Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн (2018.10.11) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 10 минутад эхэлж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулийг дагаж Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт орж, тэтгэвэр тогтоолгоход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг 60 сард хуваан тооцохоор байсныг 2019 оноос 6 жил буюу 72, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор болсныг дурдав. Энэхүү өөрчлөлт нь тус салбарт ажиллаж байгаад цэргийн тэтгэврээ 2019 оноос тогтоолгож байгаа албан хаагчдад хохиролтой тусч байгаа гэлээ. Тухайлбал, энэхүү өөрчлөлтөөр тооцоход ахлагчийн тэтгэвэр нэг сард 30.704-33.512 төгрөгөөр, офицерын тэтгэвэр 48.787-70.081 төгрөгөөр, ахлах офицерын тэтгэвэр 12.834-35.831 төгрөгөөр тус тус буурахаар байгааг төсөл санаачлагчийн илтгэлд онцоллоо. Төрийн тусгай албанаас жилд дунджаар 250 орчим алба хаагч тэтгэвэрт гардаг байсан бол сүүлийн жилд энэ тоо 3 дахин нэмэгдэн 800 орчимд хүрээд байгаа бөгөөд үүнд 30 орчим тэрбум төгрөгийн зардал шаардлагатай талаарх тооцооллыг тэрбээр дурдсан юм.
Төслөөр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ”7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т “ гэснийг “ 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д” гэж, “7 хүртэл жил” гэснийг “5 хүртэл жил” гэж өөрчлөхөөр тусгажээ. Хуулийн төслийг боловсруулж, батлуулсанаар тэтгэврээ тогтоолгох цэргийн алба хаагчаас гадна тагнуул, цагдаа, авилгатай тэмцэх, шүүхийн шийдвэр, шүүхийн шинжилгээ, онцгой байдал зэрэг байгууллагын алба хаагчдийн эрх зүйн байдлыг сайжруулах ач холбогдолтой юм байна.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болохыг тус байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлэв. Танилцуулгуудтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Содбилэг, М.Билэгт, О.Баасанхүү, М.Билэгт, Д.Дамба-очир, Ц.Гарамжав нар асуулт асууж төсөл санаачлагчид болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Батлан хамгаалахын сайд нараас хариулт авсан юм.
Олон мянган төрийн тусгай албан хаагчийн нийгмийн баталгааг дордуулж буйгаас үүдэн цэргийн албан хаагчдын алба хаах сонирхол буурах үр дагавар үүсэхээс сэргийлэх зорилгоор төслийг санаачилсан гэлээ. Цэргийн албан хаагчийн өдөр тутмын бүхий л үйл ажиллагаа нь дүрэм, журмаар зохицуулагддаг, цагийн хязгааргүй хөдөлмөр, байнгын бэлэн байдалд сэтгэл зүйн хүнд нөхцөлд алба хаах, гадаадад энхийг дэмжих ажиллагаанд оролцон урт хугацаагаар үүрэг гүйцэтгэх болон амь нас, эрүүл мэндийн эрсдэлийн төвшин өндөр байдаг онлогийг дурдлаа. Үүрэг өгч, тодорхой эрхийг нь хязгаарлан, тушаалаар ажиллуулдаг цэргийн албан хаагчдынхаа нийгмийн халамжийн асуудлыг төр засаг хариуцах нь зүй ёсны хэрэг гэдгийг төсөл санаачилсан гишүүд хэлж байв. Харин Засгийн газрын зүгээс зөвхөн цэргийн албан хаагчдыг онцгойлон үзэж, тэдний эрх зүйн байдлыг тусгайлан өөрчилж байгаа гэдэг нь ташаа ойлголт гэж залруулан тайлбарлалаа. Тодруулбал, 2017 онд Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран “Өртгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхдээ гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх, Нийгмийн даатгалын сангийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн хэтийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах зорилгоор, мөн 2015 онд батлагдсан холбогдох бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд тэтгэвэр тогтоолгох насыг үе шаттайгаар нэмэгдүүлэн тооцох шийдвэр гаргасан байна. Өнөөдрийн байдлаар 1 нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид 4 тэтгэвэр, халамж авагч ногдож байгаа бөгөөд 2030 онд 7, цаашлаад 9 болох тооцоо судалгаа байгаа гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлав. Түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход сонгосон 5 жилийн цалингийн дунджаар тооцдог байсныг 2019 онд 6 жил, 2020 онд 7 жил болгохоор шийдвэрлэсэн. Энэ бол нийтлэг эрх ашгийг хангах зорилгоор бүх нийтийг хамруулан гаргасан Засгийн газрын шийдэл байсан бөгөөд УИХ хэлэлцэн шийдвэрлэснийг онцлоллоо.
Иргэд хамгийн бага хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаад тэтгэвэрт гарахаасаа 5 жилийн өмнөөс огцом өндөр шимтгэл төлдөг. Үүний үр дүнд өндөр тэтгэвэр авч, Нийгмийн даатгалын сан алдагдал хүлээгээд байгааг УИХ-ын зарим гишүүн хэлж байв. Харин цэргийн албан хаагчдад тэтгэврийн хэмжээгээ энэ мэтээр зохиомлоор өсгөх боломж байдаггүй, үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа цалин хөлснөөс өөр орлого олох боломжгүй байдаг талаар Ж.Энхбаяр гишүүн тайлбарласан. Амьдрах газраа төрөөр заалгаж, гэр бүлийнхээ хамтаар тушаалын дагуу амьдардаг, үндсэн эрхээ хязгаарлуулдаг цэргийн албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах үүргийг төр хүлээх үүрэгтэй гэв. Төслөөр ямар нэг нэмэлт зүйлийг шаардаагүй, харин одоо байгаа нөхцөл байдлыг бүү дордуулаач, хэвээр нь үргэлжлүүлээд өгөөч гэдэг асуудлыг л хөндөж байгааг тайлбарлаж байлаа. Сүүлийн жилүүдэд энэ салбарт дандаа хэмнэлтийн бодлого явуулсан, хангалт болон орон тоо дутуу байгаа гэдгийг тэрбээр дурдав. Засгийн газар болон УИХ нийтлэг үндэслэлээр бүх нийтэд хамааралтай шийдвэр гаргасан хэдий ч салбарын хувьд одоо байгаагаас илүү хэмнэлт хийх бололцоогүй гэдгийг холбогдох тооцооллоос харж болно гэдгийг төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тайлбарлав.
Засгийн газар цэргийн албан хаагчдын онцгой нөхцөл байдлыг тооцож холбогдох шийдвэрийг гаргадаг бөгөөд төрийн албан хаагч тэтгэвэрт гарахдаа 36 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж авдаг бол цэргийн албан хаагч цолны болон хээрийн нэмэгдэл зэргийг хамт тооцсон 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг байна. Түүнчлэн энгийн иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар тогтоодог бол цэргийн албан хаагчид 80 хувиар тогтоолгодог гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тайлбарласан. Түүнчлэн иргэдийг олон жил тогтвор суурьшилтай ажиллан, тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөх нөхцөлийг тогтворжуулан, бэхжүүлэх шаардлагын талаар тайлбар хийсэн юм. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн О.Батнасан, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү нар төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг уг төслийг Засгийн газар дэмжээгүй шалтгааны талаар мэдээлэл өглөө.
Ийнхүү Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг батлав
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийгхэлэлцэв. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав. Улаанбаатар хотын хүн амын өсөлтөөс хамааран үүсэж буй хог хаягдлын хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, ойрын ирээдүйд хогийн цэгүүд дүүрэх, даац хэтрэхээр байна. Мөн барилга, байгууламжийн нураалтын хог хаягдал зохицуулалтгүй хаягдаж, цаашид хуучны барилга байгууламжуудыг нураахад хатуу хог хаягдлыг дахин боловсруулж барилгын материал дахин үйлдвэрлэх, байгаль орчны бохирдлоос сэргийлэх шаардлага үүсээд байгаа аж. Иймээс энэхүү төслийн хүрээнд Евролын холбооны стандарт шаардлагыг хангах, хатуу хог хаягдлыг булшлах цэг (ландфил) болон барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж барихаар төлөвлөжээ. Мөн хатуу хог хаягдлын салбарт нэгдсэн тариф нэвтрүүлэх, барилга болон барилга нураалтын хог хаягдлын менежментийн зохицуулалтыг бий болгох ажлууд төслийн хүрээнд хийгдэнэ гэдгийг онцоллоо.
Төслийг хэрэгжүүлснээр хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйлчилгээг шинэчлэхийн зэрэгцээ хог хаях цэгүүдийн хүчин чадлыг дөрвөн сая тонноор нэмэгдүүлэх юм байна. Мөн Улаанбаатар хотод ялгарч буй хүлэмжийн хий (С02)-н хэмжээг бууруулж, 100 мянган тонн гаруй барилгын хог хаягдлыг олон улсын жишигт нийцүүлэн ангилж боловсруулан дахин ашиглах боломж бүрдэх юм байна. Төслийг хэрэгжүүлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, түүнчлэн 9.7 сая ам.долларын зээлийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газарт олгох юм байна. Мөн төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд ойролцоогоор 1.5 сая еврогийн техник туслалцааны санхүүжилт олгохоор төлөвлөж байгаа аж. Энэхүү зээл нь 15 жилийн хугацаатай, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 3 жил байх бөгөөд төслийн хүрээнд зээлийн санхүүжилтийн хамт олгож буй буцалтгүй тусламжийн санхүүжилтийг оруулан тооцоолоход зээлийн хөнгөлөлтийн түвшин (ОУВС-ийн тооцооллоор) 43.06 хувь байгаа нь нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байгаа аж.
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Батболд, Ж.Батзандан, О.Баасанхүү, Б.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж тодруулан, уг асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Тулгамдаад буй хог хаягдлыг цэгцлэх асуудлыг урт хугацаатай, хямд өртөг бүхий зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэх гэж байгаа нь оновчтой гэдгийг гишүүд хэлж байв. Засгийн газар, орон нутгийн удирдлага, нийслэл гээд бүх тал хамтран хог хаягдлын менежментийг бүхэлд нь харж мастер төлөвлөгөө гаргах шаардлагатай гэдэг саналыг мөн хэлсэн. Мөн зээлийн зарцуулалтын талаар тодруулан дэлгэрэнгүй мэдээлэл авав. Хувийн хэвшлийн үйл ажиллагаа явуулж буй ажил, үйлчилгээний салбарт төр оролцож байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж илэрхийлэв.
Ийнхүү гишүүд асуулт асууж, төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны саналаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь дэмжив.
Олон улсын конвенцыг соёрхон батлах тухай хуулийг батлав
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.
Арбитрын байнгын шүүх нь Нидерланд Улсын Гааг хотноо байрладаг олон улсын маргаан шийдвэрлэдэг Засгийн газар хоорондын байгууллага юм. Уг байгууллагыг 1899 онд Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай Гаагийн 1899 оны конвенцийн 20-29 дүгээр зүйлд заасны дагуу Гаагийн энх тайвны анхдугаар бага хурлаар байгуулсан бөгөөд уг конвенцид 1907 онд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Одоогоор 121 улс орон уг байгууллагад гишүүнээр элсээд байгаа аж.
Тус байгууллага нь гишүүн улс орон, Засгийн газар хоорондын олон улсын байгууллага болон хувийн аж ахуйн нэгжүүдийн хооронд олон улсын гэрээ хэлэлцээртэй холбоотойгоор үүссэн маргааныг түр арбитрыг байгуулах замаар хянан шийдвэрлэдэг байнгын үйл ажиллагаатай байгууллага юм. Ингэхдээ маргалдагч талууд хэн байхыг үл харгалзан түр болон хувийн арбитраас хямд өртгөөр маргааныг зохицуулах зорилготой бөгөөд тус байгууллагын олон улсын товчооны хуулийн ажилтнууд гишүүн улсдаа арбитрын ажиллагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх чиглэлээр зөвлөгөө өгч, мэдээллээр хангаж ажилладаг байна. Манай улс тус байгууллагын гишүүн улс болсноор тус арбитрын шүүхийн Санхүүгийн тусламжийн санд хамрагдах эрхтэй болох бөгөөд гишүүн болсон тохиолдолд жилд 1071 еврогийн төлбөр төлөх үүрэг хүлээх юм байна. Гишүүн орон нь олон улсын эрх зүйн мэдлэгтэй, арбитрчийн үүргийг гүйцэтгэх чадвартай, ёс зүйн өндөр нэр хүндтэй 4 хүртэлх хүнийг Шүүхийн гишүүнээр сонгуулах эрхтэй байдаг аж.
Арбитрын байнгын шүүхийн Олон улсын товчоо нь гишүүн улсуудтайгаа хамтран олон улсын арбитр болон маргаан шийдвэрлэх чиглэлээр төрийн албан хаагч, хуульч болон бусад мэргэжилтнүүдийг сургах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, тухайн орнуудад хөрөнгө оруулалтын орчин, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход туслалцаа дэмжлэг үзүүлдэг тул Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад худалдаа өргөжиж байгаа өнөө үед аливаа маргааныг хямд өртгөөр зохицуулах арбитрын байнгын шүүхийн гишүүнээр элсэх нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байгааг сайд илтгэлдээ дурдлаа.
Үргэлжлүүлэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа төслийн талаар зөвшилцөж, гишүүдийн олонх дээрх олон улсын гэрээнд нэгдэн орохыг зөвшөөрч, гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжсэн байна.
Төслийн танилцуулга, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Д.Тэрбишдагва нар асуулт асууж ажлын хэсгээс хариулт авлаа. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.2 хувь нь дэмжиснээр Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцыг соёрхон батлах тухай хууль батлагдлаа. Хуралдаанаар хуулийн эцсийн найруулгыг сонссон.
Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдав
Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав. Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.
Монгол Улс нь гадаад орнуудтай ялтан шилжүүлэх тухай бие даасан, хоёр талт 5 гэрээ, мөн ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан хоёр талт 4 гэрээ байгуулсан. БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгтой “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” гэрээ байгуулахаар ажиллаж байгааг танилцуулгадаа дурдав. Мөн энэ оны 5 дугаар сарын байдлаар Монгол улсын 12 иргэн Макаод ял эдэлж байгаа бөгөөд тэдгээр иргэдээс эх орондоо шилжин ирж үлдсэн ялаа эдлэх хүсэлтээ байнга ирүүлж байгаа. Энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор эрүүгийн хэргийн талаарх хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, ялтан шилжүүлэх ажиллагааг хурдан шуурхай хэрэгжүүлэх, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод ял эдэлж буй иргэд маань эх орондоо шилжин ирж ял эдлэх эрх зүйн орчин бүрдэх юм байна. Хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдийн олонх дэмжин, соёрхон батлах нь зүйтэй хэмээн үзжээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжлээ. Ийнхүү хууль батлагдсан тул нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн уг хуулийн эцсийн найруулгыг сонсов.
Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Төслийн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан нар асуулт асууж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас хариулт авлаа. Дээрх хуульд өмнө нь оруулсан малчны тэтгэвэр тогтоохтой холбоотой хуулийн хэрэгжилтийн талаарх асуултад сайд хариулахдаа, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг өөрчилж малчдын тэтгэвэрт гарах насыг 5 насаар урагшлуулсан. Хууль 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн ба үүнтэй холбоотойгоор иргэний малчнаар ажилласан жилийг үнэн зөв тогтоох шаардлага үүссэн байна. Иймд жилийн эцсээр малын “А” данс дээрээ малчин өрх хэмээн бүртгэгдсэн бол тухайн жилийг малчнаар ажилласан жилд оруулан тооцох чиглэлийг орон нутгуудад өгч, холбогдох журмуудыг баталсан гэв. Харин ихэнх сумдад мал тооллогын үеэрх “А” дансны архив байхгүй учраас бэрхшээл үүсч байгаа аж. Уг асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газар журам батлахаар ажиллаж байгааг сайд дуулгав. Суманд Засаг даргын орлогчоор ахлуулсан иргэдийн төлөөлөл бүхий орон тооны бус зөвлөл байгуулан ажиллуулж тухайн иргэнийг малчнаар ажиллаж байсныг эсэхийг тогтоох, батлах аж. 2018 оны 09 дүгээр сарын байдлаар 5000 гаруй иргэн дээрх хуулийн үйлчлэлд хамрагдан малчнаар ажилласан жилээ тооцуулж, эрт тэтгэвэрт гарсан байна. Сайн дурын үндсэн дээр малчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нэмэгдсэн эсэхийг тодруулахад “Одоогийн байдлаар нийт малчдын 20 хувь нь сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байна” гэв. 80 хувь нь төлөхгүй байгаагаас үүдэн малчдын нийгмийн халамжийн асуудал хүндрэлтэй хэвээр байгаа учир 1 удаа нөхөн төлөх эрх зүйн бололцоог бүрдүүлээд байгаа аж.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариу тайлбар мэдээлэл авсан юм. Иймд зарчмын зөрүүтэй саналын 1 томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.
Нийт 8 бүлэг бүхий хуулийн төслийн зорилго нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчим,үндсэн чиглэл, зохион байгуулалт, уул ажил дахь төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог тодорхойлох замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох гэдгийг тэрбээр танилцуулгадаа дурдав. Төсөлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үндсэн чиглэл, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хамрах хүрээ болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг улсын болон тодорхой засаг захиргааны нэгжийн хэмжээнд уялдуулан зохицуулах талаархи зохицуулалтыг төсөд тусгасан байна. Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаархи Засгийн газар, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, нутгийн захиргааны байгууллагууд болон бусад төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээд, хэвлэл, мэдээллийн оролцооны талаарх зохицуулалтыг тусгажээ. Уг үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, ял эдэлсэн этгээдийг хянах асуудлыг, энэ төрлийн үйл ажиллагааны санхүүжилтийн талаар болон хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар төсөлд тусгасан болох С.Бямбацогт гишүүн танилцууллаа. Төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа. Хэлэлцүүлэгт оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва, Д.Лүндээжанцан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт тайлбар авлаа. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол зөвхөн цагдаа, хууль хүчний байгууллагын ажил биш гэдгийг хэлж байв. Асуудлыг бүхэлд нь харж, суурь шалтгааныг нь шийдвэрлэхэд анхаарах шаардлагатай гэдэг саналыг хэлж байв. Нийгмийн харилцаа нь бүх салбарын уялдаа, харилцан хамаарал дээр тогтдог учир нэн тэргүүн гэр бүлийн орчинд, хувь хүний хүмүүжил төлөвшилд анхаарах нь чухал. Ажил эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг гарц мөн. Үүний зэрэгцээ боловсролын байгууллагууд энэ ажилд ихээхэн үүрэгтэйгээр манлайлан оролцох, цаашлаад бүх нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх замаар гэмт хэргийн гаралтыг бууруулж байсан гадны улсуудын туршлагыг анхаарч үзэх нь зүйтэй гэдгийг хэлж байв. Д.Лүндээжанцан гишүүний хувьд төслийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ тун нухацтай судалж, зарим зүйл заалттай холбоотой саналуудаа ажлын хэсэгт бичгээр хүргүүлэх саналтай байгаа гэлээ.
Ийнхүү төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг дэмжих санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.7 хувь нь дэмжив. Иймд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.