2017 оны 01 сарын 26 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
АХМАД НАСТНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь ахмад настны эрхийг хангах, амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын үүргийг тодорхойлж, тэдгээрийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино.
2 дугаар зүйл.Ахмад настны хууль тогтоомж
2.1.Ахмад настны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Нийгмийн даатгалын тухай хууль[2], Нийгмийн халамжийн тухай хууль[3], Хөдөлмөрийн тухай хууль[4], Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль[5], Эрүүл мэндийн тухай хууль[6], Эрүүл мэндийн даатгалын тухай хууль[7], Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль[8], энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд
3.1.Энэ хуулийн үйлчлэлд 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн хамаарна.
3.2.Нийгмийн даатгалын сангаас өндөр насны, эсхүл цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч байгаа энэ хуулийн 3.1-д заасан насанд хүрээгүй иргэн энэ хуулийн 9, 11 дүгээр зүйлд заасан дэмжлэг, үйлчилгээнд хамрагдана.
3.3.Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг энэ хуулийн 3.1-д заасан насанд хүрсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг энэ хуулийн үйлчлэлд хамааруулж болно.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“ахмадын байгууллага”гэж ахмад настны нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг улсын хэмжээнд төлөөлөх байгууллагыг;
4.1.2.“ахмадын сан” гэж ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын төсөв, үйл ажиллагааны орлогоос хуульд заасан хувь, хэмжээгээр тооцож бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг;
4.1.3.“ахмад настанд үзүүлэх дэмжлэг” гэж ахмад настны амьжиргаа, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжих төрийн үйлчилгээг;
4.1.4.“ахмад настанд үзүүлэх үйлчилгээ” гэж иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор ахмад настанд чиглэсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг;
4.1.5.“насны хишиг” гэж 65, түүнээс дээш настай ахмад настанд олгох тэтгэмжийг;
4.1.6.“ахмад настны эсрэг хүчирхийлэл” гэж аливаа этгээд ахмад настны эрх, эрх чөлөөг зөрчиж, түүний амь нас, эрүүл мэнд, бие махбод, сэтгэл санаанд гэм хор учруулсан, эсхүл учруулахаар заналхийлсэн үйлдэл, эс үйлдэхүйг.
5 дугаар зүйл.Ахмад настны эрхийг хангахад төрөөс
баримтлах зарчим
5.1.Төрөөс ахмад настны эрхийг хангахад дараахь зарчмыг баримтална:
5.1.1.нийгмийн амьдралд эрх тэгш оролцуулах;
5.1.2.хөгжих, нийгмийн дунд эрүүл, идэвхтэй амьдрах, мэдлэг, туршлагаа хойч үедээ өвлүүлэх боломжтой байх;
5.1.3.нэр төр, алдар гавьяаг хүндэтгэх;
5.1.4.үл ялгаварлах;
5.1.5.орлогын баталгаат байдлыг хангах;
5.1.6.сонголтыг хүлээн зөвшөөрөх.
6 дугаар зүйл.Ахмад настны эрх
6.1.Эрүүл мэндийн байдалд нь харшлахгүй бол ахмад настан өөрийн хүсэл, сонирхлын дагуу бие даан амьдрах эрхтэй.
6.2.Ахмад настан хүнс тэжээл, орон байраар хангагдах, ахуйн болон эрүүл мэнд, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын үйлчилгээ авах эрхтэй бөгөөд ахмад настанд олгох тэтгэвэр, тэтгэмжийг холбогдох хуулиар зохицуулна.
6.3.Ахмад настан нь хүсэл, сонирхол, эрүүл мэнд, мэдлэг, чадвартаа тохирсон хөдөлмөр эрхлэх, орлого олох эрхтэй.
6.4.Ахмад настан үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, гэр бүлийн гишүүнээс туслалцаа, дэмжлэг авах эрхтэй.
6.5.Ахмад настан нийгмийн амьдралд оролцох эрхтэй бөгөөд бие даан, эсхүл ахмадын байгууллага, хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан өөрийн хүсэл, сонирхол, ур чадварт тохирсон хөдөлмөр эрхлэх, үйлчилгээ, тусламж авах, нийгэмд тустай сайн дурын үйл ажиллагаанд оролцож болно.
6.6.Ахмад настан нэр төрөө хүндлүүлэх эрхтэй бөгөөд төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн төсөл боловсруулахад саналаа өгөх, хэрэгжилтэд нь зөвлөх, залуу үед мэдлэг, туршлага, ур чадвараа хуваалцах, өвлүүлэн үлдээх хэлбэрээр нийгмийн үйл хэрэгт оролцоно.
6.7.Ахмад настан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу авах эрхтэй.
6.8.Ахмад настан өөрийгөө хөгжүүлэх эрхтэй бөгөөд өөрийн чадавхийг хөгжүүлэх бололцоогоор хангагдах, сургалтад хамрагдах хэлбэрээр энэ эрхээ эдэлнэ.
6.9.Ахмад настны өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тэтгэвэр, тэтгэмж, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх, барьцаалахыг хориглоно.
6.10.Гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч нь ахмад настныг нийгмээс тусгаарлах,ялгаварлан гадуурхах, нийгмийн харилцаанд оролцоход нь саад учруулах, хязгаарлах, түүнийг хөгжих, асран сувилах үйлчилгээнд хамруулахаас зайлсхийхийг хориглоно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
АХМАД НАСТАНД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ,
ДЭМЖЛЭГ, ХҮНДЭТГЭЛ
7 дугаар зүйл.Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ
7.1.Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ дараахь төрөлтэй байна:
7.1.1.лавлагаа, мэдээллийн үйлчилгээ;
7.1.2.зөвлөгөө өгөх үйлчилгээ;
7.1.3.явуулын үйлчилгээ;
7.1.4.өдрийн үйлчилгээ;
7.1.5.сайн дурын үйлчилгээ;
7.1.6.өдрөөр эмчлэх, асран сувилах үйлчилгээ;
7.1.7.асрамжийн үйлчилгээ;
7.1.8.хүнсний дэмжлэг үзүүлэх үйлчилгээ;
7.1.9.гэр бүлийн хүчирхийллээс хамгаалагдах үйлчилгээ.
7.2.Энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг дараахь хэлбэрээр зохион байгуулна:
7.2.1.аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан, ахмадын байгууллага нь ахмад настан, түүний гэр бүлийн гишүүн, асран хамгаалагчид дэмжлэг, туслалцаа, үйлчилгээ үзүүлэх, ахмад настны эрхийг хамгаалах асуудлаарх мэдээллийг амаар, бичгээр, цахим хэлбэрээр хүргэх, сургалт зохион байгуулах;
7.2.2.ахмад настанд нийгэм, эдийн засаг, сэтгэл зүй, хууль зүйн зөвлөгөө өгөх болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх;
7.2.3.ахмад настанд ус, түлш, хүнс бэлтгэх, угаалга цэвэрлэгээ хийх зэрэгт туслах, зайлшгүй шаардлагатай асаргаа, сувилгааг явуулын үйлчилгээний хэлбэрээр зохион байгуулах;
7.2.4.ахмад настныг хооллох, сургах, хөгжүүлэх үйлчилгээг өдрийн, эсхүл түр байрлуулах хэлбэрээр зохион байгуулах;
7.2.5.ахмад настанд туслах хүсэл, сонирхолтой сайн дурын байгууллага, ажилтны үйл ажиллагааг зохион байгуулах;
7.2.6.хүнд өвчтэй, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настныг сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төвөөс өдрийн эмчилгээ, сувилахуйн болон сэргээн засахын тусламж, үйлчилгээнд хамруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд гэрээр тусламж, үйлчилгээ үзүүлэх;
7.2.7.бие даан амьдрах чадваргүй ахмад настныг Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан асрамжийн үйлчилгээнд хамруулах;
7.2.8.Нийгмийн халамжийн тухай хуулийн 22.1.1-д заасан өрхийн ахмад настанд хүнсний бүтээгдэхүүн авах эрхийн бичиг олгох;
7.2.9.шаардлагатай тохиолдолд ахмад настныг холбогдох хуульд заасны дагуу хүчирхийллээс хамгаалах үйлчилгээнд хамруулах;
7.2.10.аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан нь ахмад настны нөхцөл байдлыг судлан, хэрэгцээт дэмжлэг, туслалцаа, үйлчилгээг тодорхойлж, тэдгээрээс сонголт хийхэд туслах, зөвлөгөө өгөх.
7.3.Энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.8-д заасан шалгуур, журмыг хангасан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаас сонгон шалгаруулж, гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх бөгөөд үйлчилгээ нь өрх, иргэний хүсэлтийн дагуу төлбөртэй байж болно.
7.4.Энэ хуулийн 7.3-т заасан иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, мэдээллийн санг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүрдүүлнэ.
7.5.Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай ахмад настны асрамжийн газрыг төрөөс бодлогоор дэмжиж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх ба санхүүжүүлэх журмыг санхүүгийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
7.6.Энэ хуулийн 7.1.2, 7.1.3, 7.1.4-т заасан үйлчилгээг үзүүлэх зорилгоор тухайн нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага нь сум, тосгон, хороо, багт “Ахмадын өргөө” байгуулан ажиллуулж болно.
7.7.Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээ, арга хэмжээнд чиглэсэн хандив, тусламж үзүүлэхэд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага дэмжиж, хамтран ажиллана.
8 дугаар зүйл.Ахмад настны амьжиргааг дэмжих
8.1.Ахмад настны амьжиргааг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулахад төрөөс дараахь дэмжлэгийг үзүүлнэ:
8.1.1.хөл, гарны протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл, тэргэнцэр худалдан авсан болон дотоодод хийлгэсэн зардлын үнийг таван жилд нэг удаа, шүд /үнэт металлаар хийхээс бусад/-ний протезийн дотоодод хийлгэсэн зардлын үнийг гурван жилд нэг удаа тус тус нийгмийн халамжийн, эсхүл эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн олгох;
8.1.2.ахмад настанд амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийг жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр олгох;
8.1.3.тэжээн тэтгэх хүүхэдгүй, эсхүл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настан, хүндэт донор ахмад настанд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулан жилд нэг удаа мөнгөн тусламж олгох;
8.1.4.нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй ахмад настан нас барвал түүний оршуулгын зардалд нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжтэй тэнцүү хэмжээний тусламж олгох;
8.1.5.ахмад настан нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих бөгөөд нийтийн тээврийн байгууллага ахмад настныг нийтийн тээврийн хэрэгслээр чөлөөтэй, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх;
8.1.6.ахмад настанд олгох нийтийн тээврийн хэрэгслийн төлбөрийг харьяа аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлэх.
8.2.Энэ хуулийн 8.1.2-т заасан амралт, сувиллын газрын стандартыг стандартчилал , техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, энэ хуулийн 8.1.5-д заасан нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсгийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.3.Ахмад настны орлогын баталгааг хангах зорилгоор тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон инфляцийн өөрчлөлтийг харгалзан Засгийн газар тухай бүр нэмэгдүүлнэ.
9 дүгээр зүйл.Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
9.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, ажилтан нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.1-д заасан үйл ажиллагаа болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
9.1.1.хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмад настныг бүртгэж, мэдээллийн сан бүрдүүлэх;
9.1.2.энэ хуулийн 9.1.1-д заасан мэдээллийн санд бүртгэгдсэн ахмад настныг ажилд зуучлах, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр хөдөлмөр эрхлэхийг дэмжих, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх, жижиг зээл олгох, хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах;
9.1.3.ахмад настан нь залуу үед амьдрах ухаан, аж ахуй эрхлэх болон бусад чиглэлээр танхимын, зайны, шавь сургалт явуулахыг дэмжиж ажиллах.
9.2.Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг жил бүр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл баталж, аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, ажилтан хэрэгжүүлнэ.
9.3.Төрийн захиргааны төв байгууллага өөрийн салбарт зөвлөх мэргэжилтнээр ажиллах мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ахмад настны бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлж, тэднийг төрийн бодлого, хууль тогтоомж боловсруулах, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгөх ажилд оролцуулах арга хэмжээ авна.
9.4.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үндэсний хэмжээнд ажиллах мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ахмад настны бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлж, тэднийг мэргэжлийн чиглэлээр нь сургагч багшаар бэлтгэх, зөвлөх үйлчилгээнд зуучлах ажлыг зохион байгуулна.
9.5.Ахмад настны санаачилгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд нийт ажиллагсдын 50-аас доошгүй хувийг нь ахмад настан эзэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл, хоршоонд Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр хөрөнгө, зээл олгож дэмжлэг үзүүлж болно.
9.6.Аж ахуйн нэгж, байгууллага нь мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагатай ахмад настныг үргэлжлүүлэн ажиллуулж болно.
9.7.Энэ хуулийн 9.1.1, 9.3, 9.4-т заасан мэдээллийн санг удирдах, ашиглах журмыг Засгийн газар батална.
9.8.Аж ахуйн нэгж, байгууллага нь ахмад настныг тухайн байгууллагын зорилго, зорилт, хууль ёсны эрх ашигт нийцсэн сайн дурын ажил хийхийг дэмжиж болох бөгөөд сайн дурын ажил хийх ахмад настныг ажиллах нөхцөлөөр хангана.
10 дугаар зүйл.Ахмад настны эрүүл мэндийг хамгаалах
10.1.Ахмад настны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр төрөөс дараахь дэмжлэгийг үзүүлнэ:
10.1.1.сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв нь ахмад настанд зориулж насжилтаас үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, сургалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулах;
10.1.2.эмчилгээ, сувилгаа зайлшгүй шаардлагатай ахмад настанд эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулах тохиолдолд тээврийн хэрэгслийн нэг талын зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг, хүндэт донор ахмад настанд 100 хувийг жилд нэг удаа нөхөн олгох;
10.1.3.нийслэлээс 1000 километр ба түүнээс хол алслагдсан газарт байнга оршин суудаг ахмад настан аймгийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлэг хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд төрөлжсөн мэргэшлийн болон нэгдсэн эмнэлэг тухайн ахмад настанд дараалал харгалзахгүй үйлчилж, унааны нэг талын зардлыг жилд нэг удаа нөхөн олгох;
10.1.4.сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв нь хэвтрийн болон архаг өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй ахмад настныг байнгын хяналтад авч, асран сувилах тусламж үзүүлэх явуулын үйлчилгээг ахмад эмч болон сувилагч, тусгайлан бэлтгэсэн сайн дурын ажилтныг оролцуулан зохион байгуулах;
10.1.5.гэрээр асруулж байгаа байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй ахмад настанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.6-д заасан мөнгөн тусламж олгох;
10.1.6.ахмад настны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт ахмад настны кабинет, сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төвд ахмад настны эмч, эсхүл ахмад настны эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил, ур чадвар эзэмшсэн эмч ажиллуулах.
10.2.Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр эм олгох бөгөөд хөнгөлөлттэй үнээр олгох эмийн нэр төрөл, хөнгөлөлтийн хэмжээг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар[9] зохицуулна.
11 дүгээр зүйл.Ахмад настны хөгжил, оролцоог дэмжих
11.1.Ахмад настны хөгжил, оролцоог төрөөс дараахь байдлаар дэмжинэ:
11.1.1.өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа дөхсөн болон өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ахмад настныг нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд бэлтгэх хөтөлбөрийг Засгийн газар баталж, хэрэгжүүлэх;
11.1.2.нутгийн захиргааны байгууллага нь ахмад настанд биеийн тамир, спорт, соёл, урлагийн барилга, байгууламж, талбайг үнэ төлбөргүй ашиглуулах, ахмад настны дунд биеийн тамир, спорт, урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулах, ахмадын баг, хамтлаг, клубыг үйл ажиллагаа явуулах байраар үнэ төлбөргүй хангах үүрэг хүлээх;
11.1.3.нутгийн захиргааны байгууллага нь ахмад настанд зориулан чөлөөт цагийн танхим, мэдээллийн төвийг ажиллуулан ахмад настанд сэтгэл зүйн болон бусад зөвлөгөө өгөх.
12 дугаар зүйл.Ахмад настанд үзүүлэх хүндэтгэл, насны хишиг
12.1.Жил бүрийн Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1-ний өдрийг тохиолдуулан аж ахуйн нэгж, байгууллага бүр ажиллаж байсан ахмад настанд хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулна.
12.2.65 болон түүнээс дээш настай ахмад настанд Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан жил бүрийн 01 дүгээр сард, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан жил бүрийн 7 дугаар сард улсын төсвөөс санхүүжүүлэн насны хишиг олгох бөгөөд насны хишиг олгох журмыг Засгийн газар батална.
12.3.Энэ хуулийн 12.2-т заасан насны хишиг дараахь хэмжээтэй байна:
12.3.1.65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг;
12.3.2.70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг;
12.3.3.80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг;
12.3.4.90, түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөг.
12.4.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настан болон 90, түүнээс дээш настай ахмад настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын мэндчилгээ, гарын бэлэг гардуулна. 100 болон түүнээс дээш настай ахмад настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлэг гардуулж болно.
12.5.Ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь дампуурсан буюу татан буугдсан болон бусад шалтгаанаар харьяалах аж ахуйн нэгж, байгууллага байхгүй болсон ахмад настныг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан бүртгэж Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1-ний өдрийг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.
12.6.Худалдаа, тээвэр, холбоо, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний газар ахмад настанд тэргүүн ээлжид үйлчилнэ.
12.7.Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж нь автобусны зогсоол, төмөр замын өртөө, нисэх буудал, худалдаа, үйлчилгээний төв, цэцэрлэгт хүрээлэн, сүм, хийд болон нийтийн үйлчилгээний бусад газар ахмад настанд зориулсан тусгайлан тоноглосон суудал, тавцан, гарц, шат, угаагуур, суултуур зэргийг хүрэлцээтэй хэмжээгээр байрлуулах арга хэмжээ авна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
АХМАД НАСТАНД ДЭМЖЛЭГ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ
ЖУРАМ, САНХҮҮЖИЛТ
13 дугаар зүйл.Ахмад настанд үзүүлэх дэмжлэгийн
хэмжээ, үйлчилгээ үзүүлэх журам,
санхүүжүүлэх эх үүсвэр
13.1.Энэ хуулийн 8.1.3-т заасан дэмжлэгт хамрагдах ахмад настныг тухайн орон нутгийн ахмадын байгууллагын саналыг харгалзан Нийгмийн халамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Амьжиргааг дэмжих зөвлөл тодорхойлж, шийдвэрлэнэ.
13.2.Энэ хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан ахмад настанд үзүүлэх үйлчилгээ, дэмжлэг, хүндэтгэлийн хэмжээ, тэдгээрийг олгох журмыг Засгийн газар батална.
13.3.Энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээ, энэ хуулийн 8.1.2, 8.1.3, 8.1.4, 10.1.2, 10.1.3, 10.1.5-д заасан дэмжлэгийг нийгмийн халамжийн сангаас, энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан дэмжлэгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас, энэ хуулийн 7.2.6, 10.1.1, 10.1.4-т заасан үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.
13.4.Ахмад настанд үйлчилгээ, дэмжлэг, хүндэтгэл үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгах, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнахтай холбогдсон харилцааг Төсвийн тухай хуулиар[10] зохицуулна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, АЛБАН
ТУШААЛТНЫ ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
14 дүгээр зүйл.Аж ахуйн нэгж, байгууллага, албан
тушаалтны хүлээх үүрэг
14.1.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ахмад настны амьжиргаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, ахмад настны хөгжил, оролцоог дэмжих талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр боловсруулах, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ахмад настны талаархи хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангах үүрэг хүлээнэ.
14.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ахмад настны онцлог, хэрэгцээ, шаардлагад нийцсэн эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, насжилтын судалгааны төв, ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, тусгайлсан төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, энэ талаархи хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангах үүрэг хүлээнэ.
14.3.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ахмад настны хэрэгцээ, сонирхлыг үндэслэн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, шинэ ур чадвар эзэмшүүлэх, хөгжүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглах, насан туршийн боловсролын үйлчилгээнд хамруулах талаар бодлого, төсөл, сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангах үүрэг хүлээнэ.
14.4.Төрийн захиргааны төв байгууллага энэ хууль, эрхэлсэн асуудлынхаа хүрээнд ахмад настанд ая тухтай амьдрах, хөгжих, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж олгох талаар бодлого, төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг хүлээнэ.
14.5.Бүх шатны Засаг дарга ахмад настныг дэмжих талаар дараахь үүрэг хүлээнэ:
14.5.1.баг, хорооны Засаг дарга ахмад настныг судалж бүртгэх, хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж тогтоох болон дэмжлэг, тусламж үзүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэхэд туслах,үнэн зөв тодорхойлолт гаргаж өгөх;
14.5.2.сум, дүүргийн Засаг дарга ахмад настны талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ахмад настныг нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээнд хамруулах талаар эрх бүхий байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх, ахмад настныг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл мэндийг нь хамгаалах, ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь татан буугдсан, өөр орон нутгаас шилжин ирсэн ахмад настныг бүртгэж, нийгмийн хамгааллын арга хэмжээнд хамруулах;
14.5.3.аймаг, нийслэлийн Засаг дарга ахмад настныг дэмжих талаар авах арга хэмжээ, зарцуулах төсвийн санал боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, энэ талаархи хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хэрэгжилтэд хяналт тавих, ахмад настныг төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамруулах саналыг халамжийн байгууллагад уламжлах;
14.5.4.аймаг, нийслэлийн Засаг дарга нь орон сууц барих аж ахуйн нэгжийн удирдлагатай тохиролцон шинээр баригдах орон сууцны дэд бүтцэд төсвөөс оруулсан хөрөнгө оруулалттай тэнцэх хэмжээний үнийн дүнтэй орон сууцыг эзэмшилдээ авах, эхний ээлжид орон байргүй ахмад настанд хөлслүүлэх, эзэмшүүлэх, хүүхэдтэйгээ хамтран төлбөрийн уян хатан, хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах боломж бүрдүүлэх;
14.5.5.аймаг, нийслэлд ахмадын ордон, сум, дүүрэгт ахмадын өргөө, танхим, төв байгуулж ажиллуулах, түүнд шаардагдах хөрөнгө, үйл ажиллагааны зардлыг тухайн орон нутгийн төсөвт жил бүр тусгах.
14.6.Аж ахуйн нэгж, байгууллага нь ажиллаж байсан ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, түлээ, нүүрс олгох, хүндэтгэл үзүүлэх, нийгэм, соёл, урлаг, аялал, биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулж, хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ.
14.7.Энэ хуулийн 14.6-д заасан арга хэмжээнд зориулан аж ахуйн нэгж, байгууллага өөрийн төсөв, үйл ажиллагааны орлогоосоо цалингийн нийт сангийн гурав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр “Ахмадын сан” байгуулах бөгөөд Ахмадын сан байгуулан ажиллуулах журмыг Засгийн газар батална.
14.8.Ахмад настны ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь өөрчлөн зохион байгуулагдсан, татан буугдсан бол түүний эрх, үүргийг шилжүүлэн авсан этгээд энэ хуулийн 14.6-д заасан үүргийг хэрэгжүүлнэ.
15 дугаар зүйл.Ахмадын байгууллага
15.1.Ахмад настны олонхийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, нийгэмд үйлчилдэг, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг улсын төсвөөс, түүний салбар, нэгжийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвөөс санхүүжүүлнэ.
15.2.Энэ хуульд заасан ахмад настны талаархи төрийн болон нутгийн захиргааны байгууллагын гүйцэтгэх зарим чиг үүргийг ахмад настны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, төсөл, арга хэмжээний зардлыг санхүүжүүлж болно.
16 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
16.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтанд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд Төрийн албаны тухай хуульд[11] заасан хариуцлага хүлээлгэнэ.
16.2.Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай иргэн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль[12], эсхүл Зөрчлийн тухай хуульд[13] заасан хариуцлага хүлээлгэнэ.
17 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
17.1.Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
[1] Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.
[2] Нийгмийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 8 дугаарт нийтлэгдсэн.
[3] Нийгмийн халамжийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 8 дугаарт нийтлэгдсэн.
[4] Хөдөлмөрийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1999 оны 25 дугаарт нийтлэгдсэн.
[5] Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 40 дугаарт нийтлэгдсэн.
[6] Эрүүл мэндийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 21 дугаарт нийтлэгдсэн.
[7] Эрүүл мэндийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 8 дугаарт нийтлэгдсэн.
[8] Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль “Төрийн мэдээлэл ” эмхэтгэлийн 2017 оны 5 дугаарт нийтлэгдсэн.
[9] Эрүүл мэндийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 08 дугаарт нийтлэгдсэн.
[10] Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн.
[11] Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн.
[12] Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 7 дугаарт нийтлэгдсэн.
[13] Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 8 дугаарт нийтлэгдсэн.