Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2018.10.08-12/

2018/10/15 10:41 537

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нарын санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болов. 2018.10.08 http://www.parliament.mn/n/hiky

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчийн хувиар мэдээлэл танилцуулав. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны зургаадугаар сарын 26-ний өдөр өргөн мэдүүлсэн Хэмжил зүйн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлболон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. 2018.10.09http://www.parliament.mn/n/73ky

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр, О.Батнасан, Л.Мөнхбаатар нараас 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжив. 2018.10.08  http://www.parliament.mn/n/77ky

Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо зохион байгуулагдаж байгаа Азийн Паралимпийн наадмын нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид Азийн Паралимпийн хорооны ерөнхийлөгч Мажид Рашидтай уулзав. http://www.parliament.mn/n/6fky

Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо болж буй “Евроази дахь эдийн засгийн хамтын ажиллагаа, байгаль орчин, тогтвортой хөгжил” сэдэвт Евразийн орнуудын парламентын спикерүүдийн III чуулга уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Г.Солтан нар оролцов. Чуулга уулзалтад нийт 37 орны 700 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсний дотор Евразийн бүс нутгийн 35 улсаас 32 парламентын дарга, дэд дарга оролцсон байна. 2018.10.09 http://www.parliament.mn/n/6iky

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Мөн хуралдаанаар Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан соёл, урлагийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах ажлын хэсгийн тайланг хэлэлцэв. 2018.10.10 http://www.parliament.mn/n/67ky

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж нар ОУПХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрийг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал дүгнэлтийн дагуу түр хороо байгуулахыг дэмжив. 2018.10.10 http://www.parliament.mn/n/63ky

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Автобензин, дизель түлшний үнэ, холбогдох бусад асуудлаар албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2018.10.10http://www.parliament.mn/n/9fky

УИХ-ын Цахим бодлогын түр хороо анхны хуралдаанаа хийж, Улсын Их Хурлын 2018 оны намар, 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын ерөнхий төлөвлөгөөгөө батлав. 2018.10.10http://www.parliament.mn/n/9jky

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөж, энэ талаарх санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов. Дараа нь Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэж орох тухай хуулийг соёрхон батлахыг дэмжив. Үргэлжлүүлэн “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. 2018.10.10 http://www.parliament.mn/n/9pky

 

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэн, хүлээн авах боломжгүй гэсэн гэж үзэв. Үргэлжлүүлэн  Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүнээс өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн тул хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ. 2018.10.11 http://parliament.mn/n/9iky

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав. Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав.   Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв. 2018.10.11 http://www.parliament.mn/n/93ky

 

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг соёрхон батлав. 2018.10.12 http://www.parliament.mn/n/ytko

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. 2018.10.12http://www.parliament.mn/n/yiko

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан асуулгын хариуг сонслоо. 2018.10.12 http://www.parliament.mn/n/bbko

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс