Монгол Улсын хилийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/

2016/12/28 16:01 4925

 

2016 оны 12 сарын 28 өдөр                                                                 Төрийн ордон, Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ  

/Шинэчилсэн найруулга/


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл  

 

            1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын хилийн халдашгүй, дархан байдлыг хангах зорилгоор хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, улсын хилээр зорчигч, тээврийн  хэрэгслийг шалган нэвтрүүлэх, улсын хил хамгаалах байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын хил хамгаалалтад иргэн, байгууллагын оролцоог тодорхойлж, хилийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.

 

            2 дугаар зүйл.Монгол Улсын хилийн хууль тогтоомж

 

            2.1.Монгол Улсын хилийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

 

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

           

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

                       

                        3.1.1.“байнгын ажиллагаатай боомт” гэж Монгол Улсын олон улсын гэрээнд заасан цагийн хуваарийн дагуу байнга ажиллах боомтыг;

 

                        3.1.2.“боомтын дэд бүтэц” гэж хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх авто зам, төмөр зам, агаарын тээврийн дэд бүтэц, хилийн хяналтын байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн, хилийн боомтод тавих аюулгүй байдлын шаардлагыг хангасан инженерийн дэд бүтцийг;

             3.1.3.“гэрээт хилчин” гэж хугацаат цэргийн алба хаасны дараа сайн дурын үндсэн дээр гэрээгээр цэргийн жинхэнэ алба хааж байгаа иргэнийг;

 

                        3.1.4.“зорчигч” гэж улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиг бүхий, хилийн боомтоор нэвтэрч байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;

 

             3.1.5.“олон улсын боомт” гэж Монгол Улсын олон улсын гэрээний дагуу иргэний харьяаллыг үл харгалзан зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх боомтыг;

 

             3.1.6.“түр ажиллагаатай боомт” гэж боомтын асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу түр хугацаанд ажиллах боомтыг;

 

                        3.1.7.“тээврийн хэрэгсэл” гэж хилийн боомтоор улсын хил нэвтэрч байгаа бүх төрлийн агаарын хөлөг, хөвөх хэрэгсэл, галт тэрэг, автомашин, мотоцикль, өөрөө явагч хэрэгслийг;

 

                        3.1.8.“улсын хил дамнасан байгууламж” гэж улсын хилийн шугамыг дайран гарсан төмөр зам, авто зам, газрын тос болон хий дамжуулах хоолой, холбоо, цахилгааны шугам, гүүр, усны далан, хашлага болон бусад  байгууламжийг;

 

                        3.1.9.“улсын хил хамгаалалтын зориулалттай инженер, техникийн байгууламж” гэж хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, улсын хил хамгаалалтад дэмжлэг үзүүлэх зориулалт бүхий саад, мөр хянах зурвас, зам, гүүр, хянах цамхаг, холбоо, дохиолол хяналтын техник хэрэгсэл, замын хаалт болон бусад байгууламжийг;

 

             3.1.10.“улсын хил хамгаалалтад туслах хүчний гишүүн” гэж улсын хил хамгаалалтад туслах хүчний бүрэлдэхүүнд орсон Монгол Улсын иргэнийг;

 

                        3.1.11.“улсын хил хамгаалах байгууллага” гэж Монгол Улсын хэмжээнд улсын хил хамгаалалтыг зохион байгуулах, удирдах үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага, түүний харьяа хилийн цэргийн анги, салбарыг;

 

             3.1.12.“хилийн боомт” гэж улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хилийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийх зориулалтаар төхөөрөмжилсөн, тусгайлан тогтоосон газрыг;

 

3.1.13.“хил орчмын оршин суугч” гэж хил орчмын нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлтэй Монгол Улсын иргэнийг;

 

3.1.14.“хил орчмын нутаг дэвсгэр” гэж хил залгаа улстай хиллэж байгаа сумын нутаг дэвсгэрийг;

 

3.1.15.“хилийн ус” гэж Усны тухай хуулийн[2] 3.1.11-д заасныг;

                        3.1.16.“хилийн хяналтын байгууллага” гэж улсын хил нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт шалгалт явуулах, бүртгэх эрх бүхий улсын хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн, харьяатын байгууллагыг;

 

3.1.17.“хилийн манаа” гэж Монгол Улсын хил хамгаалах тушаал биелүүлж байгаа зэвсэглэсэн нэг, эсхүл хэд хэдэн хилчнийг;

 

             3.1.18.“хилчин” гэж хилийн цэрэгт алба хааж байгаа цэргийн жинхэнэ алба хаагчийг;

 

3.1.19.“хоёр талын боомт” гэж хил залгаа улстай хилийн боомтын асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу Монгол Улсын болон хил залгаа улсын зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх боомтыг;

 

3.1.20.“хөвөх хэрэгсэл” гэж өөрөө явагч, эсхүл өөрөө үл явагч усан дээрх хөдөлгөөнт төхөөрөмжийг;

 

3.1.21.“хяналт шалгалтын бүс” гэж хилийн хяналтын байгууллага хилийн боомтод хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах зориулалтаар тусгайлан тоноглосон газрыг.

 

4 дүгээр зүйл.Монгол Улсын хил

 

4.1.Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил /цаашид “улсын хил” гэх/ гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.

 

4.2.Улсын хил халдашгүй дархан байна.

 

            4.3.Улсын хилийн халдашгүй дархан байдал нь улсын хилийн шугам хууль бусаар өөрчлөгдөхгүй, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ зөрчигдөхгүй байхаар хангагдана.

 

4.4.Хил залгаа улсын газар нутгийн хязгаартай зах нийлэн хиллэж байгаа хилийн зурвас, боомтын газар нь төрийн өмч байна.

 

5 дугаар зүйл.Монгол Улсын хилийн аюулгүй байдал

 

5.1.Монгол Улсын хилийн аюулгүй байдал нь /цаашид “хилийн аюулгүй байдал” гэх/ Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг мөн.

 

5.2.Хилийн аюулгүй байдал гэж улсын хил, хил орчмын нутаг дэвсгэрт үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах, гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсаныг хэлнэ.

 

5.3.Хилийн аюулгүй байдал нь улсын хил, хил орчмын нутаг дэвсгэрт үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах, төрөөс хилийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төрийн эрх бүхий байгууллагуудаас нэгдмэл бодлого, харилцан уялдаатай явуулах улс төр, эрх зүй, дипломат, эдийн засаг, байгаль орчин, тагнуул, улсын хил хамгаалалтын цогц үйл ажиллагаагаар хангагдана.  

 

5.4.Хилийн аюулгүй байдлыг хангах нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх, байгууллага, иргэний үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, төрөөс хилийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах асуудлыг Засгийн газар  хариуцна.

 

6 дугаар зүйл.Улсын хилийн шугамын асуудлыг шийдвэрлэх

 

          6.1.Улсын хилийн шугамыг тодорхойлох, тогтоох, өөрчлөх асуудлыг Монгол Улсын Их Хурал /цаашид “Улсын Их Хурал” гэх/, улсын хилийг хамтран шалгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

 

           7 дугаар зүйл.Улсын хилийг тодорхойлох

 

          7.1.Улсын хилийг газар дээр нь тогтоохын тулд хил залгаа улстай хилийн шугамыг тодорхойлж, хилийн гэрээ байгуулах ба түүнийг Улсын Их Хурал соёрхон батална.

           

8 дугаар зүйл.Улсын хилийг тогтоох

 

            8.1.Улсын хилийг газар дээр нь дараахь зарчмыг баримтлан тогтооно:

 

                        8.1.1.хуурай газарт тодорхой тэмдэгт, тогтвортой юмсыг хооронд нь холбосон шулуун шугамаар, эсхүл уул нурууны усны хагалбараар;

 

8.1.2.гол, мөрөн, горхинд үндсэн урсгалын дундуур, нууранд нуурын эрэгт тулж ирсэн улсын хилийн шугамын хоёр үзүүрийг холбосон шулуун шугамаар;

 

8.1.З.улсын хил дамнасан байгууламжид улсын хилийн шугам өнгөрч байгаагаар.

 

8.2.Энэ хуулийн 8.1-д заасан болон өөр зарчмаар улсын хил тогтоох асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэж болно.

 

8.3.Улсын хилийн шугам, хилийн тэмдгийн байршлыг газар дээр нь тогтоох ажлыг хил залгаа улстай хамтран гүйцэтгэнэ.

 

8.4.Улсын хил тогтоох Монголын талын бүрэлдэхүүнийг Улсын Их Хурал томилно.

 

            9 дүгээр зүйл.Улсын хилийг тэмдэглэх

 

9.1.Улсын хилийг хил залгаа улстай байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу газар дээр нь геодезийн аргаар тодорхойлж, тод харагдах, бат бэх хилийн тэмдгээр тэмдэглэнэ.

 

           10 дугаар зүйл.Улсын хилийг хамтран шалгах

 

10.1.Хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу улсын хилийн шугам, хилийн тэмдгийн байршлыг хил залгаа улстай хамтран шалгана.

 

10.2.Улсын хилийг хамтран шалгах Монголын талын бүрэлдэхүүнийг Засгийн газар томилно. 

 

10.3.Энэ хуулийн 10.2-т заасан бүрэлдэхүүнд мэргэжлийн байгууллагын болон тухайн орон нутгийн төлөөлөгчийг оролцуулна.

 

            10.4.Улсын хилийг хамтран шалгах явцад улсын хилийн шугамыг өөрчилбөл энэ тухай Монгол Улсын олон улсын гэрээний заалтыг үндэслэн Улсын Их Хурал хууль баталснаар хүчин төгөлдөр болно.

 

11 дүгээр зүйл.Монгол Улсын хилийн хууль тогтоомжийн

                                                            биелэлтэд тавих хяналт

 

11.1.Монгол Улсын хилийн хууль тогтоомж, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний биелэлтэд улсын хил хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон улсын хил хамгаалах байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавина.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Улсын хилийн дэглэм

 

            12 дугаар зүйл.Улсын хилийн дэглэмийн зорилго

 

12.1.Улсын хилийн дэглэмийн зорилго нь хил залгаа улстай хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг үндэслэн улсын хилийг тодорхой байлгах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, хилийн асуудалтай холбогдсон бусад үйл ажиллагааг зохицуулахад оршино.

 

            13 дугаар зүйл.Улсын хилийн дэглэмийн агуулга

 

            13.1.Улсын хилийн дэглэмийн агуулга нь улсын хилийг арчлан хамгаалах, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хилийн ус, хил дамнасан байгууламжийг ашиглах, хил дээр ан агнуур, ажил, үйлдвэрлэл явуулах, байгаль орчин, амьтныг хамгаалах журмаас бүрдэнэ.

 

            14 дүгээр зүйл.Улсын хилийн дэглэмийг тогтоох

 

            14.1.Улсын хилийн дэглэмийн эрх зүйн үндсийг Улсын Их Хурал хуулиар тодорхойлж, Засгийн газар хил залгаа улстай байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээгээр улсын хилийн дэглэмийг тогтооно.

 

14.2.Улсын хилийн дэглэмийн гэрээг Улсын Их Хурал соёрхон батална.

           

            15 дугаар зүйл.Улсын хилийг арчлан хамгаалах

 

15.1.Улсын хилийн шугам, тэмдэг, тэдгээрийн холбоосыг хил залгаа улстай хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу газар дээр нь бүрэн бүтэн байлгана.

 

15.2.Улсын хилийн шугам дайран гарсан ойд улсын хил тод харагдахаар зурвас гаргана.

 

15.3.Улсын хилийн тэмдгийг арчлан хамгаалах, сэргээх, засварлах, улсын хилийн шугамыг тодотгох, шалгах ажлыг хил залгаа улстай хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу гүйцэтгэнэ. 

 

16 дугаар зүйл.Улсын хилээр зорчигч, тээврийн

хэрэгслийг нэвтрүүлэх

 

            16.1.Улсын хилийг газар, ус, агаараар нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хууль тогтоомж, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу улсын хилээр нэвтрүүлнэ.

 

16.2.Агаарын хөлөг нь улсын хилийн тогтоосон агаарын хаалгаар нэвтэрч, зөвшөөрсөн агаарын замаар нисч, зөвхөн хилийн боомт бүхий нисэх буудалд бууж, хөөрөх бөгөөд үүнээс өөр газраар улсын хил нэвтрэх, буух, хөөрөх асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

 

16.3.Улсын хилийн шугамаас хилийн боомт хүртэлх зай нь улсын хил хамгаалах байгууллагын, агаарын зай нь зэвсэгт хүчний агаарын цэргийн хяналтад байна.

 

16.4.Улсын хилийг усаар нэвтрэх журмыг хууль тогтоомж, хил залгаа улстай хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг үндэслэн Засгийн газар батална.

 

16.5.Гамшгийн улмаас үүссэн хор хөнөөлийг арилгахад туслах гадаадын тусламжийн бие бүрэлдэхүүнийг хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон  улсын гэрээ, Засгийн газрын шийдвэрээр улсын хилээр нэвтрүүлнэ.

 

            17 дугаар зүйл.Улсын хилийн боомт дээр ажиллах хяналт                                                                                  шалгалтын байгууллага

 

17.1.Зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийх зорилгоор хилийн боомтод улсын хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналтын байгууллага, виз бүртгэлийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор гадаадын иргэн, харьяатын байгууллага ажиллана.

 

17.2.Зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтод тогтоосон замаар нэвтрэх бөгөөд улсын хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид шалгуулах үүрэгтэй.

 

17.3.Хилийн хяналтын байгууллага улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхдээ доор дурдсан дарааллыг баримталж хяналт шалгалт явуулна:

           

            17.3.1.улсын хилээр гарах хөдөлгөөний чиглэлд мэргэжлийн хяналтын, гаалийн, улсын хил хамгаалах байгууллага;

                       

                        17.3.2.улсын хилээр орох хөдөлгөөний чиглэлд улсын хил хамгаалах, мэргэжлийн хяналтын, гаалийн байгууллага.

 

17.4.Хилийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар илрүүлсэн  гадаадын иргэний виз, бүртгэлийн зөрчлийг гадаадын иргэн, харьяатын байгууллага шийдвэрлэнэ.

 

17.5.Хилийн хяналтын байгууллагын шалгалтыг тухайн тээврийн хэрэгслийн хуваарьт хугацаанд багтаан дуусгана. Зайлшгүй тохиолдолд уг хугацааг холбогдох байгууллагатай тохиролцон сунгаж болно.

 

17.6.Улсын хил хамгаалах байгууллага нь зорчигчийн улсын хил нэвтрэх эрхийн баримт бичигт тэмдэглэл хийж, улсын хил нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтөлж, нэгдсэн сан байгуулна.

 

17.7.Эрх бүхий байгууллагаас зорчигчийг улсын хилээр үл нэвтрүүлэх, саатуулах талаар улсын хил хамгаалах байгууллагад зохих журмын дагуу мэдэгдсэн тохиолдолд түүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй.

 

17.8.Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг ашиглах, мэдээлэл харилцан солилцох журмыг улсын хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

18 дугаар зүйл.Хилийн ус

 

18.1.Хилийн усны Монголын талын хэсэгт улсын хил хамгаалалтад ашиглаж байгаагаас бусад хөвөх хэрэгслийг зөвхөн өдрийн цагт буюу нар мандахаас шингэх хүртэл хилийн усанд байлгахыг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдлоос бусад үед улсын хилийн шугам дээр хөвөх хэрэгсэл зогсохыг хориглоно. Хөвөх хэрэгсэл хоёр хажуу талдаа таних тэмдэг, дугаартай байна.

 

18.2.Хилийн усыг хамгаалах, ашиглах, гольдролыг зориудаар өөрчлөхгүй байх асуудлыг усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон улсын хил хамгаалах байгууллага хамтран хэрэгжүүлнэ.

 

18.3.Хилийн усыг хамгаалах, ашиглах журмыг хууль тогтоомж, хил залгаа улстай хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу тогтооно.

 

            19 дүгээр зүйл.Улсын хил дамнасан байгууламжийг ашиглах

 

19.1.Улсын хил дамнасан байгууламж барих, ашиглах, засварлах, хамгаалах асуудлыг хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээгээр зохицуулна.

 

            20 дугаар зүйл.Улсын хил дээр ан агнуур, ажил, үйлдвэрлэл явуулах

 

            20.1.Улсын хил дээр ан агнуур хийх, байгалийн баялаг ашиглах, мал аж ахуй эрхлэх, эрэл хайгуул хийх болон бусад үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагаа явуулах журмыг хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу тогтооно.

 

            21 дүгээр зүйл.Улсын хил орчмын нутаг дэвсгэрийн байгаль орчин,

                        амьтныг хамгаалах

 

21.1.Улсын хил орчмын нутаг дэвсгэрийн байгалийн унаган төрхийг хадгалах, амьтан, ургамлыг хамгаалах зорилгоор тодорхой хэмжээний газар нутгийг хил залгаа улстай тохиролцсоны үндсэн дээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангилалд хамруулах асуудлыг хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд  заасны дагуу шийдвэрлэнэ.

 

21.2.Хүн, мал, амьтан, ургамлын халдварт өвчин Монгол Улсын болон хил залгаа улсын нутагт тархах аюулыг хязгаарлах зорилгоор өвчин гарсан голомтын хэсэгт улсын хил дээр зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоох, хязгаарлах, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

 

21.3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хил орчмын нутаг дэвсгэрт ой, хээрийн гал түймэр гарахаас урьдчилан сэргийлж, гарсан гал түймрийг унтраах арга хэмжээ авна.

 

            22 дугаар зүйл.Хилийн зөрчил

 

22.1.Хилийн зөрчилд дараахь үйлдлийг тооцно:

 

22.1.1.хилийн боомт бус газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан;

 

22.1.2.хилийн боомтоор улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй,  эсхүл хүчин төгөлдөр бус баримт бичигтэйгээр нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан;

 

22.1.3.улсын хилийг газрын хэвлийгээр нэвтэрсэн;

22.1.4.хилийн боомт бус газраар тээврийн хэрэгсэл, эд зүйлийг хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан.

 

22.2.Энэ хуулийн 22.1.1, 22.1.2, 22.1.3-т заасныг зөрчсөн этгээдийг хил зөрчигч гэнэ.

 

            23 дугаар зүйл.Монгол Улсын хилийн төлөөлөгч

 

23.1.Хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг улсын хилийн тодорхой хэсэгт хэрэгжүүлэх, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг шийдвэрлэх чиг үүрэг бүхий Монгол Улсын хилийн төлөөлөгч /цаашид “хилийн төлөөлөгч” гэх/, түүний орлогчийг улсын хил хамгаалах байгууллагын дарга томилно.

 

23.2.Хилийн төлөөлөгч нь туслагч, нарийн бичгийн дарга, орчуулагч, мэргэжилтэнг томилох эрхтэй.

 

23.3.Хилийн төлөөлөгчийн албаны зааврыг улсын хил хамгаалах байгууллагын дарга батална.

 

23.4.Хилийн төлөөлөгч, орлогч, туслагч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнээс бусад тохиолдолд хил зөрчсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хил залгаа улсын хилийн байгууллагад хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд саатуулна.

 

23.5.Хилийн төлөөлөгч нь хил залгаа улсын хилийн төлөөлөгчтэй Монгол Улсын олон улсын гэрээнд заасан арга хэлбэрээр хамтран ажиллана. Хилийн төлөөлөгч хэлэлцээ хийж, шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн асуудлыг хилийн төлөөлөгчийн орлогч, туслагчийн уулзалтаар шийдвэрлэнэ.

 

23.6.Хил залгаа улстай хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу томилогдсон хилийн төлөөлөгч, орлогч, туслагч, орчуулагч, шинжээч нар албан үүргээ гүйцэтгэх үедээ олон улсын гэрээнд заасны дагуу тухайн улсын хамгаалалтад байж, халдашгүй эрх эдэлнэ.

 

23.7.Хилийн дэглэмийн гэрээнд заасан хилийн уулзалтын зам нь хилийн боомтын замтай давхацсан тохиолдолд олон улсын гэрээний заалтыг баримтлан уулзалт, хэлэлцээр, хамтарсан шалгалтын болон хилийн төлөөлөгчийн бүрэлдэхүүнийг саадгүй нэвтрүүлнэ.

 

23.8.Хилийн төлөөлөгч, түүнийг дагалдан яваа ажилтан нь хил нэвтрэхдээ улсын хил нэвтрэх эрхийн үнэмлэхийг биедээ авч явах бөгөөд Монгол Улсын төрийн далбааг тээврийн хэрэгсэлдээ мандуулна.

 

23.9.Хилийн төлөөлөгчийг албан үүргээ гүйцэтгэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага туслалцаа үзүүлэх үүрэгтэй. 

 

23.10.Хилийн төлөөлөгчийн шийдвэрлэх боломжгүй асуудлыг дипломат шугамаар шийдвэрлэнэ.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Улсын хил орчмын дэглэм  

 

            24 дүгээр зүйл.Улсын хил орчмын дэглэмийн зорилго

 

            24.1.Улсын хил орчмын дэглэмийн зорилго нь хил орчмын нутаг дэвсгэрт улсын хилийн дэглэмийг сахиулах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, улсын хил хамгаалах үйл ажиллагаа явуулахад оршино.

 

            25 дугаар зүйл.Улсын хил орчмын дэглэмийн агуулга

 

            25.1.Улсын хил орчмын дэглэмийн агуулга нь хилийн зурвас, боомт, бүсэд мөрдөх журмаас бүрдэнэ.

           

25.2.Хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг улсын хил хамгаалах байгууллагын дарга батална.

 

26 дугаар зүйл.Улсын хилийн зурвас, түүнд мөрдөх

журам, хориглох зүйл

 

26.1.Улсын хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хилийн инженер, техникийн байгууламж барих зориулалтаар улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ.

 

26.2.Улсын хилийн зурваст дараахь журмыг мөрдөнө:

 

                        26.2.1.улсын хилийн зурваст нэвтрэх иргэн нь Монгол Улсын иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах баримт бичигтэй байх;

 

                        26.2.2.улсын хилийн зурваст хил хамгаалалтын зориулалттайгаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэх;

 

                        26.2.3.иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь улсын хилийн зурваст улсын хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлтэйгөөр нэвтэрч энэ хууль болон бусад хууль тогтоомжоор хориглоогүй ажил, үйлдвэрлэл явуулах;

 

                        26.2.4.улсын хилийн зурваст мөрдөх журмын биелэлтэд улсын хил хамгаалах байгууллага хяналт тавьж, шалгалт хийх.

 

26.3.Улсын хилийн зурваст дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

 

26.3.1.улсын хилийн зурваст газар эзэмшүүлэх, өмчлүүлэх;

26.3.2.улсын хилийн тэмдэг, холбоос, хил хамгаалалтын зориулалттай инженер, техникийн байгууламжийг эвдэх, гэмтээх, хөдөлгөх, шилжүүлэх;

 

26.3.3.энэ хуульд зөвшөөрснөөс бусад үндэслэлээр газар хагалах, хилийн усны гольдрол, түвшин, чиглэлийг өөрчлөх, урсгалыг боох, суваг шуудуу татах, барилга байгууламж барих;

 

26.3.4.улсын хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлгүйгээр хил хамгаалалтын зориулалттай инженер, техникийн  байгууламжийн  цаана гарах, улсын хилийн шугам, тэмдэг дээр очих; 

 

                        26.3.5.улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад саад учруулсан үйл ажиллагаа явуулах, улсын хил хамгаалах байгууллагад урьдчилан мэдэгдэхгүйгээр тэсэлгээ хийх;

 

26.3.6.цацраг идэвхт, химийн хорт бодис байрлуулах, тараах;

26.3.7.улсын хилийн шугамаас 2000 метрийн дотор агнуурын амьтан агнах, барих, амьтныг хөөж хил давуулах;

 

26.3.8.хариулгагүй мал байлгах;

26.3.9.улсын хилийн шугам, хил хамгаалалтын зориулалттай инженер, техникийн байгууламжийн хооронд улсын хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлгүй айл нутаглах;

 

                        26.3.10.хуулиар хориглосон арга, зэвсэг хэрэгслээр агнуурын амьтан агнах, барих.

 

26.4.Улсын хилийн зурваст энэ хуулийн 26.2.2-т заасан үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн хилийн хэсэгт хил хамгаалалтын нэмэгдэл арга хэмжээ авахад шаардагдах хөрөнгийг хариуцна.

           

            27 дугаар зүйл.Хилийн боомтын төрөл, горим, зэрэглэл

 

27.1.Хилийн боомт нь агаарын замын, төмөр замын, авто замын гэсэн төрөлтэй, байнгын, түр гэсэн горимтой, олон улсын, хоёр талын гэсэн зэрэглэлтэй байна.

 

27.2.Хилийн боомтын төрөл, горим, зэрэглэлийг Засгийн газар тогтооно.

 

28 дугаар зүйл.Хилийн боомт, түүнд мөрдөх журам

 

28.1.Хилийн боомт шинээр байгуулах, хаах асуудлыг Улсын Их Хурлын шийдвэрийг үндэслэн хил залгаа улстай дипломат шугамаар харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

 

28.2.Хилийн боомтыг түр хаах, түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг зогсоох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

 

28.3.Хилийн боомтыг нээх, хаах цагийн хуваарийг хил залгаа улстай хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээгээр тогтоож, хэрэгжилтийг хилийн төлөөлөгч хариуцна. Гэрээнд зааснаас өөр хугацаанд зайлшгүй тохиолдлоор хилийн боомтыг нээх асуудлыг дипломат шугамаар шийдвэрлэнэ.

 

28.4.Хилийн хяналтыг явуулахад шаардлагатай барилга байгууламж, талбай, тэдгээрийн тоног төхөөрөмжийг барьж байгуулсны дараа улсын хил хамгаалах байгууллага нь хилийн хяналтын бусад байгууллагатай хамтарч тухайн хилийн боомтыг нээж ажиллуулна.

 

28.5.Улсын хил хамгаалах байгууллага нь аюулгүй байдлыг хангах, дэг журмыг сахиулах зорилгоор тухайн боомтод мөрдөх журмыг хэрэгжүүлэх, ерөнхий зохицуулалтаар хангах, хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүргийг хэрэгжүүлнэ.

 

28.6.Хилийн боомтод мөрдөх журам нь зорчигч, тээврийн хэрэгслийг хяналт шалгалтад оруулах, гаргах, тээврийн хэрэгслийг зогсоолд зогсоох, журам сахиулах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээнээс бүрдэнэ.

 

28.7.Хилийн хяналтын байгууллагын хяналт шалгалт явагдаж байгаа тээврийн хэрэгсэлд гадны хүн нэвтрэхийг хориглоно.

 

28.8.Улсын хил нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэл, байрлалыг өөрчлөх, зорчигчийг суулгах, буулгахыг улсын хил хамгаалах байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.

 

28.9.Хилийн боомтод үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын ажилтанд нэг жилийн хугацаатай хилийн боомтод нэвтрэх зөвшөөрөл олгох бөгөөд хилийн боомтын журам зөрчсөн тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгоно.

 

28.10.Хилийн боомтод аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нь улсын хилийн аюулгүй байдлын салшгүй хэсэг бөгөөд хилийн хяналтын байгууллагын хяналт шалгалт явуулах бололцоог бүрдүүлэх, дэг журам сахиулах, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, онцгой нөхцөл үүссэн үед хэрэгжүүлэх цогц арга хэмжээнээс бүрдэнэ.

 

28.11.Хилийн боомтод нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, гамшиг, онцгой нөхцөл үүссэн үед улсын хил хамгаалах байгууллага холбогдох байгууллагатай хамтран тусгай дэглэм тогтоож, зохион байгуулалтын арга хэмжээ авна.

 

28.12.Хилийн боомтод жагсаал, цуглаан хийх, нэвтрэх хөдөлгөөнийг хаах болон бусад арга, хэлбэрээр хэвийн үйл ажиллагааг тасалдуулахыг хориглоно.

 

28.13.Улсын хил хамгаалах байгууллага шаардлагатай тохиолдолд хилийн боомтын аюулгүй байдлыг хангахтай холбогдсон нэмэлт арга хэмжээ авч болно.

 

28.14.Хилийн боомтод ажиллагсдын суурьшлын бүсийг боомт газраас тодорхой зайд тогтоох асуудлыг улсын хил хамгаалах байгууллага шийдвэрлэнэ.

 

29 дүгээр зүйл.Хилийн боомтын удирдлага

 

29.1.Хилийн боомтыг хөгжүүлэх бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх,  үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус хилийн боомтын үндэсний зөвлөл ажиллана.

 

29.2.Хилийн боомтын үндэсний зөвлөл нь улсын хил хамгаалалтын, санхүүгийн, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хилийн хяналтын байгууллага, худалдаа аж үйлдвэрийн танхим, ложистикийн холбооны төлөөллөөс бүрдэх бөгөөд хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга нь санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.

 

29.3.Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална.

 

29.4.Хилийн боомтын үндэсний зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

29.4.1.хилийн боомтыг байгуулах, өргөтгөх, боомтын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулах;

 

29.4.2.хилийн хяналтын байгууллагын ажлын уялдаа холбоог хангах, хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах талаар зөвлөмж гаргах;

 

29.4.3.хилийн хяналтын байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлын талаар санал боловсруулах;

 

29.4.4.хилийн боомтыг хөгжүүлэх, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төлөвлөгөөг батлах;

 

29.4.5.хилийн боомтод мөрдөх нийтлэг журмыг батлах.

 

29.5.Хилийн боомтын үндэсний зөвлөл хэлэлцсэн асуудлаараа тогтоол, зөвлөмж гаргах бөгөөд хилийн хяналтын байгууллага түүний хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлт, үр дүнг тогтоосон хугацаанд хилийн боомтын үндэсний зөвлөлд тайлагнана.

 

29.6.Хилийн боомтын үндэсний зөвлөл шаардлагатай гэж үзвэл тодорхой асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх бөгөөд ажлаа Засгийн газарт тайлагнана.

 

29.7.Тухайн хилийн боомтод хилийн хяналтын болон тагнуулын, тээврийн байгууллагын төлөөлөл оролцсон хилийн боомтын зөвлөл ажиллах бөгөөд хилийн боомтын зөвлөлийн дарга нь хилийн төлөөлөгч байна. 

 

29.8.Энэ хуулийн 29.4.5-д заасан нийтлэг журамд нийцүүлэн хилийн боомт тус бүрд мөрдөх журмыг тухайн хилийн боомтын зөвлөлийн дарга батална.

 

30 дугаар зүйл.Улсын хилийн бүс, түүнд мөрдөх журам

 

30.1.Хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн бүс гэх бөгөөд түүний өргөнийг улсын хил хамгаалах байгууллага тухайн нэгжийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр улсын хилийн шугамаас 100 км-ээс илүүгүйгээр тогтооно.

 

30.2.Улсын хилийн бүсэд дараахь журмыг мөрдөнө:

 

30.2.1.хил орчмын нутаг дэвсгэрт байнга оршин суугч нь улсын хилийн зурвас хүртэл чөлөөтэй зорчих, нутаглах, ажил, үйлдвэрлэл эрхлэх;

 

30.2.2.улсын хилийн бүсэд оршин суудаггүй иргэн нь хилийн бүсэд нэвтрэхдээ Монгол Улсын иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах баримт бичигтэй байх;

 

30.2.3.хил орчмын нутаг дэвсгэрт байнга оршин суудаггүй иргэн, байрладаггүй аж ахуйн нэгж, байгууллага нь улсын хилийн бүсэд нэвтэрч ажил, үйлдвэрлэл явуулах тохиолдолд улсын хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авах;

 

30.2.4.хуульд өөрөөр заагаагүй бол улсын хилийн бүсэд гадаадын иргэн, харьяалалгүй хүн байнга оршин суухыг хориглох;

 

30.2.5.хил орчмын нутаг дэвсгэрт зорчих эрхийн хүчин төгөлдөр баримт бичгээр улсын хилийг нэвтэрсэн гадаадын иргэн тухайн сумын нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох.

 

30.3.Улсын хилийн бүсэд мөрдөх журмын биелэлтэд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага улсын хил хамгаалах байгууллагатай хамтран хяналт тавина.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Улсын хил хамгаалалт, Улсын хил хамгаалах

байгууллага, түүний тогтолцоо, чиг үүрэг,

бүрэн эрх

 

            31 дүгээр зүйл.Улсын хил хамгаалалт

 

31.1.Улсын хил хамгаалалт нь үндэсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээний салшгүй хэсэг мөн.

 

31.2.Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах, Монгол Улсын хилийн хууль тогтоомж, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор улсын хилийн зурвас, боомт, бүс, хил орчмын нутаг дэвсгэрт улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, цэргийн, инженер-техникийн, мэдээлэл технологийн, тагнуулын, хилийн төлөөлөгчийн арга хэмжээг хослуулан явуулж байгаа үйл ажиллагааг улсын хил хамгаалалт гэнэ.

 

31.3.Газар, усан дээрх улсын хилийг улсын хил хамгаалах байгууллага, агаарын хилийг зэвсэгт хүчний агаарын цэрэг хамгаална.

 

32 дугаар зүйл.Улсын хил хамгаалалтын үндсэн зарчим

 

32.1.Улсын хил хамгаалалтыг зохион байгуулахад дараахь үндсэн зарчмыг баримтална:

 

32.1.1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах;

32.1.2.улсын хил дээр зэвсэгт халдлага түрэмгийлэл үүсэхээс урьдчилан сэргийлж, хилийн асуудлаар үүссэн зөрчил, маргааныг энхийн аргаар шийдвэрлэх;

 

32.1.3.улсын хилийг хил залгаа улстай хамтран хамгаалах;

32.1.4.улсын хилийг бүсчилэн хамгаалах;

32.1.5.хууль дээдлэх;

32.1.6.хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх.

 

33 дугаар зүйл.Бүсчилсэн хил хамгаалалт

 

33.1.Хилийн нөхцөл байдал, байгаль, газар зүй, цаг агаарын онцлогийг харгалзан улсын хил хамгаалалтыг ялгавартайгаар зохион байгуулахыг бүсчилсэн хил хамгаалалт гэнэ.

 

33.2.Бүсчилсэн хил хамгаалалттай уялдуулан хилчний хилийн нэмэгдэл, цалин, хангамж, материал хэрэгслийн хангалтын норм, хэмжээг Засгийн газар тогтооно.

 

33.3.Бүсчилсэн хил хамгаалалтыг зохион байгуулах, түүний арга хэлбэр, хангалт үйлчилгээтэй холбоотой журам, зааврыг улсын хил хамгаалах байгууллагын дарга батална.

           

            34 дүгээр зүйл.Улсын хил хамгаалах байгууллагын тогтолцоо

 

34.1.Улсын хил хамгаалах байгууллагын үндсэн хүч хэрэгсэл нь хилийн цэрэг байх бөгөөд хилийн цэрэг нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай хилийн цэргийн штаб, анги, салбар, зэвсэглэл, техник, ар тал, хангалт, эмнэлэг, соёл урлаг, спорт, боловсрол, эрдэм шинжилгээний болон бусад нэгжтэй байна.

 

34.2.Улсын хил хамгаалах байгууллага нь тэргүүн дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын дарга, дэд дарга нартай байна.

 

34.3.Хилийн цэргийн анги, салбарын тоо, байршил, зэрэглэлийг хил залгаа улстай тэгш эрхтэй харилцан ажиллаж, улсын хил хамгаалалтын найдвартай байдлыг хангах эрх ашигт нийцүүлэн тэдгээрийн хилийн анги, салбартай харьцангуй ижил хэмжээнд байх зарчим баримтлан Засгийн газар тогтооно.

 

34.4.Улсын хил хамгаалах байгууллага нь бэлгэ тэмдэгтэй байна. Бэлгэ тэмдгийн загвар, хэрэглэх журмыг улсын хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

34.5.Улсын хил хамгаалах байгууллагын төсвийг улсын төсөвт тусган санхүүжүүлнэ.

 

            35 дугаар зүйл.Улсын хил хамгаалах байгууллагын чиг үүрэг

 

35.1.Улсын хил хамгаалах байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

35.1.1.улсын хилийн талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх;

35.1.2.улс орны хэмжээнд улсын хил хамгаалалтыг зохион байгуулж, удирдах;

 

35.1.3.хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлж, улсын хилийн дэглэмийг сахиулах;

 

35.1.4.улсын хилийн шугамыг хууль бусаар өөрчлөх явдал гаргуулахгүй байх;

 

35.1.5.хил орчмын дэглэмийг сахиулан, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлж, хилийн зөрчлийн асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэх;

 

35.1.6.улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, хилийн боомтод мөрдөх журмыг сахиулах;

 

35.1.7.улсын хилийн зурвас, хилийн боомтод үүссэн нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох арга хэмжээ авах;

 

35.1.8.хил дамнасан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох;

            35.1.9.агаарын хилийг зөрчсөн байж болзошгүй нисгэгчтэй болон нисгэгчгүй нисэх хэрэгслийн талаархи мэдээллийг зэвсэгт хүчний агаарын цэргийн анги, салбарт шуурхай дамжуулах;

 

35.1.10.хуульд заасан бусад.

 

            36 дугаар зүйл.Улсын хил хамгаалах байгууллагын бүрэн эрх

 

36.1.Улсын хил хамгаалах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

36.1.1.улсын хилийн шугам, тэмдэг, холбоосны байршил, тэдгээрийг арчлан хамгаалах, хилийн тэмдгийг засварлах, сэргээх, босгох, улсын хил дээр үүссэн зөрчлийг шийдвэрлэх;

 

36.1.2.улсын хил хамгаалалтын эрх ашгийн үүднээс хилийн зурвас, бүс, хил орчмын нутаг дэвсгэрт хүч хэрэгслээ байрлуулах, инженер, техникийн болон зам харилцааны байгууламж барьж байгуулах;

 

36.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын баримт бичгийг шалгах, хил зөрчигчийг илрүүлэх зорилгоор тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, манаагаар дагалдуулах;

 

36.1.4.хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хил нэвтрүүлэхдээ баримт бичгийг шалгах, тэмдэглэл хийх, зөрчилтэй баримт бичгийг хураан авч холбогдох байгууллагад шилжүүлэх;

 

36.1.5.улсын хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд хил зөрчигчийг илрүүлэх зорилгоор үзлэг хийх явцад илэрсэн улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон зүйлийг хураан авч, холбогдох байгууллагад шилжүүлэх;

 

36.1.6.хил зөрчигчийг саатуулах зорилгоор хилийн эрэл, тусгай ажиллагаа явуулах;

 

36.1.7.хилийн эрэл, тусгай ажиллагааны үед иргэн, аж ахуйн нэгж,  байгууллагын байр, орон сууцанд нэвтрэх, үзлэг хийх, эрэл явагдаж байгаа зурвас дахь төмөр замын өртөө, зөрлөг, нисэх буудал, тээврийн товчоо, хилийн боомтод орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг шаардлагатай тохиолдолд зогсоох, шалгах;

 

36.1.8.хил зөрчигчийг эрэх, саатуулах үед зайлшгүй тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслийг дайчилж, зохих хөлс, зардлыг олгох;

 

36.1.9.хилийн төлөөлөгч, орлогч, туслагч нь улсын хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн этгээдийг шалгах зорилгоор зургаан цагаас илүүгүй хугацаагаар түр саатуулах, зөрчил гаргасан этгээдийн баримт бичгийг шалгах, түүний өмчлөлд, эсхүл эзэмшилд байгаа эд зүйл, биед үзлэг хийх, эд зүйл, баримт бичгийг түр хугацаагаар хураан авах, битүүмжлэх, согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах, гэмт хэргийг таслан зогсоох, гэмт этгээдийг мөрдөх үед байгууллага, иргэний орон байранд нэвтрэн орох, түр саатуулагдсан этгээдийн эд зүйл, биед үзлэг хийсэн, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тохиолдол бүрд хуульд заасны дагуу тэмдэглэл үйлдэх;

 

36.1.10.хилийн зөрчилтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад албан шаардлага хүргүүлэх, зөрчлийг арилгуулах;

 

36.1.11.улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх журамд хяналт тавихын тулд зайлшгүй шаардлагатай бүртгэл хөтлөх;

 

36.1.12.Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмөрсөн зэвсэгт халдлагыг няцаах, улсын хил дээр үүссэн өдөөн хатгалга, хорлон сүйтгэх ажиллагааг таслан зогсоох;

 

36.1.13.хилийн боомт бус газраар хил нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан бараа, тээврийн хэрэгслийг хураан авч, холбогдох байгууллагад шилжүүлэх;

 

36.1.14.улсын хилийн болон хилийн боомтын аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх.

 

36.2.Улсын хил хамгаалах байгууллага энэ хуулийн 36.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд зэвсэгт хүчин, тагнуул, цагдаагийн болон холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллана.

 

            37 дугаар зүйл.Улсын хил хамгаалах байгууллагын даргын бүрэн эрх

 

37.1.Улсын хил хамгаалах байгууллагын дарга нь улсын хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний удирдлагад ажиллана.

 

37.2.Улсын хил хамгаалах байгууллагын дарга нь хилийн цэргийн командлагч байна.

 

37.3.Улсын хил хамгаалах байгууллагын дарга нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн[3] 8.3-т заасан бүрэн эрхээс гадна доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

37.3.1.хууль тогтоомж, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний хүрээнд улсын хил хамгаалалтын бодлогыг хэрэгжүүлэх;

 

37.3.2.улсын хил хамгаалах удирдамж, хил хамгаалалтын үйл ажиллагааны талаар тушаал гарган, хэрэгжилтэд нь хяналт тавьж, хилийн цэргийн анги, салбарыг нэгтгэн удирдах;

 

37.3.3.улсын хил хамгаалах байгууллагын хүний нөөцийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг хангах;

 

37.3.4.төсөв хөрөнгийг захиран зарцуулах;

37.3.5.улсын хил хамгаалалттай холбогдсон асуудлаар төрийн

захиргааны төв байгууллага, аймгийн Засаг даргатай хамтран шийдвэр гаргаж хэрэгжүүлэх;

 

37.3.6.хуульд заасан бусад.

 

            38 дугаар зүйл.Хилчний алба, цол, дүрэмт хувцас

 

38.1.Хилийн цэргийн алба хаагчийн алба хаах, тэдгээрийн эрх зүйн байдлыг Цэргийн албаны тухай хууль[4], Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль[5] болон энэ хуулиар зохицуулна.

 

38.2.Улсын хил хамгаалах байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга нар нь цэргийн дээд цолтой байна.

 

38.3.Хилчин нь албан тушаалын зэрэглэл, цолны эрэмбээр нэг нь нөгөөдөө захирагч, захирагдагч байна.

 

38.4.Хилчинд албан тушаал, алба хаасан хугацааг харгалзан Цэргийн албаны тухай хуульд заасан цэргийн цол олгоно.

 

38.5.Улсын хил хамгаалах байгууллагад гэрээт хилчний алба хаах журмыг Засгийн газар батална.

 

38.6.Гэрээт хилчин нь улсын хил хамгаалах байгууллагад алба хааж байгаа ахлагчийн нэгэн адил хууль тогтоомжид заасан цалин, хангамж эдэлнэ.

 

38.7.Улсын хил хамгаалах байгууллагын дүрэмт хувцасны загвар, хэрэглэх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч, эдэлгээний хугацааг Засгийн газар, хангалтын зааврыг улсын хил хамгаалах байгууллагын дарга батална.

 

38.8.Хуульд зааснаас бусад тохиолдолд улсын хил хамгаалах байгууллагын дүрэмт хувцасыг иргэн, байгууллага хэрэглэхийг хориглоно.

 

            39 дүгээр зүйл.Хилчин, улсын хилд албан үүрэг гүйцэтгэж байгаа

                        иргэний эрх зүйн баталгаа

 

39.1.Хилчин, улсын хилд албан үүрэг гүйцэтгэж байгаа иргэн нь төрийн төлөөлөгч байж, улсын эрх ашгийн үүднээс иргэн, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих, түүний биелэлтийг хангуулах эрхтэй.

 

39.2.Иргэн улсын хилд албан үүрэг гүйцэтгэх үедээ гэмт халдлагын улмаас амь насаа алдвал түүний гэр бүлд энэ хуулийн 39.8-д заасан цалингийн дунджаар тооцсон таван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоно.

 

39.3.Албан үүрэг гүйцэтгэж байгаад гэмтсэн, эрүүл мэнд нь хохирсон бол эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэмж, үндсэн цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэсэн зардлыг төр хариуцна.

 

39.4.Улсын хил дээр алба хааж байгаа хилчний гэр бүлийг тэргүүн ээлжид ажлаар хангах бөгөөд тэднийг ажлаар хангаагүй нөхцөлд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож улсын төсвөөс олгоно.

 

39.5.Хилийн салбар, харуулд алба хааж байгаа хилчин хүнсний хангамжаар хангагдах бөгөөд хүнсний хангамжийн хэмжээг Засгийн газар тогтооно.

 

39.6.Хилчин, түүний гэр бүлийг ээлжийн амралтаараа /нөхөр, эхнэрийн/ нутагтаа амарвал хоёр жилд нэг удаа ирэх, очих унааны зардлыг төр хариуцна.

 

39.7.Улсын хилд таван жилээс дээш хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагчид нэг удаагийн мөнгөн урамшууллыг тэдний сарын үндсэн цалингаас хилийн салбарт 50 хувь, суурин бус газарт байрладаг хилийн цэргийн ангид 35 хувь, нийслэл, улсын чанартай хотоос бусад суурин газарт байрладаг хилийн цэргийн анги, агаарын цэргийн салбарт 25 хувиар бодож нэгтгэн таван жил тутамд олгоно.

 

39.8.Энэ хуулийн 39.2, 39.3-т заасан иргэн, хугацаат цэргийн албан хаагчийн сарын үндсэн цалинг улсын хил хамгаалах байгууллагын ахлагчийн цалинтай адилтган тооцно.

 

39.9.Энэ хуулийн 39.2, 39.3, 39.4, 39.5, 39.6-д заасан хөнгөлөлтийг бусад хууль тогтоомжид заасан хөнгөлөлттэй давхардуулж хэрэглэхгүй.

 

ТАВДУГААР БҮЛЭГ

БИЕИЙН ХҮЧ, ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ, ГАЛТ

ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭХ

 

40 дүгээр зүйл.Биеийн хүч хэрэглэх

 

40.1.Хилчин биеийн хүчийг доор дурдсан тохиолдолд хэрэглэнэ:

 

40.1.1.хилчний хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн;

40.1.2.баривчлах, саатуулах үед эсэргүүцэл үзүүлсэн;

                       40.1.3.нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх энэ хуульд заасан тохиолдолд.

 

40.2.Хилчин доор дурдсанаас бусад тохиолдолд хүүхэд, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүнд биеийн хүч хэрэглэхийг хориглоно:

 

40.2.1.өөрийнх нь, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон;

                       

                        40.2.2.тухайн хүн өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг хохироох үйлдэл хийж болзошгүй;

 

                        40.2.3.бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж болзошгүй.

 

            Тайлбар: Энэ зүйлд заасан “биеийн хүч хэрэглэх” гэж хилчин өөрийн бие махбод, мэргэжлийн тусгай бэлтгэлийг ашиглан бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор биеэр хийх үйлдлийг ойлгоно.

 

41 дүгээр зүйл.Тусгай хэрэгслийн төрөл

 

41.1.Улсын хил хамгаалах байгууллага, хилчин дараахь тусгай хэрэгсэл хэрэглэнэ:

 

41.1.1.нэг бүрийн;

41.1.2.олон хүнд нөлөөлөх;

41.1.3.бусад.

 

      41.2.Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд нисдэг тэрэг, хуягт тээвэрлэгч, газар, уснаа явагч зэрэг тусгай хэрэгслээр тоноглогдсон тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгсэл албадан зогсоогч, эвдэгч, галт хэрэглэл, албаны нохой болон бусад тусгай  хэрэгсэл ашиглаж болно.

 

      41.3.Хилчин албан үүргээ гүйцэтгэхдээ тусгай хэрэгслээр хангагдана.

 

41.4.Тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх зааврыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн, улсын хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

41.5.Хилийн цэргийн анги, салбар, хилийн боомтод галт зэвсэг, бүх төрлийн тусгай хэрэгслийг хадгалах, эзэмших, хангахтай холбоотой зааврыг улсын хил хамгаалах байгууллагын дарга батална.

 

42 дугаар зүйл.Нэг бүрийн тусгай хэрэгсэл

 

42.1.Нэг бүрийн тусгай хэрэгсэлд дараахь хэрэгсэл хамаарна:

 

42.1.1.гав;

42.1.2.хүлэг, ороох цамц, хөдөлгөөн хязгаарлах бусад хэрэгсэл;

42.1.3.бороохой;

42.1.4.цахилгаан гүйдлээр цохигч;

42.1.5.нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр;

 

42.1.6.резинэн ба хуванцар сумтай буу;

42.1.7.бусад.

 

43 дугаар зүйл.Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх

 

43.1.Хилчин нэг бүрийн тусгай хэрэгслийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:

 

            43.1.1.өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болох аюулыг таслан зогсоох;

 

43.1.2.хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлийг таслан зогсоох, зөрчил гаргасан этгээдийг саатуулах, баривчлах;

 

43.1.3.зэвсэглэсэн болон зэвсэг хэрэглэн эсэргүүцэж болзошгүй хүнийг баривчлах;

 

43.1.4.баривчлагдсан, саатуулагдсан хүнийг хуяглан хүргэх;

43.1.5.хяналтад байгаа хүн амиа хорлох, өөрийн бие махбодид гэмтэл учруулах, оргон зайлахаас урьдчилан сэргийлэх зорилгоор;

 

43.1.6.сэтгэцийн эмгэг, сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас өөрийгөө удирдах чадваргүй, түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, эсхүл догшин, хэрцгий авирлаж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаар бол;

 

43.1.7.тээврийн хэрэгслийг зогсоох эрх бүхий албан тушаалтны  шаардлагыг үл биелүүлэн зугтаасан;

 

43.1.8.энэ хуульд галт зэвсэг хэрэглэхээр заасан тохиолдолд.

 

            43.2.Хилчин доор дурдсанаас бусад тохиолдолд хүүхэд, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, бэртэл гэмтэлтэй болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүнд нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэхийг хориглоно:

 

43.2.1.хилчин болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар зэвсэглэн, эсхүл бүлэглэн довтолсон;

 

43.2.2.галт зэвсэг, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох зүйлээр зэвсэглэсэн хүн зэвсгээ хураалгах шаардлагыг үл биелүүлсэн, эсэргүүцсэн;

 

43.2.3.амиа хорлож болзошгүй бол.

 

            43.3.Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх шийдвэрийг хилчин тухайн нөхцөл байдалд тохируулан бие даан гаргана.

 

44 дүгээр зүйл.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл

 

44.1.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэлд дараахь хэрэгсэл хамаарна:

 

44.1.1.олон хүнд нөлөөлөх нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч;

44.1.2.усан хөөрөг;

44.1.3.утаан хөшиг үүсгэгч;

44.1.4.бусад.

 

45 дугаар зүйл.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх

 

45.1.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх тухай шийдвэрийг улсын хил хамгаалах байгууллагын дарга, түүний эрх олгосноор тухайн ажиллагааг удирдаж байгаа албан тушаалтан гаргана.

 

            45.2.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:

 

45.2.1.хилчин болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар бүлэглэн довтолсон, эсэргүүцсэн;

 

45.2.2.улсын хил хамгаалах байгууллагын хамгаалалтад байгаа обьектод бүлэглэн халдсан, халдахыг завдсан;

 

45.2.3.хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох гэмт хэргийг бүлэглэн үйлдэж байгааг таслан зогсоох, баривчлах;

 

45.2.4.галт зэвсэг, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох бусад зүйлээр зэвсэглэсэн бүлэг зэвсгээ хураалгах шаардлагыг үл биелүүлэн эсэргүүцсэн;

 

45.2.5.хилийн болон хил орчмын дэглэмийг бүлэглэн зөрчиж байгаа, эсхүл хилийн боомтод үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, хүч хэрэглэсэн жагсаал, цуглааныг албадан тараах үед.

 

     45.3.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг хэрэглэхийн өмнө дараахь арга хэмжээг авна:

 

45.3.1.тусгай хэрэгсэл хэрэглэх тухай анхааруулах;

45.3.2.тусгай хэрэгслийн үйлчлэх нөлөөллийн талаар мэдээлэх.

 

45.4.Энэ хуулийн 45.3-т заасан анхааруулга, мэдээллийг тусгай хэрэгслийн нөлөөлөлд өртөж болох хүмүүсийн дийлэнх хэсэгт хүргэх боломжтой бүх арга хэрэгслийг ашиглан  зохион байгуулна.

 

45.5.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг энэ хуулийн 45.3.1-д заасны дагуу анхааруулснаас хойш заасан хугацаанд үйлдлээ зогсоогоогүй, шаардлагыг биелүүлээгүй, эсхүл хүний амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэл бүхий нөхцөл байдал үүссэн бол шууд  хэрэглэнэ.

 

45.6.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэсний дараа ажиллагааг явуулсан байгууллага нь холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран доор дурдсан арга хэмжээг авна:

 

45.6.1.хордсон хүн, амьтан, тэсэрч дэлбэрэх, химийн болон аюултай хорт бодис алдагдах, гал түймэр гарах эх үүсвэр байгаа эсэхийг шалгаж, аюулгүй болгох;

 

45.6.2.эмнэлгийн анхны туслалцаа үзүүлэх, шаардлагатай бусад үйлчилгээнд хамруулах;

 

45.6.3.орчныг ариутгах, цэвэршүүлэх арга хэмжээ авах талаар холбогдох байгууллагад мэдэгдэх;

 

45.6.4.тусгай хэрэгслийн үйлчлэл дуусах, эсхүл үүссэн аюултай нөхцөл байдал арилах хүртэл тухайн орчинд эргүүл, хамгаалалт гаргаж, зөвлөгөө, сануулга өгөх.

 

46 дугаар зүйл.Тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл

 

46.1.Хилчин тээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгслийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:

 

46.1.1.өөрийнх нь, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болох бодит аюулыг таслан зогсоох шаардлага тулгарсан;

 

46.1.2.хил зөрчигч тээврийн хэрэгслийг өөрөө жолоодон зугтсан, эсхүл хил зөрчигчийг тээвэрлэн зугтсан;

 

46.1.3.тээврийн хэрэгслийг зогсоох талаар эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг үл биелүүлж зугтсан.

 

     46.2.Тээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгслийг зорчих хөдөлгөөн ихтэй газар, олон нийтэд аюул учруулах эрсдэл байгаа тохиолдолд хэрэглэхийг хориглоно.

    

     47 дугаар зүйл.Албаны нохой ашиглах

 

47.1.Хилчин хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах зорилгоор албаны нохой ашиглаж болно.

 

47.2.Албаны нохойг бэлтгэх, ашиглах, хамгаалах журмыг улсын хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

48 дугаар зүйл.Галт зэвсэг хэрэглэх үндэслэл

           

            48.1.Хилийн цэргийн анги, салбар, хилийн манаа нь урьдчилан анхааруулахгүйгээр дараахь тохиолдолд галт зэвсэг хэрэглэнэ:

 

48.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмөрсөн зэвсэгт халдлагыг няцаах;

48.1.2.улсын хил дээр үүссэн зэвсэгт өдөөн хатгалга, хорлон сүйтгэх ажиллагааг таслан зогсоох;

           

48.1.3.хил зөрчигчийн зэвсэгт эсэргүүцлийг таслан зогсоох;

48.1.4.хилийн зурвас, хилийн боомт, бүсэд хүн, тээврийн хэрэгслийг барьцаалсан болон террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны үед;

 

                        48.1.5.Улсын хил хамгаалах байгууллагын хамгаалалтад байгаа обьектод хүч хэрэглэн халдсан, халдахыг завдсан.

 

48.2.Хилийн манаа урьдчилан анхааруулга өгсөн боловч уг халдлага, довтолгоон үргэлжилбэл дараахь тохиолдолд галт зэвсэг хэрэглэнэ:

 

48.2.1.улсын хил дээр үүссэн өдөөн хатгалга, хил зөрчигчийн үйлдлийг өөр арга, хэрэгслээр зогсоох боломжгүй;

 

48.2.2.иргэний өмчийг зэвсэгт халдлагаас хамгаалах арга хэмжээ авсан боловч таслан зогсоогдохгүй;

 

48.2.3.хилчин, хүний амь нас, аюулгүй байдалд заналхийлсэн нь зэвсэг хэрэглэхгүйгээр зогсоох бололцоогүй.

 

48.3.Хилийн манаа нь зэрлэг амьтнаас өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор галт зэвсэг хэрэглэж болно.

 

48.4.Хилийн манаа ан агнах, хил давуулан буудахыг хориглоно.

 

48.5.Улсын хил хамгаалах байгууллага, хилийн манаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу галт зэвсэг, тусгай хэрэгсэл, албаны нохой, биеийн хүч хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй.

 

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

УЛСЫН ХИЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ТӨРИЙН

БОЛОН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН

ТУШААЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ

 

            49 дүгээр зүйл.Төрийн байгууллага, албан тушаалтны эрх, үүрэг

 

49.1.Улсын хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь эрх, үүрэгтэй:

 

49.1.1.улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр улсын хил хамгаалалтын нэгдмэл тогтолцоог боловсронгуй болгох, хилийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангуулах;

                       

                        49.1.2.улсын хил хамгаалах байгууллагын саналыг үндэслэн улсын хил хамгаалалтын дүрмийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, батлуулах;

 

49.1.3.улсын хил хамгаалах байгууллагын бүтэц, орон тоог батлах;

49.1.4.улсын хил хамгаалалттай холбогдолтой төсөл, хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг хангуулах.

 

            49.2.Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан улсын хилийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг холбогдох хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ.

 

49.3.Төрийн захиргааны бусад байгууллага, аж ахуйн нэгж нь Монгол Улсын хилийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэн, улсын хил хамгаалах байгууллагад дэмжлэг, туслалцаа үзүүлж, хил хамгаалалтад шаардагдах бүтээгдэхүүнээр тэргүүн ээлжид хангана.

           

50 дугаар зүйл.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн

Засаг даргын бүрэн эрх

 

50.1.Хилийн аймаг, сумын Засаг дарга дараахь бүрэн эрхтэй:

 

                        50.1.1.харьяалах нутаг дэвсгэрт нь байгаа улсын хил хамгаалах байгууллагын хангалт үйлчилгээнд туслалцаа үзүүлж, Монгол Улсын хилийн хууль тогтоомжийг иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага сахин биелүүлж байгаад хяналт тавих;

 

50.1.2.улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

                       

                        50.1.3.иргэнийг сайн дурын үндсэн дээр улсын хил хамгаалалтад татан оролцуулах;

                       

                        50.1.4.иргэдийг ажил, үйлдвэрлэл, нутаг дэвсгэрийн байрлалаар нь улсын хил хамгаалалтад туслах хүчин болгон зохион байгуулж, хил хамгаалалтад оролцуулах;

                       

                        50.1.5.хилийн аймаг, сумын төсөвт улсын хил хамгаалалтад зориулсан нэмэгдэл зардал тусгах.

 

50.2.Хилийн аймаг, сумын Засаг дарга нь энэ хуулийн 50.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор дэргэдээ улсын хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөл /цаашид “зөвлөл” гэх/ ажиллуулна.

 

50.3.Улсын хил хамгаалах байгууллага, хилийн аймаг, сумын улсын хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл нь хил хамгаалалтад идэвхтэй оролцсон туслах хүчний гишүүнд урамшуулал олгож, шагналд тодорхойлж болно.

 

50.4.Улсын хил хамгаалалтад иргэнийг оролцуулах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

 

ДОЛДУГААР БҮЛЭГ

УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТАД ТУСЛАХ ХҮЧНИЙ ОРОЛЦОО,

ИРГЭНИЙ ЭРХ, ҮҮРЭГ

 

51 дүгээр зүйл.Улсын хил хамгаалалтад туслах хүчнийг оролцуулах

 

            51.1.Улсын хил хамгаалалтад туслах хүчин нь улсын хил орчмын нутаг дэвсгэрт хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад оролцоно.

 

51.2.Улсын хил хамгаалалтад туслах хүчнийг хилийн аймаг, сум, багийн төв, хилийн боомт, хилийн цэргийн анги, салбар, суурин газар, төмөр замын өртөө, зөрлөг болон шаардлагатай бусад газарт улсын хил хамгаалах байгууллагын саналыг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжаар байгуулна.

 

            51.3.Хил орчмын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа, 18 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг улсын хил хамгаалалтад туслах хүчний гишүүнээр бүртгэхдээ түүний бичгээр гаргасан хүсэлт, улсын хил хамгаалах байгууллагын саналыг үндэслэн тухайн аймаг, сумын туслах хүчний зөвлөлөөр хэлэлцэж, Засаг даргын захирамжаар батална.

 

            52 дугаар зүйл.Улсын хил хамгаалалтад туслах хүчний удирдлага

 

            52.1.Улсын хил хамгаалалтад туслах хүчнийг хилийн аймаг, сумын Засаг дарга, түүний дэргэдэх зөвлөл, улсын хил хамгаалах байгууллага тус тусын бүрэн эрхийн хүрээнд удирдлагаар хангана.

 

            52.2.Зөвлөлийн дарга нь хилийн аймаг, сумын Засаг дарга, түүний орлогч дарга нь хилийн цэргийн ангийн дарга, нарийн бичгийн дарга нь хилийн аймаг, сумын Засаг даргын Тамгын газрын дарга байна.

 

52.3.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймаг, сумын Засаг даргын захирамжаар томилно.

 

53 дугаар зүйл.Зөвлөлийн үүрэг

 

            53.1.Зөвлөл нь дараахь үүргийг хүлээнэ:

 

53.1.1.нутаг дэвсгэртээ байгаа улсын хил хамгаалах байгууллагын саналыг үндэслэн хил хамгаалалтад туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах;

                       

                        53.1.2.улсын хил хамгаалах байгууллагатай хамтран туслах хүчнийг хил хамгаалалтад оролцуулах ажлыг зохион байгуулах;

                       

                        53.1.3.улсын хил хамгаалалтад төсөвлөсөн зардлын зарцуулалтад хяналт тавих;

                       

                        53.1.4.улсын хилийн зурвас, бүсэд улсын хил хамгаалах байгууллагын зохих зөвшөөрөлтэйгөөр ажил, үйлдвэрлэл эрхэлж байгаа туслах хүчний гишүүдийг оршин суугаа газраар нь хил хамгаалалтад оролцуулах ажлыг зохион байгуулах;

                       

                        53.1.5.улсын хилийн болон хил орчмын дэглэмийг санаатай буюу давтан зөрчсөн Монгол Улсын иргэнийг хуулийн байгууллагад шилжүүлэх саналыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

                       

                        53.1.6.улсын хил хамгаалалтад идэвх зүтгэлтэй ажилласан, хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлийг удаа дараа илрүүлсэн туслах хүчний гишүүнийг шагнаж урамшуулах, шагналд тодорхойлох, зөрчил гаргасан гишүүнийг туслах хүчний бүрэлдэхүүнээс хасах арга хэмжээ авах. 

 

54 дүгээр зүйл.Улсын хил хамгаалалтад туслах хүчний гишүүний үүрэг

 

54.1.Улсын хил хамгаалалтад туслах хүчний гишүүн дараахь үүрэгтэй:

 

54.1.1.хил орчмын нутаг дэвсгэрт байнга болон түр оршин суух, ажил үйлдвэрлэл явуулж байгаа байршлаараа улсын хил хамгаалалтад оролцох;

 

                        53.1.2.хяналт, ажиглалтаар илрүүлсэн хилийн зөрчлийн тухай улсын хил хамгаалах байгууллагад цаг тухайд нь мэдэгдэх;

                       

                        54.1.3.хилийн зурвас, боомт, бүсэд мөрдөх журмын биелэлтэд хяналт тавих;

                       

                        54.1.4.цагийн байдлын дагуу шуурхай ажиллахад бэлэн байх;

                        54.1.5.мал бэлчээрээр хил давахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, улсын хил хамгаалах байгууллагад мэдэгдэх.

 

           55 дугаар зүйл.Улсын хил хамгаалалтад туслах хүчний гишүүний эрх

 

            55.1.Улсын хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа туслах хүчний гишүүн дараахь эрхтэй:

 

                        55.1.1.хил зөрчигчийг саатуулж, нэн даруй мэдээлэх;

                        55.1.2.улсын хилийн зурвас, бүсэд зорчин явагчийн баримт бичгийг шалгах;

                       

                        55.1.3.улсын хилийн зурваст чөлөөтэй зорчих;

55.1.4.уналга, хүнсээр хангагдах;

55.1.5.улсын хил хамгаалалтад идэвхтэй оролцсоны шагнал, мөнгөн урамшуулал авах;

                       

                        55.1.6.улсын хил хамгаалалттай холбогдсон санал, хүсэлтээ улсын хил хамгаалах байгууллагын удирдлагад уламжлах.

 

            56 дугаар зүйл.Монгол Улсын иргэний үүрэг

           

            56.1.Монгол Улсын иргэн дараахь үүргийг хүлээнэ:

 

56.1.1.улсын хил хамгаалалтад туслах;                                   

56.1.2.улсын хилийн болон хил орчмын дэглэмийн шаардлагыг биелүүлэх;

                       

                        56.1.3.улсын хилийн зурвас, бүсэд байнга болон түр оршин суудаг бол ажил, үйлдвэрлэл явуулж байгаа байршлаараа улсын хил хамгаалалтад оролцох;

                       

                        56.1.4.улсын хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн үйлдлийн талаар улсын хил хамгаалах байгууллагад мэдээлэх.

 

НАЙМДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

 

            57 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

 

57.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд[6] заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

57.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

58 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

 

            58.1.Энэ хуулийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                М.ЭНХБОЛД     

 

 

 

[1] Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

[2] Усны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 2 дугаарт нийтлэгдсэн.

[3] Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2004 оны

  16 дугаарт нийтлэгдсэн.

[4] Цэргийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 36 дугаарт нийтлэгдсэн.

[5] Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016

  оны 36 дугаарт нийтлэгдсэн.

[6] Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн.