Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг мэдээлэл хийлээ

2018/06/26 15:45 714
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар энэ оны гуравдугаар сарын 23-нд байгуулагдсан “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр /2018.06.26/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 
 
Ажлын хэсэг 13 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд таван дэд ажлын хэсэгт хуваагдаж, тус бүрийг нь таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нар ахлан ажиллаж байгааг онцлов. 
 
Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва бид энэ сарын 23-ныг хүртэл хугацаанд ажиллаж, нийтдээ 1500 гаруй хуудас, танилцуулга, судалгааны материал цуглууллаа. Эдгээр материалыг судалж нэгдсэн танилцуулга, санал дүгнэлт гаргаж, ойрын үед УИХ-д танилцуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Авлигатай тэмцэх газар, Аудитын байгууллага, Засгийн газар гэсэн гурван байгууллагын шалгалт хараахан дуусаагүй учраас эдгээр байгууллагын шалгалтын дүнг хүлээж байна гэлээ. 
 
 
Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, А.Ундраа нар байлцаж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв. 
 
Оюутолгойн ажилчдын нөхцөл байдлын тухай асуултад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хариулахдаа “Монгол ажилчид 10 жилийн турш гэр кемпэд ажиллалаа. Энэ байдлыг болиулах шаардлага тавьсан. Ер нь Оюутолгойд 14 мянган хүн ажиллаж байгаа гэсэн хэрнээ үндсэн ажилтан, гэрээт ажилтан гэдэг нь тодорхойгүй, гэрээнээсээ шалтгаалаад цалин хөлс нь нэлээд их зөрүүтэй байна. Энэ тухай мэдээлэл нь нууцлалын зэрэгтэй байдаг учраас мэдээлэл олж авч чадаагүй. Ажлын хэсгийн ахлагч энэ талаарх мэдээллийг ажлын хэсэгт өгөх шаардлагатай гэдгийг хэлсэн байгаа” гэлээ.
 
Мөн Оюутолгойд цахилгаан станц барьж, өмнөд бүсийг эрчим хүчээр хангах ажил өнөөдрийг хүртэл ахицгүй байгааг анхаарсан эсэхийг тодруулахад, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Бид энэ асуудлаар шинэ удирдлагатай ярилцсан. Дэлхийн хамгийн том нүүрсний орд нь өмнийн говийн нутагт нь байна. Цахилгааны хамгийн чухал хэрэглэгч нь Оюутолгой байна. Ийм байхад та нар яагаад цахилгаан станцаа барихгүй байгаа юм бэ гэхэд бид барих сонирхолтой байгаа,  хөрөнгөө босгосон. Харин хаана барих вэ гэдгээ Засгийн газар яаралтай шийдэх хэрэгтэй байна. Өндөр үнэтэй эрчим хүч гаднаас аваад баймааргүй байна гэсэн” гэв. 
 
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ, өмнө нь гурван сайдын хамтарсан ажлын хэсгийн шалгалтаар алдагдал, зардлын хэтрэлт, зөрчил дутагдлын хэмжээ 2 тэрбум орчим ам.долларын хэмжээнд хүрснийг мэдээлж байсан. Өнөөдөр ч гэсэн дахиад шалгаад үзэхэд зөрчил дутагдал илэрч байна.