М.Энхболд: Монгол түмэнд эв нэгдэл эрхэм чухал (УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг)

2018/06/29 17:40 7928

/УЛСЫН ИХ ХУРЛЫН 2018 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ  ЧУУЛГАНЫГ ХААЖ, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ/

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,       

УИХ-ын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу өнөөдөр өндөрлөж байна.

.

Нэгдсэн чуулганы 27 удаагийн хуралдааны ирц дунджаар 83,0 хувьтай байж, бие даасан хууль 17, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 67, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 2, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 5, УИХ-ын тогтоол 51-ийг баталлаа.

Энэ удаагийн чуулганы нэг онцлог нь гишүүдийн ирц сайжирсан явдал юм. Үүргээ ухамсарлаж, хариуцлагыг эрхэмлэж ажилласан Та бүхэнд талархал илэрхийлье.

Зөвхөн ирц оролцоо төдийгүй, батлан гаргасан хууль тогтоомж, Ажлын хэсэг, хуулийн төсөл болон бусад сэдвийн хэлэлцүүлэг зэрэг тоон үзүүлэлтээр энэ парламент өмнөх Их хурлуудаас илүү бүтээлч байгаа нь Та бүхний зүтгэл, чармайлттай шууд холбоотой гэдгийг тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.

УИХ-ын үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл болсон хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх талаар манай парламент томоохон ахиц өөрчлөлт гаргаж байгааг бас хэлэх хэрэгтэй.

Зөвхөн 2018 оны хаврын  чуулганы хугацаанд 15 ажлын хэсэгт давхардсан тоогоор 101 гишүүн оролцож, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хэрэгжилтийг хянан шалгах ажил зохион байгуулжээ. 

УИХ-ын гишүүд чуулганы хугацаанд Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн орон сууцны корпораци, Баянхонгор, Дархан-Уул аймгийн мэргэжлийн боловсролын байгууллагууд, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюу толгой” ХХК зэрэг 21 байгууллагад хууль тогтоомжийн хэрэгжилттэй биечлэн танилцжээ.

Өнөөдөр бид Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа. 

Бүтэн арван жил ярьж, талцаж маргаж, улстөржилтийн нэг сэдэв болсоор ирсэн энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл бүрэн утгаараа хэрэгжих боломж бүрдлээ.

Түүнийг дагасан авто зам, төмөр зам зэрэг дэд бүтцийн болон бусад төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх арга замыг УИХ энэ шийдвэрээрээ тодорхойлсон.

Тавантолгой бол дэлхийн хэмжээний орд. Дэлхийд гайхагдах энэ баялаг Монголынх. Монголын баялаг Монголынхоо хөгжил дэвшил, монгол түмнийхээ сайн сайхан амьдралыг тэтгэх эх булаг болох ёстой.

Тиймээс орд тойрсон элдэв иш мухаргүй яриа, хоосон улстөржилтөө цэглэж, туршлага сургамжаа санаж, шилдэг менежментэд суурилсан, өндөр үр ашигтай бүтэц бүрдүүлэхийн төлөө хугацаа алдалгүй, эрчтэй, далайцтай ажиллахыг Засгийн газарт даалгаж байна.  

Төсөл амжилттай хэрэгжсэнээр ирэх онуудад эдийн засаг 10-аас дээш хувь өсөж, экспортын орлого 2.8 тэрбум ам.доллараар нэмэгдэж, улсын төсөвт жил бүр 400 саяас 1.1 тэрбум ам.долларын орлого төвлөрч, шууд болон шууд бусаар 5800 орчим ажлын байр бий болно гэж тооцож байна.

Эрхэм гишүүд ээ,

Ёс зүйг эрхэмлэх, хариуцлагыг бэхжүүлэх асуудал нийт улс даяар нэн чухал байгаа. Энэ чиглэлээр хууль тогтоох дээд байгууллага УИХ үлгэр дуурайл үзүүлж ажиллана гэдгийг миний бие өмнө нь ч хэлж байсан.       

Тиймээс ирц бүртгэх, үг хэлэх, санал өгөхөд хурууны хээний өгөгдөл ашиглах, гишүүн нэгдсэн хуралдаанд шалтгаангүйгээр оролцоогүй бол цалинг хасах, хуралдаанд оролцсон ирцийг нь сар бүр олон нийтэд мэдээлж байх зэргээр сахилга, хариуцлагыг чангатгасан хуулийн өөрчлөлтийг хэлэлцэн баталлаа.

Гишүүд нь хуралдаа суухаа байгаад арга ядсандаа ийм өөрчлөлтүүд хийгээгүй юм. Хуралдаан таслах явдал өмнөх парламенттай харьцуулахад бараг 10 дахин багассан.

Ард түмний элч, төлөөлөл болсон УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх замаар Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон парламентын засаглалын дархлааг нэмэгдүүлэхэд дээрх хуулиуд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм.

2019 онд эдийн засгийн өсөлтийг 8.0 хувьд хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 8 их наяд 888.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээ 10 их наяд 993.8 тэрбум төгрөг, төсвийн алдагдал 2 их наяд 105.8 тэрбум төгрөг байхаар баталлаа.

Эдгээр үзүүлэлтийг 2016 онтой харьцуулахад эдийн засаг 6.8 пунктээр өсч, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3.5 их наяд төгрөгөөр буюу 3.5 пунктээр нэмэгдэж, төсвийн зарлага 8.4 пунктээр буурахаар байна.

Түүнчлэн 2016 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 88.0 хувьтай тэнцэж байсан Засгийн газрын өрийг 2019 онд 32.7 пунктээр бууруулж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 55.3 байхаар баталсан.

2019 онд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт 60 хувьд хүрч, Тавантолгойн ордын ашиглалт өргөжинө.

Газрын тос боловсруулах, нүүрс угаах, гүн боловсруулах болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрүүдийг барьж эхэлнэ.

Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өргөтгөх томоохон төслүүд хэрэгжинэ.

Ийнхүү уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд урагшилснаар Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, өсөх төдийгүй, төсвийн орлого нэмэгдэж, өр, зээлийн дарамт багасах юм.  

УИХ Монгол-Орос-Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд БНХАУ, ОХУ-тай байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх хэлэлцээрийг соёрхон баталлаа.

Монголын тээвэрчид гуравдагч улс руу авто тээвэр гүйцэтгэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээврийн шинэ гарцыг нээж, худалдаа, тээвэр, татвар, даатгалыг харилцан хөнгөвчлөхөөр боллоо.

Бид дэлхий хэмээх нэгэн бүлийн бүрэн эрхт гишүүн нь. Бүс нутгийнхаа нэг хэсэг нь.

Дэлхийн эдийн засагт чухал нөлөөтэй хоёр их хөрштэй айлсан суудаг. Өөрийн боломжийг алдаж, бусдын замд тээглэж сууж болохгүйг олон улсын харилцааны шинэ хандлага бидэнд сануулж байна.

Тиймээс дэлхий рүү гарах, гарц нь аль болох олон байх, хөрш болон бусад орнуудтай харилцах хамтын ажиллагаанаас ахиу өгөөж хүртэхийн төлөө санаж бодох зүйл их байна.

Эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд өрх, иргэнд хүргэх, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан зарим асуудлыг энэ онд болон ирэх жилүүдэд шийдвэрлэх боломж бүрдэж байна.

Хаврын чуулганаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг 80 хувьд хүргэж, 912 мянга орчим хүүхдэд 205.2 тэрбум төгрөг олгох шийдвэр гаргасан.

Цаашид хамрах хүрээг үе шаттай нэмэгдүүлж, шаардлагатай хэсэгт бүрэн олгох шийдвэр гаргах боломжтой гэж үзэж байна.

Энэ оны дөрөвдүгээр улиралд төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэхээр тооцож байна. 2019 онд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд 137.3 тэрбум төгрөг зарцуулна.

Ирэх онд 85 цэцэрлэг, 62 сургуулийг ашиглалтад оруулж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 85.0 хувьд хүргэнэ. Гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг 2 ээлжинд бүрэн шилжүүлнэ.

Энэ бол боловсролын салбарт гарч буй томоохон дэвшил мөн. Энэ өөрчлөлт өсвөр үеийнхний боловсрол эзэмших, хүмүүжин төлөвших, авьяасаа хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Хүчирхийллээс хүүхдүүдээ хамгаалах, аюулгүй орчинд сурч, бойжих нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр иргэд, байгууллагуудын хүчин чармайлтыг нэгтгэн зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, зөрчлийг нэн даруй арилгах, хариуцлага тооцох, шаардлагатай гэж үзвэл хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хойшлуулалгүй хийх шаардлагатай байгааг Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, бүх шатны байгууллага, ажил хариуцсан хүмүүс онцгой анхааралдаа авбал зохино.  

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгох шийдвэр гаргасан нь энэ салбарт үйлчилгээний соёл, чанарын өрсөлдөөн бий болгож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чанарын хувьсал болно гэж үзэж байгаа юм.

УИХ хойч үеийг сурган хүмүүжүүлэгч, оюуны соёл, мэдлэгийг өвлүүлэгч багш нарын хөгжлийг дэмжих хууль баталлаа.

Энэ хуулиар багшийн мэдлэг, боловсрол, ёс зүй, нийгмийн баталгаа, мэргэжлийн ур чадвар, үнэлэмж, багш мэргэжлээр суралцагчдыг дэмжих тогтолцоог бүрдүүлсэн.

Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд ЕБС, цэцэрлэг, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын нийт хувьсах зардлын 2 хүртэл хувийг буюу 11.6 тэрбум орчим төгрөг зарцуулдаг болно.

Багш нарт ажилласан жилээр нь бус ажлын амжилт, эцэг эх, хамт олны санал, сэтгэл ханамжид тулгуурлан мэргэжлийн зэргийг нэмэгдүүлнэ.

.

Монголын бурхны шашны судрын хамгийн эхэнд “Багш дор мөргөмү” хэмээдэг билээ. Багшаа дээдэлсэн нийгэм л илүү саруул, зөв тогтолцоотой, хөгжил дэвшил нь тогтвортой, иргэндээ ээлтэй байдгийг дэлхийн улс орнуудын туршлага бэлхнээ харуулсаар байна.

Хаврын чуулганаар Цахим бодлогын түр хороог 26 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Энэ хороо төрийн ажил, үйлчилгээг ил тод, хүнд сурталгүй, шуурхай болгох, мэдээлэл технологийн хөгжил, дэвшлийг ашиглан хөгжлийн шинэ гарц нээх, олон улсын зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах боломжийг судлах, цахим бодлогын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиг үүрэгтэй ажиллана.

Түүнчлэн төрийн байгууллагын хүний нөөц, чадавхийг бэхжүүлэх, чиг үүрэг, эрх мэдлийг оновчтой хуваарилах ажлыг дэс дараатай, тодорхой үе шаттай хийж, төвлөрлийг сааруулах үйл явцыг дэмжих шийдвэрүүдийг УИХ гаргалаа.

Сум, дүүргийн Засаг дарга ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлдөг байх, дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг дүүргийн Засаг дарга нийслэлийн Боловсролын газрын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлдөг байхаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав.

Мөн ус цаг уур, орчны хяналт шинжилгээ, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн болон хүүхэд, гэр бүл, залуучуудын асуудал эрхэлсэн байгууллагын орон нутаг дахь удирдлага, зарим ажилтныг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлдөг байхаар хуулиудыг өөрчилсөн.

Ингэснээр орон нутгийн удирдлагын томилгоонд хөндлөнгөөс хутгалдан оролцдог, мэдлэг, чадвар, туршлагын шударга шалгуур биш, аль нам, хэн гэдэг албан тушаалтанд үйлчилсэн бэ гэдэг улс төрийн үнэлгээ голлох гээд байдаг ёс бус байдлыг халахад нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Төрийн өмчит хуулийн этгээдийн ашиглахгүй байгаа 28.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 68 хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг аймаг, нийслэлийн өмчид шилжүүлсэн. Энэ шийдвэр хөрөнгийн ашиглалтыг сайжруулж, төсвийн зардлыг хэмнэнэ.

Эрхэм гишүүд ээ,

         УИХ банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг банкны хувьцаа эзэмшигч, бусад хөрөнгө оруулагчаар тэргүүн ээлжинд хангуулах эрх зүйн шинэ орчин бүрдүүллээ.

Ингэснээр дампуурсан нэрээр харилцагчдаа хохироодог, улмаар татвар төлөгчдийн мөнгөөр төрд авдаг явдал үгүй болж, банкны салбарт эрүүл, зөв тогтолцоо бүрдэнэ. Харилцагч, хадгаламж эзэмшигчид учрах эрсдэл бас буурна.

         Төрийн байгууллагууд бараа, бүтээгдэхүүнийг ялгаатай бөгөөд өндөр үнээр худалдан авдаг, ижил төрлийн барилга, объектийн төсөвт өртгийн зөрүү их, барих явцад өртөг нь нэмэгдэж, төсвийн хөрөнгө үргүй зарцуулагддаг байдлыг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хязгаарлалаа.

Урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ холбогдох норм, норматив, батлагдсан стандарт, зураг төсвийг заавал үндэслэж байхаар боллоо.

Засгийн газар бүх салбарын зардлын норм, норматив, стандартыг шинэчлэх ажлыг богино хугацаанд зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг хангах ёстой.

    Улсын бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх,төрийн болон банк, санхүүгийн байгууллага, нотариат зэрэг хуулийн этгээд улсын бүртгэлийн мэдээллийн санд хандан мэдээлэл авах шинэ тогтолцоо бий боллоо.

