Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай

2017/06/09 12:05 562

 

2017 оны 06 сарын 09 өдөр                                                          Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ

ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

 

 

1 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 286.7-д заасан хугацаа нь уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон баривчлах төв, баривчлах байрны алба хаагчид хамаарахгүй.

 

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсон Тахарын албаны тухай хуулийн 25.3, 25.4-т заасан албан тушаалд ажиллаж байсан хугацааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласнаар тооцно.

 

3 дугаар зүйл. Баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийслэлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, аймаг, суманд цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.

 

4 дүгээр зүйл.2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9.2 дахь хэсэг,  83 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалтай холбогдох заалтыг 2017 оны төсвийн жил дуусах хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.

 

5 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 243.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 33.4-т заасан хорих ангийн гадна хориотой бүсэд хамаарах зохицуулалт нь хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гаргасан тухайн бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх тухай шийдвэрт хамаарахгүй.

 

6 дугаар зүйл.Энэ хуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                            Ц.НЯМДОРЖ