“Мал аж ахуйн тогтвортой хөгжил" малчдын улсын зөвлөгөөнд мэндчилгээ дэвшүүллээ

2018/05/17 10:23 4625

Дэлгэр Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист ажиллаж, амьдран суугаа нийт малчин түмнээ төлөөлөн хүрэлцэн ирж Төрийн ордондоо хуран чуулж байгаа Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, буянт мал сүрэг тань өсөж, ашиг шим нь арвижин, амьдрал ахуй нь үргэлж дэвжин дээшилж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

“Мал дагавал ам тосдоно” гэсэн ардын сайхан үг бий. Энэ бол жилийн дөрвөн улиралд, цаг, наргүй буянт малынхаа төлөө бие сэтгэлээ чилээж, уйгагүй хөдөлмөрлөж мал сүргийнхээ үр шимийг хүртэж сайхан амьдарна гэдгийг бэлгэшээж хэлсэн гэж бодож байна.

Ашигт малтмалын нөөц ашиглах явцдаа үргэлж дундарч, үгүй болж байдаг бол Монгол түмний мянга, мянган жил маллаж, адгуулсаар ирсэн малын буян нь  байнга үржин арвижиж, өсөн нэмэгдэж Та биднийг цаг ямагт тэжээж, тэтгэж  ирсэн, цаашид ч Та бидний “ам тосдох” шавхагдашгүй нөөц юм.  

Монгол Улсыг, ялангуяа манай орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хүнс, хөдөө аж ахуйн салбар, тэр дотроос мал аж ахуйн үйлдвэрлэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тийм учраас Монгол Улсынхаа малчин түмний амьдрал ахуйг сайжруулах, эрдэнэт мал сүргийнхээ чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх бодлого нь Улсын Их Хурлын анхаарлын төвд байнга байсаар ирсэн, цаашид ч байх болно.

Бид 2008-2012 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд малчид, мал руу чиглэсэн бодлогын томоохон баримт бичиг болох “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг батлан гаргаж хөдөөд орхигдоод байсан мэргэжлийн ажил үйлчилгээг эзэнжүүлж, цаг наргүй ажилладаг малчин хүний хөдөлмөрийг мэргэжлийн түвшинд хүргэж, малчин өрхийг үндэсний жижиг, дунд үйлдвэрлэгчийн хэмжээнд баталгаажуулан, хөдөөд үнэгүйдэж хаягдахад хүрээд байсан ноос, арьс ширэнд төрөөс урамшуулал өгснөөр үнэ цэн нь нэмэгдэж, үндэсний үйлдвэрлэл сэргэж, малчин түмний амьдралд мэдэгдэхүйц ач холбогдлоо өгснийг бид бүхэн мэдэж байгаа.

Энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд мал аж ахуйн хууль, эрх зүйн орчныг олон улсын шаардлага, нийгмийн болоод, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн өөрчилсөн олон чухал хуулиудыг шинээр батлах, өөрчлөн боловсронгуй болгох зорилттой ажиллаж байна. 

Тухайлбал УИХ-аас Монголын мал эмнэлгийн тогтолцоо, үйлчилгээний цар хүрээг хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгож малыг эрүүлжүүлснээр малын түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаад улс орнуудад экспортлох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлж Монгол малын үнэ цэнийг дэлхий дахинд гарган баталгаажуулахад чиглэгдсэн “Малын генетик нөөцийн тухай” хуулийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлан энэ оны 6 дугаар сарын 01-нээс эхлэн хэрэгжүүлж ажиллахаар бэлтгэл, зохион байгуулалтын ажлыг хийж байна. 

Хөдөөд тулгамдаж байгаа, шийдвэрлэвэл зохих нэг асуудал нь сүүлийн үед маш хурдацтай явагдаж байгаа бэлчээрийн доройтол, цөлжилт юм. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77,8 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн нь нүүдлийн мал аж ахуйн хөгжилд гол сорилт болж байна.

Нөгөө талаас хот суурин газар дагасан шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, малчдын залгамж, залуу халаа бэлтгэгдэхгүй, энэ чиглэлд бодлогын хүчтэй арга хэмжээ авагдахгүй байна.

Даяаршил, соёлын их өөрчлөлт дунд нүүдлийн мал аж ахуйг орчин үеийн технологийн өөрчлөлттэй уялдуулан хөгжүүлэн авч үлдэх нь чухлаар тавигдаж байна.

Мал маллах ажиллагааны бичигдээгүй их арга ухаан, өнөөгийн шилдэг малчдын туршлагыг хойч үедээ өвлүүлэн залуу малчдыг бэлтгэхэд онцгойлон анхаарах, нөгөө талаас орчин үеийн технологийн хөгжлийг ашиглах замаар мал аж ахуйгаа бизнес болгон хөгжүүлэх, малаа эрүүл, ашигтай байхаар өсгөж үржүүлэхэд нь тусалж, мэдлэг, туршлага бий болгох зайлшгүй хэрэгцээ шаардлага бий болоод байна.

Энэхүү хүндрэл бодит байдлыг арилгаж, ирээдүйн залуу малчдыг бэлтгэж, нүүдлийн мал аж ахуйн соёлыг хадгалан хөгжүүлэх зорилгоор миний бие “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх бодолтой байгаа болно.

Эрхэм хүндэт малчид аа,

Монгол Улсын Засгийн газраас санаачлан зохион байгуулж байгаа энэхүү зөвлөгөөн нь мал аж ахуйн салбарын өнөөгийн хөгжлийн түвшинд үнэлэлт өгч,  хүндрэл, бэрхшээл түүний учир шалтгааныг дүгнэн хэлэлцэж, салбарын хөгжлийг хурдасгахад төр засаг, орон нутгийн засаг захиргаа, мэргэжлийн байгууллага, мал аж ахуйн бүтээгдэхүүн ашиглаж үйлдвэрлэл эрхлэгчид болон малчин Та бүхний оролцоог идэвхжүүлсэн чухал үр дүнтэй арга хэмжээ болно гэдэгт миний бие бүрэн итгэлтэй байна.

Та бүхнээс гарсан үнэтэй үг, санал, зөвлөмжийг УИХ анхааран үзэж цаашдын батлан гаргах бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход тусган ажиллах болно.

Зөвлөгөөний ажилд амжилт хүсэж Монгол малын буян заяа байнга арвижин дэлгэрч, малчин Та бүгдийн ахуй амьдрал мөнхөд дэвжин дээшилж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.