Иргэд цахим үнэмлэхээрээ аль ч байгууллагаас чирэгдэлгүй, хурдан шуурхай үйлчилгээ авахэрх зүйн орчин бүрдлээ. Улсын бүртгэлийн байгууллага өөрт байгаа мэдээллийг нэмж шаарддагийг хязгаарлаж, ТҮЦ машин болон цахим хуудсаар бүх төрлийн лавлагаа, мэдээлэл авах зохицуулалтыг бий болгов. 

         Ийнхүү улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт, эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг УИХ энэ чуулганаар бүрэн шийдлээ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хугацааг 2028 он хүртэл, 10 жилээр сунгасан нь монгол хүн Монгол нутагтаа эзэн нь байх, газар өмчлөх, өмчилсөн газраа эдийн засгийн эргэлтэд оруулах, өгөөжийг нь хүртэхэд ач холбогдолтой шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймд нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга нар хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг анхааралдаа авах нь зүйтэй.

Эрхэм гишүүд ээ,

Энэ парламентын бүрэн эрх замынхаа хагасыг тууллаа. Эхний 4 чуулганы үйл ажиллагаа хямарсан эдийн засгаа өөд татах, буруудсаныг засаж залруулах шийдвэр гаргахад үндсэндээ чиглэсэн.

Үр дүн ч гарсан. Эдийн засаг төсөөлснөөс илүү дүнгээр сэргэлээ. Монголд итгэх гаднынхны итгэл нэмэгдлээ.

Хөрөнгө оруулалтын хэмжээ өслөө. Аргагүйн эрхэнд гаргасан амаргүй шийдвэрээ зөөллөх эхний боломжууд бүрдлээ.

Бүрэн эрхийн үлдэж буй хугацаанд Монгол Улсад засаглалын хяналт, тэнцлийг хангах, улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох, цэвэр өрсөлдөөнд суурилсан сонгуулийн тогтолцоог бүрдүүлэх суурь хуулиудад өөрчлөлт оруулах томоохон хэрнээ хариуцлагатай ажил биднийг хүлээж байна.

Үндэсний эв нэгдлийг хангах, авлигаас ангижрах, зөвхөн хууль засагладаг нийгмийг төлөвшүүлэх, шударга ёсыг бэхжүүлэхэд бид онцгой анхаарах ёстой.

Монгол түмэнд эв нэгдэл эрхэм чухал гэдэгтэй санал нийлэхгүй монгол хүн байхгүй биз ээ.

Гэвч эвдрэлцүүлэх, талцуулах, нэгийг нь нөгөөгөөр үзэн ядуулах зохион байгуулалттай технологи газар авч байгааг иргэд байнга сануулах боллоо.

Монгол үндэстний эрх ашигт онцгой хор хөнөөлтэй энэ мэт үйлдлээс ангид байх, иргэдээ хамгаалах, сэрэмжлүүлэх үүрэг хууль тогтоогч Та биднийх билээ. Монгол төрийн мөн чанар, ёс дэг, ноён нуруу парламентын энэ танхимаас л харагдаж байх учиртай.

Үг үйлдэл бүхнээ хянан нягталж, төв голчийг баримтлан, бие ухаанаа тэгшлэн засамжилж явах нь бидний нэр төрийн хэрэг төдийгүй хүндэт үүрэг юм. УИХ-ын гишүүний эрхэм хүндэт алба бол шагнал биш.

Харин шалгуур сорилт юм шүү гэдгийг сануулж хэлэхийг хүсэж байна.

Энэ дашрамд УИХ-ын 19 гишүүний гарын үсэг зурсан “Нээлттэй сонсгол” явуулах албан бичгийг хуулийн дагуу Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснийг мэдэгдье.

Чуулган завсарласан ч Байнгын хорооны үйл ажиллагаа тасалдахгүй. Хуулийнхаа дагуу шийдвэрлэж нэг мөр хариу өгөхийг Байнгын хороо, түүний гишүүдэд даалгаж байна.

Эрхэм гишүүд ээ,           

Чуулган завсарлах нь иргэд, сонгогчидтойгоо идэвхтэй хамтран ажиллах боломж юм. Энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглаарай.

“Төрийн ухаан түмэн олонд буй” гэдэг үгийн үнэ цэнийг санаж, УИХ-ын үйл ажиллагаа, баталсан хууль, шийдвэрээ ард түмэндээ танилцуулж, санал бодлыг нь сайтар сонсохыг Та бүхэндээ захиж байна.

         Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдье.