогтоомж зөрчсөн талаархи гомдлыг хянаж, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах арга хэмжээ авах.
25.3.Энэ хуулийн 25.2.5-д заасан шийдвэр гаргахад дараахь асуудлыг тусгасан байна:
25.3.1.зохиох арга хэмжээ, түүний үндэслэл, зорилго, холбогдох хүний тухай мэдээ, хянах утасны дугаар, шуудан харилцааны төрөл буюу үзлэг хийх орон байрны хаяг, шаардагдах хугацаа, ашиглах тусгай техник хэрэгсэл;
25.3.2.тухайн үйлдэл, үйл ажиллагааг бусад аргаар илрүүлэх, баримтжуулах боломжгүй, бэрхшээлтэй болох тухай үндэслэл;
25.3.3.уг арга хэмжээг тухайн хүнд холбогдуулж урьд нь зохиож байсан эсэх.
25.4.Гүйцэтгэх байгууллага зохиосон арга хэмжээ дуусмагц зөвшөөрөл олгосон прокурорт энэ тухай мэдэгдэнэ.
25.5.Энэ зүйлд заасан гүйцэтгэх ажилд тавих прокурорын хяналтад тагнуулын байгууллагын Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан ажиллагаанаас бусад төрлийн гүйцэтгэх ажиллагаа, гүйцэтгэх ажлын нэгдсэн тоо бүртгэл, бусад гүйцэтгэх байгууллагын туслагч, туслах ажилтан, нууц гүйцэтгэх ажилтан, халхавчтай холбоотой мэдээлэл хамаарахгүй.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ, ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮН, ХОРИХ ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ХҮНИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АЖИЛЛАГАА
26 дугаар зүйл.Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан
үзүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хорих ял
шийтгүүлсэн хүнийг шилжүүлэх
26.1.Прокурорын төв байгууллага нь олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол эрүүгийн хэргийн талаар дараахь ажиллагааг хариуцан зохион байгуулах төв байгууллага байна:
26.1.1.эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа;
26.1.2.тогтоол биелүүлэх зорилгоор хүнийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх;
26.1.3.хорих ял шийтгүүлсэн хүнийг харьяат улсад нь ял эдлүүлэхээр шилжүүлэх, Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах.
26.2.Прокурор энэ хуулийн 26.1.1, 26.1.2, 26.1.3-т заасан ажиллагааг олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэх, олон улсын гэрээгээр зохицуулагдаагүй тохиолдолд харилцан адил байх зарчимд тулгуурлан эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцааг харилцан үзүүлж болно.
27 дугаар зүйл.Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан
үзүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хорих ял шийтгүүлсэн
хүнийг шилжүүлэх ажиллагаанд хяналт тавих
прокурорын бүрэн эрх
27.1.Прокурор энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан ажиллагаанд хяналт тавих дараахь бүрэн эрхтэй:
27.1.1.хүсэлтийг хүлээн авах, эрх бүхий байгууллагад уламжлах, түүнийг гүйцэтгүүлэхээр холбогдох байгууллагад шилжүүлэх;
27.1.2.хүсэлтийг гүйцэтгэх эсэхийг хянаж, шийдвэрлэх, зөвшөөрөл олгох;
27.1.3.хүсэлтийн гүйцэтгэлд хяналт тавих;
27.1.4.хүсэлтийг гүйцэтгэх хугацаа тогтоох, хугацааг сунгах.
28 дугаар зүйл.Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаанд хяналт тавих
28.1.Прокурор эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүсэлтийг хүлээн авч дараахь асуудлыг хянана:
28.1.1.хүсэлт нь хууль, Монгол Улсын олон улсын гэрээний шаардлагад нийцсэн эсэх;
28.1.2.хүсэлтийг хангахаас татгалзах үндэслэлтэй эсэх;
28.1.3.хүсэлтийг зохих ёсоор гүйцэтгэхэд шаардлагатай баримт мэдээлэл байгаа эсэх.
28.2.Гадаад улсаас ирүүлсэн эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүсэлтийг хүлээн авах, эрх бүхий байгууллагад гүйцэтгүүлэхээр даалгаж, прокурор хяналт тавина.
28.3.Прокурор эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцааны хүсэлтийг гадаад улсын эрх бүхий байгууллагад уламжилж, гүйцэтгэлийг шаардана.
28.4.Гадаад улсаас ирүүлсэн эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүсэлтийг гүйцэтгэх хугацаа, хугацааг сунгах эсэхийг прокурор шийдвэрлэнэ.
29 дүгээр зүйл.Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх ажиллагаанд хяналт тавих
29.1.Прокурор гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг хүлээн авч дараахь асуудлыг хянана:
29.1.1.гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх тухай хүсэлт нь хууль, Монгол Улсын олон улсын гэрээний шаардлагад нийцсэн эсэх;
29.1.2.гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэн өгөхөөс татгалзах үндэслэл байгаа эсэх;
29.1.3.гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэн өгөх, шилжүүлэн авахад шаардлагатай баримт бичиг нь хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан шаардлага хангасан эсэх.
29.2.Улсын ерөнхий прокурор нь өөрийн санаачилгаар, эсхүл холбогдох байгууллагын саналыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг гадаад улсад эрэн сурвалжлах, олж тогтоох, шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх шийдвэр гаргана.
29.3.Прокурор гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх ажиллагаанд дараахь бүрэн эрхтэй:
29.3.1.гэмт хэрэг үйлдсэн Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах тухай хүсэлтийг гадаад улсын эрх бүхий байгууллагад уламжлах;
29.3.2.гэмт хэрэг үйлдсэн гадаад улсын иргэнийг шилжүүлэн авах тухай хүсэлтийг үндэслэн тодорхой ажиллагаа явуулахыг эрх бүхий байгууллагад даалгах;
29.3.3.гэмт хэрэг үйлдсэн гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг баривчлах, цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлэх;
29.3.4.хуульд заасан хугацаанд шилжүүлж аваагүй тохиолдолд цагдан хоригдсон этгээдийг суллах;
29.3.5.гадаад улсын эрх бүхий байгууллагаас гэмт этгээдийг шилжүүлэн авах тухай шийдвэрийг хүлээн авмагц шилжүүлэн өгөх цаг, хугацаа, газрыг эрх бүхий байгууллага хоорондоо хэлэлцэн тохиролцох;
29.3.6.гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэн авах ажиллагааг прокурор нь цагдаагийн байгууллагад даалгаж гүйцэтгүүлэх.
29.4.Энэ хуульд заасан шилжүүлбэл зохих хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт хорих ял эдэлж байгаа бол ял эдэлж дуустал, эсхүл ялаас чөлөөлөх хүртэл шилжүүлэн өгөх ажиллагааг Улсын ерөнхий прокурорын шийдвэрээр хойшлуулна.
29.5.Гэмт хэргийг мөрдөхөд саад учруулахаар, эсхүл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар бол уг хүнийг шилжүүлэн өгч болно.
30 дугаар зүйл.Хорих ял шийтгүүлсэн хүнийг шилжүүлэн авах,
шилжүүлэн өгөх ажиллагаанд хяналт тавих
30.1.Прокурор хорих ял шийтгүүлсэн хүнийг шилжүүлэн өгөх, шилжүүлэн авах тухай материалыг эрх бүхий байгууллагаас хүлээн авч дараахь асуудлыг хянана:
30.1.1.хорих ял шийтгүүлсэн хүн эх орондоо ялаа үргэлжлүүлэн эдлэх хүсэлт гаргасан эсэх;
30.1.2.хорих ял шийтгүүлсэн хүнийг шилжүүлэн өгөх, шилжүүлэн авахад шаардагдах баримт бичиг нь хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан шаардлага хангаж байгаа эсэх;
30.1.3.хорих ял шийтгүүлсэн хүнийг шилжүүлэн өгөхөөс татгалзах үндэслэл байгаа эсэх.
30.2.Хорих ял шийтгүүлсэн хүнийг шилжүүлэн өгөх, шилжүүлэн авах талаар Улсын ерөнхий прокурор шийдвэр гаргана.
30.3.Хорих ял шийтгүүлсэн хүнийг шилжүүлэн өгөх, шилжүүлэн авах ажиллагааг зохион байгуулахыг эрх бүхий байгууллагад даалгаж, хяналт тавина.
30.4.Хорих ял шийтгүүлсэн хүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх зөвшөөрлийг Улсын ерөнхий прокурор олгоно.
30.5.Хорих ял шийтгүүлсэн хүний эдлээгүй үлдсэн ялыг Монгол Улсад үргэлжлүүлэн эдлүүлэх тухай шүүх хуралдаанд оролцож, дүгнэлт гаргана.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫН ЭРХ ЗҮЙН ХЭЛБЭР
31 дүгээр зүйл.Эрх зүйн хэлбэрийн төрөл
31.1.Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тогтоол, даалгавар, зөвшөөрөл, шаардлага, мэдэгдэл, дүгнэлт, санал, эсэргүүцэл, хүсэлт, нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана.
31.2.Прокурорын хяналтын эрх зүйн хэлбэрийн бусад төрлийг хуулиар тогтоож болно.
31.3.Прокурорын хяналтын эрх зүйн хэлбэр нь хууль ёсны, үндэслэлтэй байна.
31.4.Прокурорын хяналтын эрх зүйн хэлбэрийг бичих аргачлал, журмыг Улсын ерөнхий прокурор тогтооно.
32 дугаар зүйл.Прокурорын тогтоол
32.1.Прокурор чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлэхээр тогтоол гаргана.
32.2.Дээд шатны прокурор нь прокурорын тогтоолыг хууль бус, үндэслэлгүй гэж үзвэл өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй.
33 дугаар зүйл.Прокурорын даалгавар
33.1.Прокурор чиг үүргээ хэрэгжүүлэхдээ тодорхой ажиллагаа гүйцэтгүүлж, баримт, мэдээлэл цуглуулахаар бичгээр даалгавар өгнө.
33.2.Даалгаварт хийгдэх ажиллагааг тодорхой ойлгомжтой заана.
33.3.Даалгаврыг биелүүлэх хугацааг хийж гүйцэтгэх ажиллагааны цар хүрээ, орон зай, нөхцөл байдлыг харгалзан, биелэгдэх боломжтой байдлаар тогтооно.
33.4.Прокурорын даалгаврыг хүлээн авсан албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй.
33.5.Прокурорын даалгаврыг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт санал гаргаж болно.
33.6.Дээд шатны прокурор саналыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор хянаж тогтоол гаргана.
33.7.Тогтоол нь даалгаврыг бүхэлд нь хүчингүй болгох, зарим заалтыг хүчингүй болгох, эсхүл саналыг хүлээн авахаас татгалзсан агуулгатай байна.
33.8.Прокурорын даалгаврыг эрүүгийн хэрэгт хавсаргахгүй.
34 дүгээр зүйл.Прокурорын зөвшөөрөл
34.1.Хуульд заасан тохиолдолд прокурор зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааны явцад зөвшөөрөл өгнө.
34.2.Прокурорын зөвшөөрөл нь албан тушаалтны шийдвэрийг зөвшөөрч батлах хэлбэртэй байна.
34.3.Прокурорын зөвшөөрлийг албан бичгээр өгч болно.
34.4.Прокурор зөвшөөрөл олгохоос татгалзсан бол үндэслэлээ тайлбарлаж, бичгээр мэдэгдэнэ.
35 дугаар зүйл.Прокурорын шаардлага
35.1.Прокурор зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар шаардлага бичнэ.
35.2.Шаардлагыг дээд шатны прокурор бичнэ.
35.3.Прокурорын шаардлагыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан хууль зөрчсөн зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 15 хоногийн дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.
35.4.Шаардлагын хариуг хугацаанд нь ирүүлээгүй албан тушаалтанд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
36 дугаар зүйл.Прокурорын мэдэгдэл
36.1.Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах мэдэгдэл бичнэ.
36.2.Мэдэгдлийг хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны нэр дээр бичнэ.
36.3.Мэдэгдэлд гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, түүнийг арилгах арга хэлбэр, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тухайн хуулийн этгээд, албан тушаалтнаас авч хэрэгжүүлж болох арга хэмжээ, зохиох ажлын талаар дурдана.
36.4.Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.
36.5.Мэдэгдлийн хариуг хугацаанд нь ирүүлээгүй албан тушаалтанд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
37 дугаар зүйл.Прокурорын дүгнэлт
37.1.Прокурор шүүх хуралдаанд оролцохдоо, эсхүл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээхдээ бичгээр дүгнэлт гаргана.
38 дугаар зүйл.Прокурорын санал
38.1.Прокурор шүүхээр тодорхой шийдвэр гаргуулахаар, эсхүл шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргана.
39 дүгээр зүйл.Прокурорын эсэргүүцэл
39.1.Прокурор чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичнэ.
39.2.Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзвэл дээд шатны прокурор буцаан авч болно.
40 дүгээр зүйл.Прокурорын хүсэлт
40.1.Шүүхийн шийдвэрийн бичвэрийн алдаа, буруу хийсэн тооцоог засуулахаар шүүхэд бичгээр хүсэлт гаргана.
41 дүгээр зүйл.Прокурорын нэхэмжлэл, тайлбар, гомдол
41.1.Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана.
41.2.Прокурорын нэхэмжлэл, тайлбар, гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангасан байна.
ТАВДУГААР БҮЛЭГ
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮРЭЛДЭХҮҮН
42 дугаар зүйл.Прокурорын байгууллага
42.1.Прокурорын байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага мөн.
43 дугаар зүйл.Прокурорын байгууллагын тогтолцоо
43.1.Прокурорын байгууллага Улсын ерөнхий прокурорын газар, аймаг, нийслэлийн прокурорын газар, сум буюу сум дундын, дүүргийн прокурорын газраас бүрдэнэ.
43.2.Прокурорын хяналтын ажлын онцлогийг харгалзан дагнасан прокурорын газар байгуулж болно.
43.3.Аймаг, нийслэл, дагнасан болон сум буюу сум дундын, дүүргийн прокурорын газрыг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, ажлын шаардлагыг харгалзан Улсын ерөнхий прокурорын саналаар Монгол Улсын Их Хурал /цаашид “Улсын Их Хурал” гэх/ байгуулна.
43.4.Улсын ерөнхий прокурорын газрын дэргэд эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах, прокурорыг мэргэшүүлэх сургалт, судалгааны нэгж байна.
43.5.Улсын ерөнхий прокурорын газарт эрүүгийн хэргийн төв архив, аймаг, нийслэл, дагнасан прокурорын газарт түүний салбар архив ажиллана.
43.6.Прокурорын газрын зохион байгуулалт, бүтэц, орон тоог Улсын ерөнхий прокурор тогтооно.
43.7.Улсын ерөнхий прокурор, аймаг, нийслэл, дүүрэг, дагнасан прокурорын газрын ерөнхий прокурорын дэргэд зөвлөл ажиллана. Зөвлөлийн бүрэн эрх, ажиллах журмыг Улсын ерөнхий прокурор тогтооно.
44 дүгээр зүйл.Прокурорын байгууллагын албан
тушаалын бүрэлдэхүүн
44.1.Улсын ерөнхий прокурорын газарт Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор, ахлах прокурор, хяналтын прокурор ажиллана.
44.2.Аймаг, нийслэл, дүүрэг, дагнасан прокурорын газарт аймаг, нийслэл, дүүрэг, дагнасан прокурорын газрын ерөнхий прокурор, түүний орлогч, ахлах прокурор, хяналтын прокурор ажиллана.
44.3.Сум буюу сум дундын прокурорын газарт сум буюу сум дундын ерөнхий прокурор, хяналтын прокурор ажиллана.
44.4.Прокурорын газар нь газар, хэлтэс, алба, тасгийн зохион байгуулалттай байж болно. Орлогч, туслах прокурор, ахлах прокурор нь зохион байгуулалтын бүтцийн нэгжийг удирдаж болно.
45 дугаар зүйл.Прокурор
45.1.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч, хуульчийн мэргэжлээр 3-аас доошгүй жил, эсхүл прокурорын туслах ажилтнаар 2-оос доошгүй жил ажилласан, гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байгаагүй, мэргэжлийн шаардлага хангасан, хорин таван насанд хүрсэн Монгол Улсын иргэнийг прокуророор томилно.
45.2.Прокурорыг мэргэжлийн ёс зүй, мэргэшсэн байдал, ур чадвар, дадлага туршлагыг харгалзан албан тушаалд сонгон шалгаруулах, дэвшүүлэх, эсхүл бууруулан томилох, сэлгүүлэн ажиллуулах журмыг Улсын ерөнхий прокурор батална.
45.3.Прокуророор 5-аас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэнийг дээд шатны прокуророор томилно.
45.4.Хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таван насанд хүрсэн прокурорыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно.
46 дугаар зүйл.Улсын ерөнхий прокурор, түүний орлогч
46.1.Прокурорын байгууллагыг Улсын ерөнхий прокурор тэргүүлнэ. Улсын ерөнхий прокурорыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно.
46.2.Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурорын саналыг үндэслэн түүний орлогчийг Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно.
46.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг Улсын Их Хурал дэмжихгүй бол нэг удаа өөр хүний нэрийг дэвшүүлнэ.
46.4.Улсын ерөнхий прокурорын эзгүйд түүний шийдвэрээр Улсын ерөнхий прокурорын аль нэг орлогч бүрэн эрхийг нь хэрэгжүүлнэ. Улсын ерөнхий прокурорын орлогч Улсын ерөнхий прокурорын өмнө ажлаа хариуцна.
46.5.Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэнэ.
46.6.Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрх дараахь тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр гарснаар хугацаанаас өмнө дуусгавар болно:
46.6.1.өөрийнх нь зөвшөөрснөөр өөр ажил, албан тушаалд томилсон, хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог албан тушаалд нэр дэвшсэн;
46.6.2.гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;
46.6.3.эрүүл мэндийн байдлын улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон.
46.7.Энэ хуулийн 46.6-д зааснаар бүрэн эрх нь дуусгавар болсон тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 46.1, 46.2-т заасан журмын дагуу дараагийн Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилно.
47 дугаар зүйл.Прокурорын тангараг
47.1.Прокурор албан тушаалд томилогдохдоо: “Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, албаны үүргээ үнэнч шударгаар биелүүлж, прокурорын мэргэжил, ёс зүйн хэм хэмжээ, нэр хүндийг өндөрт өргөж явахаа тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуульд заасан хариуцлагыг хүлээнэ.” гэж тангараг өргөнө.
47.2.Прокурорын тангараг өргөх ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
48 дугаар зүйл.Улсын ерөнхий прокурорын бүрэн эрх
48.1.Улсын ерөнхий прокурор дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
48.1.1.прокурорын байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж удирдах;
48.1.2.Улсын Их Хурлаас баталсан төсвийг хуваарилах, түүнд багтаан прокурорын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох;
48.1.3.прокурорын газрын байршил, байрны стандартыг тогтоох;
48.1.4.Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилуулах, чөлөөлүүлэх тухай саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;
48.1.5.прокурорыг томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах;
48.1.6.прокурорын хяналтын аргачилсан заавар, журам батлах;
48.1.7.мөрдөн шалгах нууц ажиллагааны журмыг тагнуулын төв байгууллагын даргатай хамтран батлах;
48.1.8.прокурорын байгууллагын дотоод асуудлаар тушаал гаргах;
48.1.9.гэмт хэрэгтэй тэмцэх, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хуулийн заалтыг хэрэгжүүлэх заавар, журам хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж зөвшөөрөл олгох, хэрэгжилтэд хяналт тавих;
48.1.10.гүйцэтгэх ажилд хуульд заасан журмын дагуу хяналт тавих, зөвшөөрөл олгох, гүйцэтгэх ажилд хяналт тавих прокурорт тусгайлан эрх олгох;
48.1.11.шүүх шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эсэргүүцэл бичих;
48.1.12.гадаад улсын ижил төстэй байгууллага, олон улсын байгууллагатай шууд харилцаж хамтран ажиллах, гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар санамж бичиг, хэлэлцээр байгуулах;
48.1.13.хуульд заасан бусад.
48.2.Энэ хуулийн 48.1.9-д заасны дагуу Улсын ерөнхий прокурор хянаж зөвшөөрөөгүй заавар, журмыг дагаж мөрдөхгүй.
49 дүгээр зүйл.Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралтай харилцах
49.1.Улсын ерөнхий прокурор эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар жилд нэгээс доошгүй удаа Улсын Их Хуралд мэдээлнэ.
50 дугаар зүйл.Улсын ерөнхий прокурор Монгол Улсын
Ерөнхийлөгчтэй харилцах
50.1.Ял шийтгүүлсэн этгээдэд үзүүлэх уучлалын асуудлаар дүгнэлт гаргана.
50.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу Улсын ерөнхий прокурор өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар дүгнэлт гаргаж болно.
51 дүгээр зүйл.Улсын ерөнхий прокурор Засгийн газартай
харилцах
51.1.Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний хүсэлтээр өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газрын хуралдаанд зөвлөх эрхтэйгээр оролцож санал, дүгнэлт гаргаж болно.
51.2.Шаардлагатай гэж үзвэл өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг Ерөнхий сайдтай зөвшилцөн Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж болно.
52 дугаар зүйл.Улсын ерөнхий прокурор Үндсэн хуулийн цэцэд
хүсэлт гаргах
52.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлүүлэхээр Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана.
53 дугаар зүйл.Улсын ерөнхий прокурор Улсын дээд шүүхтэй
харилцах
53.1.Улсын ерөнхий прокурор Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх асуудлаар тайлбар гаргуулахаар Улсын дээд шүүхэд санал оруулж болно.
53.2.Улсын дээд шүүхэд хяналтын журмаар, эсхүл хяналтын шатны шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичиж шүүх хуралдаанд оролцоно.
54 дүгээр зүйл.Прокурорын зэрэг дэв
54.1.Прокурор нь төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх, төрийн хууль цаазын шадар зөвлөх, хууль цаазын тэргүүн зөвлөх, хууль цаазын шадар зөвлөх, хууль цаазын итгэмжит зөвлөх, хууль цаазын ахлах зөвлөх, хууль цаазын зөвлөх, хууль цаазын дэд зөвлөхийн зэрэг дэвтэй байна.
54.2.Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх, төрийн хууль цаазын шадар зөвлөхийн зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч, бусад зэрэг дэвийг албан тушаалын ангилал, прокуророор ажилласан хугацаа, мэргэшсэн байдал, ур чадварыг үндэслэн Улсын ерөнхий прокурор олгоно.
54.3.Прокурорын зэрэг дэв тогтоох, олгох журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
55 дугаар зүйл.Прокурорын байгууллагын ажилтан
55.1.Прокурорын байгууллагад чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий туслах ажилтан ажиллана.
55.2.Прокурорын байгууллага нь үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах үүрэг бүхий захиргааны алба, ажилтантай байна.
55.3.Эрүүгийн хэргийн архивт архивын эрхлэгч, архивч ажиллана.
55.4.Прокурорын байгууллагын ажилтанд тавигдах шаардлага, сонгон шалгаруулалт, ажиллах журмыг Улсын ерөнхий прокурор батална.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ПРОКУРОРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БАТАЛГАА
56 дугаар зүйл.Хараат бус байдлын баталгаа
56.1.Прокурорын бүрэн эрхийг энэ хуульд зааснаас өөр үндэслэл, журмаар хязгаарлах, түдгэлзүүлэх, дуусгавар болгохыг хориглоно.
56.2.Хуульд зааснаас бусад тохиолдолд прокурорыг чөлөөлөх, халах, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд томилохыг хориглоно.
56.3.Прокурор албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.
56.4.Прокуророос хяналт тавьж байгаа болон шийдвэрлэсэн хэргийнх нь талаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, албан тушаалтан тайлбар, мэдүүлэг авахаар шаардахыг хориглоно.
56.5.Прокурорт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байгаа тохиолдолд энэ хуулийн 56.4 дэх хэсэг хамаарахгүй.
56.6.Прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос бусад этгээдэд хэргийн талаар мэдээлэл өгөх үүрэг хүлээхгүй.
56.7.Прокурорт хөндлөнгөөс нөлөөлсөн, дарамт, шахалт үзүүлсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
57 дугаар зүйл.Нөлөөллийн мэдүүлэг гаргах
57.1.Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан, хараат бус байдалд нь халдсан аливаа дарамт, шахалт, нөлөөллийн талаар дээд шатны прокурорт мэдүүлэх үүрэгтэй.
57.2.Нөлөөллийн мэдүүлэг гаргах журмыг Улсын ерөнхий прокурор батална.
58 дугаар зүйл.Хууль зүйн баталгаа
58.1.Прокурор, түүний гэр бүлийн гишүүний амь нас, аюулгүй байдалд аюул занал учрах нөхцөл үүссэн, энэ тухай мэдээлэл авсан бол цагдаагийн байгууллага холбогдох хууль тогтоомжид заасны дагуу аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авна.
58.2.Прокурор аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор хуульд заасан нэг бүрийн тусгай хэрэгслийг эзэмших, хэрэглэх эрхтэй. Тусгай хэрэгслээр хангах, хэрэглэх журмыг Улсын ерөнхий прокурор батална.
58.3.Прокурорыг гэмт хэрэг үйлдэж байхад нь, эсхүл хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр, бусад прокурорыг Улсын ерөнхий прокурорын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, тээвэр, холбооны хэрэгсэл, өөрийнх нь мэдэлд байгаа баримт бичиг, ачаа тээш, бусад эд хөрөнгө, захидал, харилцаа, хувийн нууц, биед нь халдах, үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.
58.4.Прокурорыг гэмт хэрэг үйлдэж байхад нь, эсхүл гэмт хэргийн газар гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хангалттай үндэслэл тогтоогдсон бол энэ тухай Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид, бусад прокурорын талаар Улсын ерөнхий прокурорт 24 цагийн дотор мэдэгдэнэ.
58.5.Монгол Улсын Ерөнхийлөгч, эсхүл Улсын ерөнхий прокурор ажлын 10 өдрийн дотор прокурорыг эрүүгийн хариуцлагад татах зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.
58.6.Прокурорт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахтай холбогдуулан түүний бүрэн эрхийг Улсын ерөнхий прокурор түдгэлзүүлж болно.
58.7.Прокурорыг албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, уналга, албан тасалгаа болон биед нь халдах, үзлэг, нэгжлэг хийх шаардлагатай бол энэ хуулийн 58.4, 58.5-д заасан журмын дагуу зөвшөөрөл авна.
58.8.Улсын ерөнхий прокурорын зөвшөөрөлгүйгээр бусад байгууллага, албан тушаалтан прокурорын хяналтын ажлыг шалгах, албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдож илэрхий болсон, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцын талаар мэдээлэл өгөхийг прокуророос шаардахыг хориглоно.
58.9.Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг төр хариуцна.
59 дүгээр зүйл.Эдийн засгийн баталгаа
59.1.Прокурорын байгууллагын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.
59.2.Улсын ерөнхий прокурор нь прокурорын байгууллагын үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийн саналыг төлөвлөж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
59.3.Прокурорын цалин хөлс нь албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөл, төрийн алба хаасан хугацаа, зэрэг дэв, эрдмийн зэргийн нэмэгдлээс бүрдэнэ. Прокурорын албан тушаалын цалингийн сүлжээ, нэмэгдлийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно.
59.4.Прокурорын байгууллагад тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа прокурорт орон сууц барих, худалдан авах, өөрөө, эсхүл хүүхдээ сургахад зориулан төрөөс хөнгөлөлттэй зээл авахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай бол зээлийн баталгаа гаргаж өгнө.
59.5.Улсын ерөнхий прокурор дараахь баталгаагаар хангагдана:
59.5.1.уналга, холбооны хэрэгслээр хангагдах;
59.5.2.төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаанд тохируулан Улсын Их Хурлаас тогтоосон цалин авах, зайлшгүй шаардлагатай бусад хангамж эдлэх;
59.5.3.гадаадад байх, зорчих хугацаанд дипломат дархан эрх, эрх ямба эдлэх.
59.6.Прокурор ээлжийн амралтаараа дотоодын амралт, сувиллын газарт, эсхүл өөрийн болон эхнэр, нөхрийн төрсөн нутагт амрах тохиолдолд түүний ирэх, очих замын зардлыг хуульд заасан журмын дагуу олгоно.
59.7.Прокурорын байгууллагыг ажлын байр, шаардлагатай тоног төхөөрөмж, тээврийн болон техникийн хэрэгсэл, ажилтныг орон сууцаар хангах зэрэг үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага бүх талын дэмжлэг үзүүлнэ.
60 дугаар зүйл.Нийгмийн баталгаа
60.1.Прокурор ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алдсантай холбогдон гарах аливаа хохирлыг төр хариуцна.
60.2.Прокурор ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алдсан бол түүний 10 жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг түүний гэр бүлд олгоно.
60.3.Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.
60.4.Прокурорын ээлжийн амралтын үндсэн хугацаа, нэмэгдэл амралтыг Хөдөлмөрийн тухай хууль[5] болон энэ хуулиар тогтооно. Прокуророор ажилласан 5 жил тутамд ажлын 3 өдрийн нэмэгдэл амралт эдэлнэ.
60.5.Прокурор өөр орон нутагт томилогдон ажиллах тохиолдолд шилжин суурьшихтай холбогдон гарах зардлыг прокурорын байгууллага хариуцна.
60.6.Албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан прокурорын бие махбодод гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосон, түүнчлэн хөдөлмөрийн чадвараа түр алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд прокурорт тэтгэвэр, тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуугийн тэтгэвэр, тэтгэмж авч байсан нийт хугацаанд олгоно. Прокурор эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалаас хэтэрсэн зардал, өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд түүний цалин хөлсийг бүрэн хэмжээгээр олгоно.
60.7.Энэ хуулийн 60.6-д заасан тэтгэвэр, тэтгэмж, авч байсан цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэх, сонсголын аппарат авах, нөхөн сэргээх бусад эмчилгээ хийлгэх бол буцалтгүй тусламжийг төрөөс олгож, хуульд заасан тохиолдолд гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
60.8.Энэ хуульд зааснаас бусад баталгаа, шагнал урамшил, тусламж, тэтгэмжийг Төрийн албаны тухай хууль[6] болон бусад хууль тогтоомжоор зохицуулна.
61 дүгээр зүйл.Улс төрийн баталгаа
61.1.Прокурор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөгөө эдлэхдээ өөрийн албан тушаалд хүндэтгэлтэй хандана.
62 дугаар зүйл.Прокурорын иргэний эрхэд тавих хязгаарлалт
62.1.Прокурор багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон эрх, үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно.
62.2.Прокурорын байгууллагад улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Прокурор нь албан тушаал хаших хугацаандаа улс төрийн намын гишүүнээс түдгэлзэнэ.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ПРОКУРОрын мэргэжлийн болон сахилгын ХАРИУЦЛАГА
63 дугаар зүйл.Прокурорын байгууллагын боловсон хүчний сургалт
63.1.Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдлэг, мэргэшлээ дээшлүүлж, жил бүр сургалтад хамрагдана.
63.2.Прокурорын мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах ажлыг прокурорын байгууллага, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага хэрэгжүүлнэ.
64 дүгээр зүйл.Прокурорын мэргэжлийн зөвлөл
64.1.Прокурорын мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгах, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөлтэй байна.
64.2.Прокурорын мэргэжлийн дүрэм, мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
64.3.Прокурорын мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг Улсын ерөнхий прокурор томилно.
65 дугаар зүйл.Прокурорын ёс зүйн зөвлөл
65.1.Прокурор ёс зүйн дүрэм зөрчсөнтэй холбоотой асуудлыг шалгах, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус ёс зүйн зөвлөлтэй байна.
65.2.Прокурорын ёс зүйн дүрэм, ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
65.3.Прокурорын ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг Улсын ерөнхий прокурор томилно.
66 дугаар зүйл.Прокурорын мэргэжлийн болон ёс зүйн зөвлөлийн
ажиллах журам
66.1.Прокурор мэргэжил, ёс зүйн дүрэм зөрчсөн тухай гомдлыг зөвлөлд гаргана.
66.2.Мэргэжлийн болон ёс зүйн зөвлөл орон тооны бус ажлын албатай байж болно.
66.3.Мэргэжлийн болон ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор сахилгын шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэнэ.
67 дугаар зүйл.Сахилгын шийтгэл
67.1.Прокурор хууль, байгууллагын дотоод журам, прокурорын мэргэжил, ёс зүйн дүрэм зөрчсөн, эсхүл хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй бол тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь сахилгын шийтгэл оногдуулна:
67.1.1.сануулах;
67.1.2.албан тушаалын цалингийн хэмжээг зургаан сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
67.1.3.зэрэг дэв бууруулах;
67.1.4.албан тушаал бууруулах;
67.1.5.ажлаас халах.
67.2.Мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчлөөс бусад үндэслэлээр аймаг, нийслэл, дүүрэг, сум буюу сум дунд, дагнасан прокурорын газрын ерөнхий прокурор энэ хуулийн 67.1.1, 67.1.2-т заасан сахилгын шийтгэлийг харьяа прокурорт оногдуулж болно.
67.3.Прокурорын сахилгын дүрмийг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
67.4.Прокурор сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор Улсын ерөнхий прокурорт, Улсын ерөнхий прокурор оногдуулсан бол шүүхэд гаргана.
67.5.Прокурорын ажилтан ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам зөрчвөл Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд зааснаар сахилгын шийтгэл оногдуулна.
68 дугаар зүйл.Прокурорыг албан тушаалаас чөлөөлөх, халах
68.1.Улсын ерөнхий прокурор Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна дараахь үндэслэлээр прокурорыг албан тушаалаас нь чөлөөлнө:
68.1.1.өөрийнх нь зөвшөөрснөөр өөр ажил, албан тушаалд томилохоор болсон, сонгогдох албан тушаалд нэр дэвшсэн;
68.1.2.биеийн эрүүл мэндийн байдлын улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон;
68.1.3.энэ хууль, бусад хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;
68.1.4.мэргэжлийн болон ажил хэргийн ур чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй тухай мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гарсан.
68.2.Төрийн албаны тухай хууль, энэ хуульд заасан үндэслэлээр прокурорыг албан тушаалаас нь хална.
НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД
69 дүгээр зүйл.Прокурорын байгууллагын бэлгэдэл, далбаа,
тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас, прокурорын
дүрэмт хувцас, энгэрийн тэмдэг
69.1.Прокурорын байгууллага бэлгэдэл, далбаа, прокурор дүрэмт хувцас, энгэрийн тэмдэгтэй байна.
69.2.Прокурорын бэлгэдэл, далбаа, дүрэмт хувцас, энгэрийн тэмдгийн загвар, тэдгээрийг хэрэглэх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
69.3.Прокурорын байгууллага тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудастай байна.
70 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
70.1.Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ
[1] Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.
[2] Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 07 дугаарт нийтлэгдсэн.
[3] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 8
дугаарт нийтлэгдсэн.
[4] Гүйцэтгэх ажлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1998 оны 3 дугаарт нийтлэгдсэн.
[5] Хөдөлмөрийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1999 оны 25 дугаарт нийтлэгдсэн.
[6] Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн.