Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театрын шинэ байрны нээлт намрын сүүл сарын Шинийн 6-ны цагаан луу өдөр Төв аймгийн төв Зуунмод суманд боллоо.
Тус театр нь 800 хүний суудалтай, 7000 ам метр талбайтай, орон нутаг дахь хамгийн том театр болж байгаа бөгөөд улсын төсвийн 9.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилга угсралтын “Рендербау” ХХК барьж, гүйцэтгэсэн байна.
Төв аймагт анхны клуб байгуулагдсанаас хойш 75 жил өнгөрчээ. 1952 онд байгуулагдсан 350 хүний суудалтай Соёлын ордон 66 жилийн турш үйл ажиллагаа явуулаад ийнхүү орчин үеийн техник технологийн шийдэлтэй шинэ байртай болж байгаа юм.
Тус Соёлын ордон 1982 онд Хөгжимт драмын театр болж, “Дүнжингарав” театр, Театр, киноны хүрээлэн хэмээн нэрлэгдэж байгаад 2007 онд “Монгол туургатан” театр болжээ.
Төв аймаг, тус театрын тайзнаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Л.Цогзолмаа, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, “Зууны манлай” хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Төрийн шагналт, Ардын жүжигчин, “Зууны манлай” дуурийн дуучин Х.Уртнасан, Ардын жүжигчин З.Цэндээхүү, Д.Цэрэндулам, Ж.Данзан, О.Ганбаатар, Г.Мягмарнаран, А.Долгор, Монгол Улсын гавьяат жүжигчин, “Зууны манлай” эстрадын дуучин Б.Сарантуяа, Монгол Улсын гавьяат жүжигчин, М.И.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны тэргүүн байр, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэргүүн байр, Гран при шагнал, BBC Cardiff Singer of the World уралдааны тэргүүн шагнал хүртсэн, дэлхийн дуурийн шилдэг дуучин, Чингис хаан одонт Г.Ариунбаатар нарын зэрэг олон арван алдартан төрөн гарчээ.
Театрын нээлтэд Төв аймгаас төрөн гарсан урлаг, соёлын алдартнууд, төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын төлөөлөл, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын зэрэг хүмүүс оролцлоо.
УИХ-ын дарга М.Энхболд театрыг шинэ байртай болгох санаачилгыг гаргаж, бүтээн байгуулалтын ажилд эхнээс нь санаа тавьж, дэмжин тусалсан бол, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тус театрыг байгуулах хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгах асуудлыг анх хэрэгжүүлсэн ажээ.
УИХ-ын дарга М.Энхболд театрын шинэ байрны нээлтэд хэлсэн үгэндээ Төв аймгийн Соёлын ордны алтан тайзнаас Монголдоо алдаршсан олон авьяастан төрөн гараад зогсоогүй Монголоо дэлхийд дуурсгасан юм хэмээн онцлоод, монгол түмний үнэт өв соёлыг тээж, бүтээж, хөгжүүлэх эрхэм зорилгодоо их амжилт олж, Төв сайхан нутагт зөв сайн залуусыг өсгөн хүмүүжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөлөө.
Тэрбээр Төв аймгийн харьяат, бурханч лам, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвбатаар тусгайлан бүтээлгэсэн эгшиглэнт охин тэнгэр Янжинлхам бурхныг тус театрын дарга Д.Мөнхбатад гардуулан өглөө.
УИХ-ын дарга М.Энхболд энэ өдөр “Эх нутгийн иргэд” ТББ-аас Япон, Хонконгийн хүмүүнлэгийн багийнхантай хамтран хэрэгжүүлж байгаа “Гэр-2018” төслийн хүрээнд тус аймгийн зүүн бүсийн сумдын 24 иргэнд өргөө цагаан гэр бэлэглэлээ.
“Эх нутгийн иргэд” ТББ-ын тэргүүнээр УИХ-ын дарга М.Энхболд ажилладаг бөгөөд тус байгууллагын 10 жилийн ой энэ онд тохиож байгаа ажээ.
Тэрбээр мөн “Төв аймагт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд зочиллоо. Тус үзэсгэлэн худалдаанд Төв аймгийн нийт сумдын 180 гаруй иргэн, аж ахуйн нэгж, 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ дэлгэн тавьжээ. Энэхүү үзэсгэлэн худалдаа улсын нийслэл Улаанбаатар хотод 3 хоног ажиллаж, 170 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд аймагтаа 3 хоног ажиллаж, шилдэг бүтээгдэхүүн, үйлдвэрлэгчдээ тодруулах юм байна.