Дотоодын цэргийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

2017/02/09 12:13 578

 

2017 оны 02 сарын 09 өдөр                                                           Төрийн ордон, Улаанбаатар хот

  

     ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ

     ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

 

 

1 дүгээр зүйл.Улсын Их Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу цагдаа, хилийн хамгаалах байгууллагад шилжүүлсэн дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаах үйл ажиллагаатай холбоотой төсөв, дэд бүтэц, барилга байгууламж, материал техникийн хангамж, зэвсэг хэрэгслийг буцаан Дотоодын цэрэгт шилжүүлэх 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

 

2 дугаар зүйл.Дотоодын цэргийн тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа цагдаагийн алба хаагч дотоодын цэрэгт шилжсэн үеэс Дотоодын цэргийн тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Алба хаагчдыг цэргийн мэргэжлийн сургалтад хамруулж, хувцас, агсамжаар хангах ажлыг цагдаагийн төв байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

 

3 дугаар зүйл.Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан дотоодын цэргийн алба хаагчийг цэргийн мэргэжлийн сургалтад хамруулж, хувцас, агсамжаар хангах хүртэл хугацаанд одоо хэрэглэж байгаа цагдаагийн дүрэмт хувцас, цол, бэлэгдлийг хэрэглүүлнэ.

 

4 дүгээр зүйл.Дотоодын цэргийн тухай хуулийн 15.2-т заасан гэрээгээр гүйцэтгэх хамгаалалтын хугацааг дотоодын цэргийн штабын дарга тогтоож, төлбөрийн хэмжээг санхүү, төсвийн болон дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

 

5 дугаар зүйл.Дотоодын цэргийн тухай хуулийн 36.3-т заасан хугацаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон иргэнд хамаарахгүй.

 

             6 дугаар зүйл.Энэ хуулийг Дотоодын цэргийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          М.ЭНХБОЛД